Нийгмийн даатгалтай холбоотой хэрэг мандлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалтай холбоотой хэрэг мандлаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн санхүүжилт зогс­соноос үүдэн иргэдийн амь нас хут­га­ны ирэн байна гэх мэдээлэл ол­ныг цочроосон. НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү даатгалын сангийн мөнгө шамшигдуулсан гэх томоохон зөр­чил илрүүлсэн тухай мэдээллээс үү­дэн дээрх мэдээллийг цацсан юм. МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар ч эрүүл мэндийн салбарын дарга нар даат­галын мөнгийг хуурамч баримт бүр­дүүлэн завшиж байгаа буй талаар ч өмнө нь ярьж байсан удаатай. Ямартай ч үүнийг нотолсон томоохон зөрчлийг Нийгмийн даатгалын үндэсний зөв­лөл илрүүлсэн гэнэ. Гэхдээ одоогоор юуны ч санхүүжилтыг зогсоогүй гэнэ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэн­дийн нэгдлийнхнээс энэ талаар лав­­лахад, үйл ажиллагаа хэвийн үргэл­­жилж байгаа гэх хариултыг өгч байна. Тус Эрүүл мэндийн нэгд­лийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Лхагва, Тусламж үйлчилгээ хариу­ц­сан орлогч дарга Ц.Эрдэнэзаяа нарын НДЕГ-т илгээсэн бичигт “Тус эрүүл мэндийн нэгдэлд нийг­мийн даатгалын санхүүжилттай холбоо­тойгоор эм тариа тасарч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй, эм­чилгээ үйлчилгээ хэвийн явж байна. Иргэдээс гомдол гараагүй” гэд­гийг нотолжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөр­дөгдөж буй хуулиар эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүү­лэх байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хя­налт тавих үүргийг даатгалын асуудал хариуцсан нэг­жид олгосон бай­даг аж.

Өөрөөр хэл­бэл, Чингэлтэй дүүр­гийн Эрүүл мэнд­ийн нэгдлийн үйл ажиллагаанд нийслэлийн Нийг­­мийн даатгалын газ­рынхан хя­налт тавих ёстой байжээ. Гэтэл ний­с­­лэлийн Нийгмийн даат­галын газ­­рын дарга Д.Гонгор, түүний удирд­лаган дор ажиллаж байсан ал­­­бан тушаалтан хяналт тавиагүй, аж­­лын хариуцлага алдсан учраас хариу­­ц­лага тооцуулахаар дээд шат­ны албан тушаалтанд Нийг­мийн даат­­­галын үндэсний зөвлөлөөс ал­бан тоот илгээсэн байна. Уг ал­бан тоо­тын дагуу Д.Гонгорыг НДЕГ-ын дарга ажлаас нь түдгэлзүүлж, хотын дарга Г.Мөнхбаяр орных нь хүнийг томилжээ. Харин ажлаасаа халагд­сан мань хашир үү­нийг хууль бус гэж үзэн шүүхэд хан­даад буй аж. Түүнчлэн өмнө нь Ний­г­­мийн даатгалын ерөн­хий газ­­­рын дарга байсан С.Эрдэнэд ч гомдоллож, хэвлэл мэдээллээс бага­­­­гүй бужигнуулаад амжив. Ямар­­­­тай ч нийгмийн даатгалыг шам­­­шигдуулсан дахин нэг хэрэгт эрүү­­гийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж