
Монголын уран зургийн галерей Ази, Европын музейн сүлжээний 100 дахь гишүүн боллоо. Энэхүү Ази Европын музейн сүлжээ олон улсын байгууллагын “Шилдэг бүтээлүүдийн Виртуал цуглуулга” нэрт төслийн хүрээнд Ази, Европын олон арван музейд мэдээллээ байршуулж, харилцан мэдээллээ солилцох, хамгийн шилдэг бүтээлүүдээ нийтэд төрөлх хэл болон англи хэлээр олон түмэнд хүргэх өргөн боломж бүрддэг аж. Төслийн хүрээнд цаашид үзэсгэлэнгийн төдийгүй, эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийгдэх юм. Сүлжээнд хамрагдсан Азийн 57, Европын 43 музейн 2000 ширхэг шилдэг үзмэр энэхүү сайтад байрлажээ. Уг сайтад Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, төрийн соёрхолт зураач До.Болдын “Алтайн дуулал”, ардын зураач Л.Гаваагын “Кино”, зураач Ц.Жамсрангын “Орхоны хавар”, Я.Оюунчимэгийн “Бүжигчин” зэрэг манай уран бүтээлчдийн туурвисан шилдэг 18 бүтээлийг монгол, англи тайлбартайгаар оруулжээ.
Энэхүү 18 бүтээлийн зургийг энд дарж сонирхоно уу.А.Зул