”Аль-Кайда”-гийн арыг Бин Ладен найдвартай болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

”Аль-Кайда”-гийн арыг Бин Ладен найдвартай болгожээ

Осама Бин Ладены үхэлтэй  зэрэгцээд “Аль-Кайда” бүлэглэл задран унах нь
гэх мэдээлэл хүчээ авч байна. Хэн нэг тэрбумтан өвдсөн тухай мэдээлэл
тархангуут түүний компаний хувьцааны ханш унадагтай адил. Гэхдээ эзэн нь
компанийнхаа санхүүгийн ар талыг найдвартай болгож амжсан бол энэ
байдал удаан үргэлжлэхгүй. Хувьцааных нь ханш удахгүй сэргээд л ирнэ.
“Аль-Кайда” бүлэглэлийг яг ийм тавилан хүлээж байх шиг. Энэхүү террорист
бүлэглэлийн тэргүүн нь Осама Бин Ладен байсан. Тиймээс толгойлогчгүй
болсон тэд хаа холдох вэ гэж бодож болох ч бас хараахан тийм биш
бололтой. Ер нь “Аль-Кайда”-гийн санхүүгийн ар тал хэр  найдвартай юм
бол.

Палестины шейх Абдулла Йосеф Аззам, Осама Бин Ладен нар 1988 онд
Афганистанд “Аль-Кайда” бү­лэглэлийг анх байгуулжээ. Тэд ша­шин
нэгтнүүдээ жихад буюу буруу номтны эсрэг ариун дайн хийхэд уриалж байв.
“Аль-Кайда” нэлээд хэдэн салбартай бөгөөд үүнтэй зэрэгцээд Исламын
бүлэглэлүүдийг дэмжиж үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн юм. Бин Ладен
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын хариуцлагыг хүлээсний дараа
АНУ-ын эрх баригчдын зүгээс “Аль-Кайда”-д маш их дарамт шахалт үзүүлэх
болсон. Гэвч түүнээс үл хамааран хөрөнгийн эх үүсвэрээ улам найдвартай,
баталгаатай бол­гож чаджээ. Энэ нь “Аль-Кайда”-г сан­хүүгийн хувьд
зөвхөн Осама Бин Ладенаас хамаарахааргүй бол­госон явдал. “СNN”-ийн
мэдээлж буйгаар “Аль-Кайда” 1990 оноос хойш чинээлэг хөрөнгөтнүүд, зарим
хүмүүнлэгийн байгууллага, хууль бус наймаа болон хуулийн дагуу үйл
ажиллагаа явуулж буй хэд хэдэн компаниас санхүүжилт авах замаар хөл
дээрээ босчээ. Хөрөнгөтнүүд гэх ангилалд багтаж байгаа хүмүүс нь буруу
номтныг гэсгээн цээрлүүлбэл диваажинд очно гэдэгт итгэсэн жи­хадууд.
Харин хүмүүнлэгийн бай­гуул­лагуудын ту­хайд 1990-ээд оны эхэн үед
“Аль-Кайда”-гийн санхүүжилтийн 60 хувийг дан­гаараа бүрдүүлдэг байсан
тухай баримт цөөнгүй бий. Тэдний нэг болох Филиппинд төвтэй шашны
байгууллагын тэргүүнээр Осама Бин Ладены хүргэн ах Мохаммед Жамал Халиф
ажилладаг аж.

Харин хуулийн дагуу үйл ажил­лагаа явуулдаг хэрнээ “Аль-Кайда”-д
харъяалалтай компаниудын тухай баримт цөөхөн. Йеменд төвтэй нэгэн
компани Европ руу жимс экс­портолж байсан жишээ бий. “Аль-Кайда” мөн
хууль бус наймаа, хар тамхи, зэвсгийн худалдаа зэргээс маш их орлого
олдог. Түүнчлэн зээлийн картыг хуурамчаар үйлдэж, банкуудаас их
хэмжээний мөнгө авч байсан тохиолдол ч бий. Тухайлбал, 2003 онд Их
Британий Скотланд Ярдынхан алан хядах бүлэглэлийнхний оролцсон ийм нэгэн
хэргийг илрүүлж байжээ. Тухайн үед тэд долоо хоногт дор хаяж 10 мянган
фунт стерлингийн ашиг олдог байв.

“Аль-Кайда”-гийн хууль бус аргаар хөрөнгө босгосон жишээ зөвхөн үүгээр
дуусахгүй. Осама Бин Ладен ЗХУ-ын цэргүүд Афганистан руу нэвтрэн орох
гэж байгааг эсэргүүцэхийн тулд америкчуудын дэмжлэгийг авч байсан нь
бий. Тухайн үед “Аль-Кайда”-г АНУ-ын эрх баригчид санхүүжүүлж байсан
гэдгийг цөөнгүй шинжээч нотолдог. Гэвч хожим нь америк цэргүүдийг улс
орноосоо хөөн зайлуулахын тө­лөө бүх хүчээ дайчлах болсон Осама Бин
Ладен өөрөө Суданд байр­лаж, тэнд банк, хөдөө аж ахуйн тө­сөл, том том
авто зам тавих зэрэгт хөрөнгө оруулж, арилжааны эзэнт улсаа байгуулахыг
зорьж байв. Түү­ний мэдэлд 4000 ажилтантай “Аль Хижра”, маш олон нэр
төрлийн бү­тээгдэхүүн экспортолдог “Таба Инвестмент” зэрэг олон компани
байжээ. Гэвч 1996 онд Осама Бин Ладен Суданаас хөөгдөн гарсныхаа дараа
тэнд байсан хөрөнгийнхөө ихэн­хийг алдсан бөгөөд “Аль-Кайда” бүлгийн
гишүүн байсан нэгэн хүний баталснаар энэ үед тус байгууллагын санхүүжилт
маш хүнд байдалд орсон аж. Афганистаны эрх баригчид өмнө нь Осама Бин
Ладенаас санхүүжилт авч байсан “тусаа” санаж, Суданаас ирснийх нь дараа
түүнд хар тамхины намуу цэцэг тариалдаг зүүн мужийг өгсөн байна. Энэ
үеэс Бин Ладен тэргүүтэй “Аль-Кайда” хар тамхины наймаанаас асар их
орлого олж эхэл­жээ. Хожим ЗХУ-ын нутаг дахь зэвсгийн агуулахаас 800
мянга ам.доллараар зэвсэг худалдан авсан зэргээс дүгнэлт хийвэл Осама
Бин Ладен хар тамхины наймаагаар нэг тэрбум орчим ам.долларын ашиг олсон
гэх таамаг бий. Мансууруулах бодис, хар тамхины наймаа өнөөдөр ч
“Аль-Кайда”-гийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг гол хүчин зүйл
хэвээр байгааг зарим шинжээч нотолдог.

Осама Бин Ладен АНУ-ын хэд хэдэн цэргийн бааз руу дайралт хийсний дараа
Саудын Арабын эрх баригчид түүнээс өөрсөд рүү нь халдахгүй байх амлалт
авч, хариуд нь “Аль-Кайда”-д 200 сая ам.долларын санхүүжилт өгч байжээ.
Энэ бол тус байгууллагын бусдыг сүрдүүлэх замаар мөнгө авсан жишээнийх
нь дөнгөж нэг хэсэг. Үүнээс болж Саудын Арабын Засгийн газар террорист
бүлэглэлийг санхүүжүүлдэг гэх мэдээлэл цөөнгүй тархаж байсан юм.
“Wikileaks” сайт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын дипломат
албадын нууц мэдээллийг дэлгэх үедээ энэ талаар онцолжээ. АНУ-ын Төрийн
департамент 2009 онд Саудын Араб “Аль-Кайда” тэргүүтэй зэвсэгт
бү­лэг­лэлийг санхүүжүүлж байгаа нь илэрсэн хэмээн гомдоллож байж. Ийм
байдал 2006 онд ч хэвээр байсан. Тухайн үед АНУ-ын Конгрес­сын хуралдаан
дээр Саудын Араб терроризмыг санхүүжүүлж байгаа тухай дурьдаж байсан
бол түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн ч санхүүжилтийн хэмжээ
нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Пакистаны хууль сахиулагчид 2009 онд
Саудын Арабын хүмүүнлэгийг байгууллага “Аль-Кайда”-д мөнгө өгдөг байсныг
хөдлөшгүй баримтаар нотолжээ. Саудын арабчууд Пакистаны Ерөнхий сайд
асан Беназир Бхуттогийн үх­лээс эхлээд тус улсад болсон амиа золиослох
хэд хэдэн үйлдлийг санхүүжүүлж, 15 сая ам.доллар өгсөн байна. Өнгөрсөн
оны тавдугаар сард Иракийн “Бурата Ньюс” агентлаг Саудын Арабын Засгийн
газар “Аль-Кайда”-д санхүүгийн тусламж үзүүлж, Ирак дахь зэвсгийн нөөц,
агуулахыг нь хамгаалдаг талаар дэлгэн харуулж байсан юм. Ямартай ч
Саудын Араб “Аль-Кайда”-гийн нэгэн том санхүүжүүлэгч гэдгийг нотлох
баримт хангалттай олон бий.

Түүнчлэн 2003 оноос хойш алан хядах бүлэглэлийнхэн европчуудыг
барьцаалах нь эрс ихэсч, хариуд нь олон сая ам.доллар шаардах болжээ. Их
Британийн Гадаад хэргийн сайд Уилъям Хаги үүнд НҮБ-ын Аюулгүйн
зөвлөлийг буруутгаж, “Аль-Кайда” тэргүүтэй бүлэглэлүүд хүн барьцаалах
замаар мөнгө босгож байгааг зогсоохын тулд өөдтэй зүйл хийхгүй байгааг
шүүмжилж байв.

Америкчууд Осама Бин Ла­деныг хороосон. Гэхдээ түүний жи­ха­дист
дагуулууд амьд хэвээр бай­гаа. Магадгүй тэд удирдагчийн үхлийн авахаар
бэлтгэж байж мэдэх юм. Осама Бин Ладен алга боллоо гээд “Аль-Кайда”-г
сан­хүү­жүүлэгчид үгүй болохгүй. Харин толгойлогчгүй болсон энэхүү алан
хядах бүлэглэлийнхэн Осама Бин Ладены халааг авах шинэ хүнтэй болох нь
дамжиггүй. Санхүүгийн ар тал нь найдвартай байгаа цагт шинэ удирдагч хүч
нөлөөтэй болж, америкчуудыг айлгасан хэвээр байж ч болох юм. Ямартай ч
Осама Бин Ладен “Аль-Кайда”-гийн санхүүгийн ар талыг найдвартай болгож
чаджээ.

Т.ЭЛИСА


 Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж