Дуулиант операци, Токиогийн зовинол

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Дуулиант операци, Токиогийн зовинол

Дуулиант операци, Египетийн хямрал, Токиогийн зовинол

Осамагийн залгамжлагч Омар уу, Завахири юу

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын тусгай хүчин Аль Кайда бүлгийн толгойлогч Осама бин Ладенийг устгасан нь дэлхий даяар хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл болж байв. Энэ хэрэг явдлын дараагаар Аль Кайда бүлэг болон нийт терроризмын нөхцөл байдал хэрхэн өөрчдлөгдөх вэ гэдэг нь магадгүй одоо Бин Ладенийн үхлээс ч илүү анхаарал татаж байна.

Энэ талаар олон янзын таамаг гарч байгаа ч үндсэндээ хоёр хуваагдаж байлаа. Нэг хэсэг нь Осама бин Ладен сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа сулруулж мөрдлөгөөс ангижрахад хамаг анхаарлаа тавьсан тул Аль Кайда дахь түүний нэр нөлөө суларч буурсан гэсэн үзэл бодол байсан юм. Зарим ажиглагчид Бин Ладенийг Аль Кайдагийн дайчдад оюун санааны нөлөөлөл үзүүлж байснаас биш хорлон сүйтгэх ажиллагаанд оролцохоо больсон байсан гэж хэлжээ. Гэвч нөгөө талаас харин ч Бин Ладен маш их нөлөөтэй бөгөөд үйл ажиллагааг нь зохион байгуулсаар ирсэн гэдгийг баттай нотлох баримтууд илэрсэн гэж өөр эх сурвалжууд сүүлийн үед ярих болсон байна. ВВС-ийн аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн тоймч Фрэнк Гарднер хэлэхдээ “Бин Ладенийн сүүлчийн оромжноос олдсон зарим материалууд түүнийг Аль Кайдагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо больсон байсан гэх таамаглалуудыг няцааж байгаа” гэжээ.

Учир нь АНУ-ын тусгай хүчнийх­нийн гарт орсон олон тооны дүрс бичлэг дотор Бин Ладен АНУ-ын засаг захиргаанд хандан хэлсэн мэдэгдлийн бичлэг байжээ. Энэ бичлэгийг өнгөрсөн оны сүүлчээр хийсэн бөгөөд эндээс харахад л түүний оромж Аль Кайдагийн удирдлагын төв болж байсныг харуулна гэсэн байна. Хэдийгээр Бин Ладенийн оромжноос олдсон дүрс бичлэгүүдээс АНУ зөвхөн таван бичлэгийг нь гаргаж, тэгэхдээ дууг нь хааж цацсан ч эдгээр нь АНУ-ын ерөнхийлөгч болон засаг захиргаанд хандсан ээлжит сүрдүүлгийн чанартай мэдэгдэл, эсвэл түүний бэлтгэл байсан гэж үзэж болохоор байгаа гэнэ.

Мөн өөр зарим эх сурвалжууд ч Бин Ладенийн  энэ мэдэгдэл нь АНУ-ыг онилсон ээлжит террорист ажиллагааны зарлал байсан гэж үзэж байгаа юм. Аль Кайда бүлэглэл өнгөрөгч зул сарын баярын үеэр АНУ-д алан хядлага үйлдэхээр бэлдэж байсан. Мөн АНУ-ын төмөр замын сүлжээнд алан хядлага үйлдэхээр зэхэж байсан гэх мэдээлэл ч гарч байсан юм. Пентагонд хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл хийсэн АНУ-ын тагнуулын албаны төлөөлөгч хэлэхдээ, “Осама Бин Ладен энэ бүх хугацаанд Аль Кайда бүлгийн гол удирдагч хэвээрээ байсаар ирсэн бөгөөд тэрээр амь үрэгдсэн сүүлчийн оромжоо тус бүлэглэлийн штаб болгож, тэндээсээ үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан илгээхийн зэрэгцээ удирдлагаар хангасан байна” гэж хэлсэн аж. Энэ бүгдийг Бин Ладенийн сүүлчийн оромжноос олдсон баримт материалууд гэрчилж байгаа гэнэ. АНУ-ын тусгай хүчин ажиллагааныхаа үеэр тэрхүү  оромжноос Аль Кайдагийн үйл ажиллагаатай холбоотой урьд өмнө нь таарч байгаагүй маш их хэмжээний баримт материалыг олзолж авсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Бин Ладен өөрийн сүүлчийн оромжинд зургаан жил байх хугацаандаа хийж бэлдэж байсан тэдгээр баримт, тэмдэглэлүүд болон цахим мэдээлэл агуулсан их хэмжээний материалуудыг сайтар судалж эхэлсэн гэж АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Аль Кайдаг хэн залгамжлах вэ гэдэг асуудалд мөн л янз бүрийн тайлбар дагуулж байна. Эхэндээ түүний залгамжлагчийг нэртэй алан хядагч Завахари гэх мэдээлэл гарч байсан ч одоо хэр батлагдаагүй байгаа юм. Гэтэл АНУ-ын батлан хамгаалахын дээгүүр тушаалын офицер өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдээлэл хийхдээ “Хэрэв би мулла Омар гэг­чийн оронд байсан бол их л болгоомжлох байсан даа” гэж хэлсэн нь хэвлэлийнхнийн анхаарлыг маш их татаж байгаа юм. Хэрэв энэ нь АНУ-ын тусгай хүчний таамглалаас сэргийлсэн арга заль биш, харин ул суурьтай мэдэгдэл гэж үзвэл Аль Кайдагийн дараагийн толгойлогч нь  мулла Омар гэгч байх бололтой. 

Мөн Бин Ладенийн оромж руу довтлох үеэр хөлөндөө шарх авсан түүний эхнэрүүдийн нэг нь мэдүүлэг өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн шуугиант мэдээллүүдийн тоонд орж байлаа. Өдгөө 29 настай Амаль Фатх хэмээх тэр бүсгүй хэлэхдээ “Бин Ладенийн биеийн байдал маш сайн байсан бөгөөд ямар нэг өвчин хуучгүй байсан” гэсэн байна. Одоогоор Пакистанд байгаа тэр бүсгүйг шилжүүлж авах талаар АНУ-ын талаас ямар нэг хүсэлт тавиагүй гэж Пакистаны албаныхан мэдээллээ. Бин Ладений оромжийг довтлох үеэр дээрхи эмэгтэйгээс гадна өөр нэг эмэгтэй болон гурван эрэгтэй хамт байсан бөгөөд тэд бүгд алагдсан юм байна. Тэдгээр алагдсан эрэгтэйчүүдийн дотор Бин Ладенийн нэг хүү нь байсан ажээ.

Египет шашин хоорондын сөргөлдөөнд нэрвэгдсээр

Тахририйн талбайд хувьсгал гарснаас хойш хэсэг намдаад байсан Египетийн байдал дахин хурцдах байдалтай болж байна. Египетийн ээлжит сонгууль ирэх аравдугаар сард болох бөгөөд хууль ёсны сонгуулийн өмнө ялангуяа шашны урсгалуудын хооронд ширүүн сөргөлдөөн болж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх бололтой. Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр Египетийн нийслэл Каир хотын дагуул суурингуудад христийн болон мусульман шашинтны хооронд мөргөлдөөн болсноос хүний амь эрсдэн олон хүн шархадлаа. Египетийн цагдаагийн газрын албан мэдээнд дурдсанаар бол арван хүн нас барж, 189 хүн шархадсан гэнэ.

Үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийн мэдээлж байгаагаар бол Каир хотын орчимд байдаг Имбабе хэмээх христийн сүм рүү мусульман шашинтны хөдөлгөөнийхөн эхэлж довтолсноос энэ хэрэг үүссэн гэжээ. Мусульман шашинт нэгэн эмэгтэйг тус сүмээс гаргаж авах гэж ийнхүү довтолсон гэх мэдээлэл энэ үеэр гарсан байна. Харин мусульман шашинт хөдөл­гөө­нийхөн энэ үйлдлээ тайлбарлахдаа мусульман шашинд орохыг хүссэн нэгэн эмэгтэйг христийн сүмийнхэн хориглож, үзэл бодлыг нь хаан боог­дуулах зорилгоор дээрхи сүмд хорихыг санаархсан нь мусульман шашинтны хөдөлгөөнийхний бухимдлыг төрүүл­сэн ажээ.

Гэрчүүдийн хэлж байгаагаар бол мусульманы суннитийн хэт даврагч жигүүр болох салафитчүүдийн төлөөлөл 500 гаран хүн Каирийн баруун хойд хэсэгт байдаг дээрхи христийн сүмийн дэргэд цуглан,  нөгөө хоригдсон гэх бүсгүйг суллахыг шаардсан байна. Шаардлагын хариуд христийн сүмийн албатууд болон лам нарын зүгээс эхлээд хэл амаар дайрч давшилсан хариу сонссон гэнэ. Дараагаар нь христийн сүмийнхэн тэдэн рүү хүч хэрэглэн давшилсан гэж мусульман шашинтнууд ярьж байгаа аж.

Энэ бүхэн сүмийн ойролцоо цугласан мусульман шашинтнуудын уурыг хүргэн улмаар хоёр талаас бие бие рүүгээ чулуу шидэлцэн буу зэвсэг хэрэглэн тэмцэлдсэн байна. Мөн энэ үеэр шатах бөмбөг ч хэрэглэсэн байна. Франс пресс агентлагт өгсөн ярилцлагадаа тус сүмийн христ шашны лам хэлэхдээ, мусульманчууд тэдний сүм рүү дайралт хийхээр завдсан гэж ярьжээ. Харин мусульман шашны төлөөлөл энэ талаар тайлбар хийхдээ христийн сүмийнхнийг эхэлж гал нээсэн гэсэн байна. Тэд “Бидэн рүү христийнхэн эхэлж буудсан.Бид энгийн номхон хүмүүс.Гэхдээ бид хүн алсан тэднийг шүүхэд аваачихгүй бол, бас тэд зэвсгээ хураалгахгүй бол эндээс явахгүй” гэжээ. Шашны хоёр урсгалын төлөөлөгчдийн энэ мөргөлдөөн нэлээд ширүүссэний улмаас нөхцөл байдлыг намжаахын тулд эрх баригчид цэргийн хүч ашиглахад хүрчээ. Тэд цэрэг цагдаагийн хүч дуудаж, улмаар нулимс асгаруулагч хий болон галт зэвсэг ашигласан байна. Мөн танкийн оролцоо ч хэрэгтэй болжээ.

Египетийн хувьсгалын дараагаар үндсэндээ ялалт тус улсад олонхи болж байдаг мусульманы суннит шашинтнуудын талд очсоноор шашин хоорондын сөргөлдөөн нэмэгдэж байгааг ажиглагчид мэдээлж эхэллээ. Ер нь сүүлийн жилүүдэд сунннитууд болон тус улсын хүн амын 10 хувийг нэгтгэсэн христийн шашинтнуудын хооронд сөргөлдөөн улам бүр хурцадсаар ирсэн ажээ.

Хэдийгээр саяхан Египетийн засгийн газрын эсрэг хийсэн жагсаал цуглааны үеэр мусульман болон христийн шаны дээд хуврагууд цугласан олонд хандан харилцан бие биенийхээ шашин шүтлэгийг хүндлэн нэгдсэн зорилготой байхыг уриалж байсан ч бодит амьдрал дээр тусахгүй байгаа бололтой. Үүний зэрэгцээ Тахрирын хувьсгалын үеэр сөрөг хүчний хамгийн гол төлөөлөл болж байсан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн улс төрийн нам болон өөрчлөгдсөнөөр улс орон дахь суннит урсгалын мусульмантнууд улам ч илүү дарангуйлал тогтоох байх гэсэн санаа бодол ажиглагчдаас гарах болжээ.

Фукушимагийн ослыг хяналтдаа авахад есөн сар хэрэгтэй

Японы ерөнхий сайд Наото Кан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдэл хийж газар хөдлөлт дахин хохирол учруулахаас болгоомжлох шалтгаан байгаа тул бас нэг атомын цахилгаан станцын ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдсэн байна. Энэ нь Хамаока АЦС бөгөөд түүний цөмийн гурван реактор нь аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ автал ажиллахгүй юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол энэхүү атомын цахилгаан станц байрласан газарт газар хөдөлж, хохирол учруулах эрсдэл маш өндөр байгаа гэжээ.

Японы Чубугийн Эрчим хүчний компанийн өмч болох Хамаока АЦС нь нийт таван реактортай бөгөөд одоо ажиллаж байгаа хоёр реактор ийнхүү ажиллагаагаа зогсоож байгаа юм. Гуравдахь реакторыг энэ шийдвэрийн өмнө хяналтын байдалд түр унтраасан байжээ. Харин үлдсэн хоёр реактор одоогоор ажиллаагүй байгаа гэнэ. Тус станц Токио хотоос өмнө зүгт 200 км орчим зайд Шизүока мужийн нутагт байрладаг юм. Шизүока муж нь газар хөдлөлийн ээлжит голомт болох өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.

Японы ерөнхий сайд мэдэгдэхдээ, “ Хамаока станцын байрлаж буй газарт ойрын 30 жилийн хугацаанд 8 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлал 87 хувьтай байгаа гэдгийг мэргэжилтнүүд болон Шинжлэх ухааны салбар хариуцсан сайдаас надад албан ёсоор хэлсэн”  гэж дурдсан байна. Тиймээс Хамаока АЦС-ын үйл ажиллагааг зогсоох нь ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хийж байгаа зайлшгүй авах арга хэмжээ байсан гэж тэр онцожээ. Уг станцын ажиллагааг түр зогсоож байх зуур далайн эрэгт усны давалгаанаас хамгаалах далан барих зэрэг олон төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах юм байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас Фукушимагийн осол гарсан атомын цахилгаан станцын нөхцөл байдлыг тогтворжуулахаар японы инженерүүд тус станцын дэлбэрч, эвдэрсэн реакторын байгууламж дотор ажиллаж эхэлсэн юм. Цөөн хүнтэй багаар ажиллаж байсан тэдний чармайлт бага ч болов амжилт олж осол гарснаас хойш анх удаа эвдэрсэн реакторын дотор агааржуулагч системийг байрлуулж чаджээ.

Энэ агааржуулалтын систем нь дотроо шүүгчтэй бөгөөд тэдгээр нь цацраг идэвхт бодисыг гадагшлуулахгүйгээр барьж байх боломжийг олгоно гэж япончууд найдаж байгаа юм байна. Осол болсон реакторын дотор талаас халсан агаарыг сорон аваад шүүж цэвэршүүлсний дараа эргүүлэн хөргөлтийн горимоор реакторын байгууламжид оруулах юм байна. Эдгээр шаталсан үйл ажиллагаа нь гурван өдрийн турш үргэлжилнэ гэж инженерүүд хэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ бүхний дараа реакторын доторхи цацрагийн хэмжээ буурах ёстой юм байна.

Үүний зэрэгцээ дэлбэрэлт болсон нэгдүгээр реакторын дотоод хэсгийг хөргөх төлөвлөгөөний дагуу нэмэлт ус гаднаас шахах ажлыг хийсэн байна. Ингэснээр реакторын доторхи хэт халалтыг буулгаж үүссэн даралтыг багасгана гэж үзэж байгаа гэнэ.  Фукушимагийн АЦС-ыг хариуцагч ТЕПКО компани нэгдүгээр реакторын байгууламж дотор хөргөлтийн шинэ систем байрлуулах ажлыг энэ сарын сүүлээр юм уу эсвэл ирэх 6-р сарын эхэн гэхэд дуусгана гэж тооцооолжээ.  Хэдийгээр тус компаниас учирсан бэрхшээлийн арилгаж, цахилгаан станцаас гарч болох цацрагийн аюулыг багасгахаар уйгагүй ажиллаж байгаа ч эрчим хүчний хязгаарлалт, цацрагийн төвшин нэмэгдсэн зэрэг байдлаас болж шүүмжлэлд багагүй өртсөөр байна. Фукушимагийн АЦС-ын нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авч станцыг хөргөлтийн байдалд оруулан унтраахад дахиад есөн сарын хугацаа хэрэгтэй гэж ТЕПКО компани зарласан нь энэ шүүмжлэлийг улам хөөргөж орхисон бололтой. 

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж