
Өчигдрийн тоглолтын дараа Сэр Алекс Фергусон Sky Sports-т өгсөн ярилцлагадаа “Тоглогчдыг сайн мэдэхийн хувьд тэд ямар ч алдаа гаргаагүй. Тэд оноогоо авч чадсан. Үүнд эргэлзэх зүйл байгаагүй” хэмээн ярьжээ.
Тус тоглолтын өмнө Лондонгийн “Арсенал” клуб “Стоук Сити”-гийн талбайд зочлон, 3:1 харьцаатай хожигдсоноор лигийг тэргүүлэгчдээс есөн онооны дутуу болж, аваргын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм.
Харин “МанЮ”, “Челси”-гийн халз тулаанд Хавьер Эрнандез, Неманья Видич нар тоглолтын эхэн үед гоолдсоноор багтаа тэргүүлэл авчирсан. Шүүгч шүглээ үглээж, тоглолт эхэлснээс хойш ердөө 36-хан секундын дотор Рьян Гиггз, Пак Чисон нарын тусламжтайгаар “Чичарито” тооны харьцааг нээсэн. Харин дараа нь, 23 дахь минутад Гиггзийн хөндлөн дамжуулалтыг Видич мөргөн, чулуу болгосон юм. Хоёрдугаар үеийн дундуур буюу 68 дахь минутад Лампард гоолдсоноор багийнхаа итгэл найдварыг сэргээсэн ч “Мөрөөдлийн театр”-т цугласан 75 мянга гаруй хөгжөөн дэмжигчид дахин гоолын бараа хараагүй. Тоглолт 2:1 харьцаатай талбайн эздийн давамгайлал дор өндөрлөсөн юм.
Мөн өчигдөр “Вулверхэмптон” талбайдаа “Уэст Бром”-ыг хүлээн авч, 3:1 харьцаатай буулган авсан. Харин өнөөдөр “Ливерпуль” нийслэл хотын баг “Фулхэм”-ийн талбайд зочлох бол маргааш “Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээн авна.