Төмс, хүнсний ногооны татварыг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногооны татварыг нэмлээ

Хятадаас оруулж ирдэг төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо болон гурилын импортын татварыг 15 хувь болгон нэмэх шийдвэр гаргасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Монголд нийлүүлж буй хятад төмс, хүнсний ногооны татварыг тавдугаар сарын 6-наас эхлэн нэмэгдсэн үнээр тооцох аж. Энэ нь дотоодынхоо тариаланчдыг дэмжих бодлого хэмээн салбарын яам нь үзэж байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.

-Хүнсний ногооны татварыг 15 хувь болгон нэмсэн гэлээ. Өмнө нь хэдэн хувь байсан юм бэ.  Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Өмнө нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл Монголд импортолж буй гурил, хүнсний ногооны гаалийн татварыг  15-аас таван хувь болтол бууруулдаг байсан.  Харин энэ  жилээс гурил болон хүнсний ногооны татварыг таван хувь болтол бууруулах шаардлагагүй гэж үзсэн учраас 15 хувиар нь тооцохоор болсон. Монгол Улс “Атрын III аян”-ы хүрээнд төмсний хэрэгцээний 100, хүнсний ногооныхоо 70 хувийг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах  болсон учраас ийм шийдвэр гаргасан. Гэхдээ баруун аймгийн боомтуудаар орж ирж буй гурил, хүнсний ногооны үнэ таван хувь хэвээрээ байна. Харин бусад боомтуудаар Монголд импортоор нийлүүлж буй гурил, хүнсний ногооны гаалийн татвар жилийн турш 15 хувь байх юм.

-Өмнө нь улаанбуудайны импортын гаалийн татварыг тэглэдэг байсан санагдана?

-Тиймээ, одоо бол гурил, хүнсний ногооны гаалийн татварыг тэглэхгүй. Монгол Улс улаанбуудайн  хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, нөгөө талаас хэрэглэгчдээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангах үүднээс ийм шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж