2011 оныг усны жил болгон зарлав

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

2011 оныг усны жил болгон зарлав

Дэлхий нийтэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын сөрөг нөлөөнд Монгол орон илүү өртөж, байгаль орчны төлөв байдал, түүний дотор усны нөөц, хангамжид ноцтой сөрөг нөлөөлөл бий болж, хуурайшил нэмэгдэн зарим газарт байгалийн тэнцвэр алдагдсанаас нийгэм, эдийн засаг, нүүдлийн мал аж ахуй, газар тариаланд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаа юм.

Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо 2002 онд болсон тогтвортой хөгжлийн даян дэлхийн дээд хэмжээний уулзалт, 2003, 2006, 2009 онуудад дэлхийн усны чуулганууд, Ази номхон далайн орнуудын байгаль орчин хөгжлийн болон усны асуудлаархи хуралдаан, дээд түвшний уулзалтуудын баримт бичигт цэвэр усны хангамж, нөөцийн бодлогын асуудалд онцгой ач холбогдол өгч, улс орнуудын Засгийн газруудыг тогтвортой хөгжлийн үндсэн зарчмын дагуу усны бодлого, төлөвлөлтдөө анхаарал хандуулж ажиллахыг уриалж, НҮБ-аас 2005-2015 оныг “Усны 10 жил” болгон зарласан.

Дээрх уриалга, санал санаачлага Монгол оронд жилээс жилд хурцаар тавигдах болсон усны асуудалд Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, салбарын эрдэмтэд мэргэжилтнүүд дүгнэлт хийж, усны талаар төрөөс дунд болон урт хугацаанд баримтлах бодлого болох “Ус” үндэсний хөтөлбөр боловсруулан УИХ-аас батлуулсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор мөн батлуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх бүхий л үйл ажиллагаанд манлайлагч байр суурьтай оролцож, монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах, Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр, “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд усны талаар төрийн бодлого, зорилтыг  хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс 2011 оныг “Усны жил” болгон зарлаж, жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг таван багц зорилтын хүрээнд, 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй аж.

Жилийн ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан тус яамны ТНБД-аар ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж