“Сонгодог агаар” үзэгчдэд тайвшрал өгнө

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Сонгодог агаар” үзэгчдэд тайвшрал өгнө

“UBS” телевизээс зохион байгуулсан “Universe best songs-2010” наадмын ялагч дуучин Б.Жавхлантөгстэй ярилцлаа. Тэрбээр ирэх даваа гаригт буюу энэ сарын 28-нд “Сонгодог агаар” нэртэй тоглолтоо “Сүлд” чуулга болон дуучин П.Өнөржаргал нартай хамтран хийх гэж байгаа юм.

-“Сонгодог агаар” гээд нэрнээсээ эхлээд тансаг сонсогдож байна. Тоглолт хийх санааг анх хэн гаргасан бэ?

-Миний хувьд өнгөрсөн жилийн таван сард нэг тоглолт хийх гэж байгаад тэмцээнд ороод хойшлуулсан. Сая арванхоёрдугаар сараас найзууддаа саналаа хэлээд тоглолтынхоо бэлтгэлд орсон. Тоглолт хийх санаа бол миний санаа..

-Тоглолтын нэрний тухайд хэн өгсөн бэ?

-Нэрийг бол нэлээд ярьж байж шийдсэн. Нэг их айхтар утга байхгүй. Гэхдээ энэ хотын агаарыг хар л даа. Манай тоглолт хоёр цаг үргэлжлэх байх. Энэ хоёр цагийн дотор бага ч гэсэн тайшварлыг аваасай гэж хүссэн. Нэрээ өгөх гэж өдөржингөө юм болсон. Нэг орой за бүгдээрээ нэрээ бодоод ирээрэй гэсэн байдаггүй, маргааш нь гурван цаг сууж ярилцаж байж “Сонгодог агаар” нэрийг өгсөн.

-Ингэхэд та бие дааж тоглолтоо хийхгүй юм уу?

-Би төлөвлөж байгаа. Ирэх тавдугаар сард хийх санаа байна. Ямар ч байсан эхний ээлжинд найзуудтайгаа хамтраад нэг баг болоод “Сонгодог агаар” тоглолтоо хийхээр зорьж байна. Тоглолт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Манай цагдаагийн “Сүлд” сая 2008 онд шинэ бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан. Би энэ чуулгад ороод хагас жил болж байна. Тиймээс чуулгатайгаа хамтарч тоглолт хийхээр зорьсон.

-Тэгвэл цомгоо гаргах уу?

-Би арванхоёрдугаар сарын дундаас цомгийн ажилдаа орсон юм. Би чинь боловсролын тал дээр сэхээтэн айлын хүүхэд, амьдралын боломжийн тал дээр дундаж айлын хүүхэд. Юуг нь нуухав. Санхүү тал дээрээ л зогсчихсон байна. Уг нь сая тоглолтынхоо өмнө гаргачих санаа байсан юм. Одоогийн байдлаар 50 хувьдаа хүрээд зогсчихсон байна.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр байна?

-Бэлтгэлийн явц бол бүрэн хангагдсан. Өнгөрсөн пүрэв гаригт бүхэл өдөржин Дуурийн театрт симфони найрал хөгжимчид, удирдаачтайгаа хамтарч бэлтгэл хийлээ. Дуурийн театр маш их ачаалалтай ажилладаг учир бид нарт бас бэлтгэлийн өдөр олдохгүй байлаа. Одоо тоглолтынхоо өглөө нэг бэлтгэл хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Тоглолтод ямар, ямар уран бүтээл эгшиглэх бол?

-Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт дан Монголын алдартай хөгжмийн зохиолчдийн дуурийн ари, дуэт, мэргэжлийн дууг дуулна. Хоёрдугаар хэсэг дан гадаадын сонгодог дуурийн аригаас бүрдэж байна.

-Монгол дуурийн аригаас ч гэсэн та дуулна биз дээ?

-Миний хувьд энэ удаад монгол мэргэжлийн дуунаас дуулахгүй. Хоёр дахь хэсгээ би өөрөө эхлүүлээд, дан гадны сонгодог дуурийн ариг дуулна.

-Тоглолтын билетийг 30,000 төгрөг гэсэн, зарих хүн хэтэрхий үнэтэй байна гэж байсан?

-Магадгүй ээ. 30,000 гэдэг өндөр л дөө. Яагаад ингэж үнэлсэн бэ гэхээр бид өөрсдөө хөдөлмөрлөж байна. Манай багш нар хэлдэг юм. Дуурийн нэг ариг дуулахад уурхайн гүнд гурван цаг ажилласантай тэнцэхүйц энергийг зарцуулдаг гэж. Тийм айхтар энерги хүч зарцуулж байж өөрсдийгөө бид үнэлэхгүй бол хүн биднийг үнэлэхгүй ш дээ. Бид цаашид уран бүтээл хийж, өөрсдийгөө хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхгүй дан ганц өөрөө зүтгээд л яваад байх юм бол уусаад, замрхаад үгүй болно л гэсэн үг.

-Нэр гэснээс өөрийн тань нэр их гоё. Энэ нэрийг хэн өгсөн бэ?

-Бодвол аав, ээж хоёр маань өгсөн байлгүй. Би энийг ёстой асууж байгаагүй юм байна. Гэхдээ манайх аав, ээжээс олуулаа. Надад тоглоомоор хэлсэн ч юм уу, нэг удаа хүүхдүүдээ төгсгөх гэж Жавхлантөгс нэрийг өгсөн гэж байсан. Одоо би чинь доороо хоёр дүүтэй.

-Тэгвэл төгсөөгүй байна ш дээ?

-Тийм ээ, төгсөөгүй. Манай хоёр дүүг Идэржавхлан, Маралжавхлан гэдэг юм. Манайх аав, ээжээсээ тавуулаа. Ахтай, эгчтэй, эрэгтэй дүүтэй, эмэгтэй дүүтэй хүн дээ.

-Ингэхэд хэзээ СУИС-ийг төгсөх вэ, сургуулиа төгсөөд юу хийхээр төлөвлөж байгаа бол? 

-Энэ хавар Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөнө. Сургуулиа төгсөөд намар гадаад руу сургуульд явах төлөвлөгөөтэй байна.

-“Universe best songs-2010” наадамд орсноор амьдралд тань маш их өөрчлөлт гарсан байх?

-Энэ наадамд оролцсоноор миний зам илүү дөт болсон гэж боддог юм. Дөрвөн жилээр товчлогдсон болов уу.

-Ингэхэд яагаад заавал дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?

-Яагаад сонгосон оо сайн мэддэггүй ш дээ. Би цэцэрлэгт байхаасаа эхлээд л дуулдаг байсан. Ер нь наймдугаар анги хүртлээ эстрадын дуу дуулж, дундуур нь хип хоп үглэдэг байсан.

-Тийм үү, хип хоп үглэдэг байсан гэж үү?

-Тийм ээ, гэхдээ тэгж айхтар нэрд гараад байхгүй. Би өөрөө Завхан аймгийн уугуул иргэн. Завхандаа хүүхдүүдтэй нийлж дуулдаг байсан. “Би эстрадын дуучин” тэмцээнд маш олон удаа оролцож байсан. Гэхдээ нэг ч удаа түрүүлж үзээгүй. Ер нь аравдугаар анги хүртлээ нэг ч тэмцээнд түрүүлж үзээгүй. Дандаа хоёрдугаар байрт шалгарчихдаг байсан. Одоо гэрээр дүүрэн мөнгөн медаль, баярын бичиг маань байдаг. Оюутан болоод л тэмцээнд түрүүлж эхэлсэн дээ.

-Ингэхэд таны хамгийн анхны тайз ямар тайз вэ?

-Бодвол цэцэрлэгийн тайз л байлгүй дээ. Тэр чинь адилхан л тайз шүү дээ. Цэцэрлэгт байхад “Одод болохын хүслэн” билүү нэрийг нь сайн санадаггүй юм аа, …Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд дууг маш их дуулдаг байсан юм.

-Тэгвэл Б.Жавхлантөгсийн мөрөөдлийн дүр хэн бэ?

-Би багаасаа хүүхэлдэйн кино үзэх дуртай байсан. Одоо ч гэсэн хүүхэлдэйн кино үздэг. “Том Жерри” хүүхэлдэйн кинон дээр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг дуулдаг ш дээ. Тэрийг дагаж багадаа орилдог байсан. Үгийг нь мэдэхгүй худлаа ла ла ла гээд л дуулдаг байлаа. Магадгүй энэ үеэс эхлээд дуурийн дуучин болох хүсэлтэй болж, мөрөөдөж эхэлсэн байх.

-Тэгвэл “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн дүр гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Гэхдээ би баритон хоолойтой дуучин болж байгаа. Тиймээс баритон хоолойны бүтээдэг бүх л том дүрийг хүсч, мөрөөддөг байсан бол одоо зорилгоо болгоод явж байна.

-Ингэхэд өнөөдөр театрт “Севилийн үсчин” дуурийг тоглоно. Үзэх үү?

-Зав маань болж өгдөггүй. Ер нь бол өмнө нь зөндөө үзсэн. Надад бас гадны дуурийн бичлэгүүд их байдаг. Зав гарвал үзнэ.

-Дуурийн дуучид өдөрт маш олон цаг бэлтгэл хийдэг, таны хувьд өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Ер нь гарвал байнга л бэлтгэл хийдэг. Машиндаа ч явж байхдаа, гадуур явж байхдаа ч байнгын бэлтгэлтэй байдаг. Энхийн цагт хөлс их гарвал, дайны цагт цус бага урсана гэдэг ш дээ.

-Тайзан дээр гарах бүртээ сандардаг уу?

-Ер нь бол багахан хэмжээний сандрал байна. Огт сандрахгүй байна гэдэг бол хамгийн муу зүйл. Яагаад гэвэл тэр хүн дуулахад, жүжиглэхэд бэлэн болоогүй байна гэсэн үг.

-Та хэр хошин хүн бэ, телевизээр бол даруухан хүн шиг харагддаг?

-Хошингийн хувьд би нэлээд их хошин шүү. Гэхдээ хошигнох байдлаа гэр бүл найз нөхдийнхөө дунд гаргадаг. Түүнээс бол хамаагүй гадуур хошигноод байхыг хүсдэггүй.

-Хошин гэхээр хүнд бол сайн хоч өгнө биз?

-Хоч өгнө өө, өгнө. Манай найзуудын ихэнх хочыг би өгсөн.

-Энгийн үедээ та ямар стилиэр хувцаслах дуртай вэ?

-Би одоо энгийн явж байгаа минь л энэ ш дээ. Ингээд л байнга хослол өмсөөд явдаг. Арван жилдээ би хослол өмсч байгаагүй. Ихэвчлэн бэлтгэлийн хувцастай явж байдаг байсан. Одоо бол дандаа хослол өмсдөг. Хаяа чөлөөт хувцас өмсдөг л дөө. Ажлын өдрүүдэд бол байнга хослолтой эсвэл дүрэмт хувцастайгаа явдаг. Би чинь цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, дэслэгч цолтой.

-Нээрээ та Германд очиж, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг үзсэн, хааны суудалд сууж үзсэн байх аа?

-Тийм ээ. Германы Мюнхен хотод Бавар үндэстний хаан амьдардаг байсан. Тэр хаан нь өөртөө зориулж дуурийн театр бариулж байсан юм билээ. Яг тэр хааны суудаг байсан хааны ложанд би сууж үзсэн. Үнэхээр гайхалтай, акустик, дээшээ зургаан давхар агуу том гайхалтай театрт орж үзсэн дээ. Германчууд шинэ барилга барьсан ч гэсэн уран баримал шиг, хуучны загвараар нь барьдаг. Яг тэр орчинд сурах юм бол сонгодог урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь сурах юм шиг санагдсан учир би ирэх намар зориглож байгаад гадаад сурах бодолтой байна даа. Сургуульд сураад Монголдоо ирээд уран бүтээлээ хийнэ, бас дэлхийд Монголоо таниулах дуурийн дуучин болно доо.

-Баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Хоёр цагийн турш уур бухимдлаа мартаж, их хотын стрессээ тайлахыг хүсч байвал та ирэх даваа гаригт болох “Сонгодог агаар” тоглолтыг үзээрэй. Тоглолт энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно гэдгийн дахин сануулья.  

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж