
Чехийн автомашин үйлдвэрлэгч Skoda компани Женевийн авто үзэсгэлэнгийн үеэр 2011 оны автомашины чиг хандлагыг тодорхойлох Vision D загвараа танилцууллаа. Vision D загвар нь Octavia-ийн загвартай төстэй болжээ. Учир нь 2010 онд Octavia загварын борлуулалт маш сайн буюу 750.000 ширхэг зарагдсан тул тус компани Octavia-ийн сайжруулсан загварыг бүтээхийг эрмэлзсэн байна. Түүнчлэн авто үзэсгэлэнгийн үеэр Skoda компани зургаан сар тутамд шинэ автомашины загварыг танилцуулж байх тухайгаа мэдэгджээ.
Vision D-ийг Octavia-тай харьцуулбал шинэ загварын нүүрний хэсэг харьцангуй том, урд гэрэл нь энгийн мөтрлөө жижиг, илүү хүчирхэг төрхийг илтгэх болжээ. Харин арын хэсэг нь илүү өргөн, гэрэл нь C хэлбэртэй болсон байна. Volkswagen компани Skoda-г 20 жилийн өмнө худалдаж авсан ба хоёр компани 2018 он гэхэд борлуулалтаа хоёр дахин өсгөх зорилготой ажиллаж байгаа ажээ. Тиймээс өмнө тавьсан зорилгынхоо хүрээнд Skoda Орос болон Хятадын зах зээлд нэвтрээд байна.
Б.Энхцэцэг