Зайсангийн ядруухан эзэн

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Зайсангийн ядруухан эзэн

Бороо ганц нэгээрээ дусалсан хаврын нэгэн өдөр. Зайсантолгой дээр хүмүүсийн хөл хөдөлгөөн чамгүй. Аав, ээжийгээ дагасан жаалууд, ах, эгчтэйгээ явж байгаа хүүхдүүд Зайсантолгойг чимнэ. Тэдний нүд аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн. Цэлмэг тэнгэрийн нарыг үүл халхалж сүүдэрлэдэгтэй адилаар энд бага насны жаргалыг мэдрээгүй хүүхдүүд ч бас бий. Аав, ээжтэйгээ амтатны дээдийг шилэн явах багачуул байхад тэднийг харан битүүхэндээ атаархаж, гуйлга гуйх жаал тэднээс дутахааргүй олон. Тэд үеийн жаалуудын гарыг дагуулан горьдлогын харцаар ширтэнэ. Үнэндээ ингэж суугаа тэдэнд буруу байхгүй. Арчаагүй аав, ээжийнх нь алдаа энэ бяцхан хүүхдүүдэд төлөөс болон буужээ.

Зайсантолгойд гуйлга гуйж суух 10 гаруй хүүхэд байх. Тэднийг зарим нэг нь өрөвдөж “хармаанд” байгаа хэдэн бороосоо өгнө. Зарим нь үзэн ядсан харц чулуудаж, дайрчих шахаад өнгөрөх нь энүүхэнд. Ингэж гуйлга гуйх нэгэн жаал нүдэнд содон тусав. Нэрийг нь бичхээс татгалзая. Тэр урьд нь багшийн дээдийн урд зогсдог байсан юм. Тэнд гуйлга гуйх хүмүүсийн тоо ихэссэн учраас энэ жаал хоёр жилийн өмнөөс бууриа сэлгэж Зайсанд иржээ. Гэвч эндхийн хүмүүс ч бас ихэссэн гэх. Энэ жаал Зайсантолгойн бэлд байх “Танктай хөшөө”-ний урд суудаг. “Өгөх гэсэн хүмүүс өгдөг л юм. Зарим нь бүр харах ч үгүй, түлхээд гардаг. Санаатай ч юм уу, самарсаргүй ч юм уу хаясан шүлс нь толгойд унах тохиолдол олон” гэж жаал гоморхоно. Түүний хэлсэнээр гуйлга гуйж олсон хэдийг нь “өрсөлдөгч” хүүхдүүд нь булаах ч цөөнгүй аж. Гэсэн ч тэр шантралгүй ажлаа хийсээр…

Түүний ажил ойролцоогоор 22 цагт дуусна. Олсон хэдээрээ гэр рүүгээ харих гэсээр байтал шөнийн 12, заримдаа 01 цагтай золгодог гэх. Гэвч түүний олсон хэдийг авах гурвийн гурван насанд хүрсэн хүн гэрт нь бий. “Ээж тахир дутуу, аав ажилгүй, ах маань саяхан цэргээс халагдаж ирсэн болохоор бас ажилгүй. Тийм учраас би л мөнгө олохгүй бол болохгүй. Орой их мөнгө олж шалихгүй ч олсон мөнгөө аавдаа л хураалгадаг” гэж ярих түүний нүд жаахан хүүхдийнх шиг биш. Түүний нүдийг ажиглавал хэзээний бие гүйцсэн хүнийх шиг харц ажиглагдах. Гэсэн ч тэр энэ хувь заяандаа харамсдаггүй аж. “Ямар ч байсан би том болоод сайн хүн болно. Би хэзээ ч хүүхдээрээ гуйлга гуйлгахгүй” гэж энэ жаал шазуур зуун хэлнэ.

Энэ мэтчилэнгээр түүнтэй ярилцаж суусаар нэг мэдсэн орой болчихжээ. Гэсэн ч Зайсан хүний хөлөөр тасарсангүй. Хос, хосоороо зугаалах хос, гэр бүлээрээ ирсэн хүмүүсээр шөнийн Зайсан дүүрэв. Өдөр аав, ээжтэйгээ, ах, эгчтэйгээ зугаалж байсан багачууд аль хэдийнэ гэртээ дуг нойрондоо дугжирч байгаа. Эндээс Зайсантолгойн баатруудын хөшөө, бэлд байрлах танкны хөшөө, гуйлга гуйх хүүхдүүд л хөдөлсөнгүй. Тэд ийм олон хүнтэй байхад явна гэж харин ч байхгүй. “Бид нар олон хүнтэй байвал явна гэж байдаггүй. Тийм болохоор оройтддог” гэж гуйлга гуйх хүүхдийн төлөөлөл болсон бяцхан жаал хариулж байна.

Насанд хүрсэн мань мэтээс илүү ухаан эдгээр хүүхдүүдэд суужээ. Өөрийгөө, өрөөлтэй хамт тэжээх ухаан тэдэнд суучихаж. Магадгүй төрийн толгойд байгаа зарим нэгнээс илүү ухаан тэдэнд байна. Даанч тэднийг олонх маань хүүхэд гэсэн нүдээр харахаа байгаад уджээ. Зайсан толгой дээрх амьгүй хөшөөдтэй ижил хувь заяа тэдэнд ноогдсон гэлтэй.
Гэсэн ч тэд Зайсантолгой дээр байгаа, өдөр бүр.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж