Төв талбайд барьсан найман гэрийг нөхөр бид хоёр өгсөн
Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Анод банкны ТУЗ-ийн гишүүн, “Тэнгэр угсаа” нийгэмлэгийн тэргүүн Н.Даваа өнгөрөгч долоо хоногт баривчлагдсан нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал байлаа. Яг ямар үндэслэлээр хоригдов?
-Миний нөхрийг энэ сарын 3-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Т.Оюутболд “Байцаалт авна” гэж дуудаад 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн шүүхийн захирамжаар баривчилсан. Өмгөөлөгчийн хэлэхээр бол “Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр ирэх зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл саатуулах шүүгчийн захирамж гарсан юм билээ. Өмнө нь Анод банкны хэрэгтэй холбогдуулж 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цагдан хорих арга хэмжээг авахдаа мөн л мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр зургаан сар хорьсон. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт баривчлахдаа өмнөх үндэслэлтэй яг адил нөхцөлөөр саатуулсан нь гайхшрал төрүүлж байна л даа.
-Зарим эх сурвалжийн мэдээллээр Н.Даваа иргэний хөдөлгөөнүүдийг Анод банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр санхүүлжүүлсэн нь баривчлах үндэслэл болсон гэсэн. Санхүүжүүлсэн учраас нэмж эрүүгийн хэрэгт татсан гэх юм?
-Өдөр тутмын нэгэн сонинд Н.Даваа Анод банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр иргэний хөдөлгөөнийхнийг санхүүжүүлж байна гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэгэхээр би энд нэг л зүйлийг тодотгож хэлэх ёстой гэж бодлоо. Манай хүн /Н.Давааг хэлж байна/ 2006 оны үед Дорноговь аймаг руу ажлаар явсан юм. Тэр үед аймгийн нэгэн алтны уурхайд хятадууд олборлолт хийж, хүн харах эцэсгүй газрын шороог сэглэсэн байсныг хараад сэтгэл нь маш их эмзэглэсэн юм билээ. Тухайн үед надад ярихдаа “Өвөг дээдэс минь алга дарам газрынхаа төлөө амь насаа хайрлаагүй. Гэтэл ханаж цадахгүй баячуудын хүчит техникт Монголын газар шороо минь элгээ цөмлүүлж дууслаа” гэж гашуудаж байсан нь улсынхаа газар шороо, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүстэй нэгдэх сэтгэлтэй болгосон болов уу. Миний нөхөр түүхч, судлаач хүн. Тэр утгаараа “Тэнгэр угсаа” нийгэмлэгийг байгуулж, Чингис хааны онгоны талаар судалгааны ажил хийж эхэлсэн. Энэ нийгэмлэг одоогоор эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлж судалгаа шинжилгээний ажил хийж байна.
-Таны нөхөр хэзээнээс “Гал үндэстэн холбоо”-той нэгдэх болов оо. Саяхан болсон хэвлэлийн хурал дээр тус холбооны хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл ч Н.Даваа өөрсдөд нь тусалж дэмждэг гэдгийг үгүйсгэхгүй байсан л даа. Үнэхээр таны нөхөр хөдөлгөөнийнхийг санхүүжүүлсэн юм биш үү?
-“Гал үндэстэн холбоо”-ны залуус улс үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар шорооныхоо төлөө тэмцэж буй нь миний нөхрийн байгуулсан “Тэнгэр угсаа” нийгэмлэгтэй зорилго ижил. Тиймээс нөхөр маань “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, үйл ажиллагаа зорилгын хувьд нэгдсэн нь үнэн. Анх би тэднийг бас л ард түмэн, газар шорооны нэр барьж хэн нэгэн улстөрчийн гар хөл болж байгаа юм болов уу гэж бодож байлаа. Гэтэл хамтран ажиллахад үнэхээр эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийхаа төлөө нэгдэн тэмцэж буй залуус байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Сонин хэвлэлд гарсан шиг бөөн мөнгөөр хөдөлгөөнийнхнийг тэтгэж, тэжээсэн юм байхгүй. Ганц нэг сая төгрөг өгч байсныг нууцлах юм алга. Харин “Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийн Сүхбаатарын талбайд барьсан найман гэрийг нөхөр бид хоёр өгсөн юм. Газар нутгийнхаа төлөө тэмцэж буй залуусаа ямар гадаа хонуулалтай биш дээ. Түүнээс биш далдуур ивээн тэтгэж санхүүжүүлсэн юм огт байхгүй.
-“Гал үндэстэн холбоо”-ныхон нөхрийг тань суллахыг шаардан морьтой жагсаал хийнэ гэж мэдэгдсэн. Та жагсаалд оролцох уу?
-Би хүүхэд байхдаа хурдны морь унаж өссөн. Хэрэв жагсахад хүрвэл би морио унаад манлайлна.
-Асуудал гарахаар буруу, зөвийг нь ололгүй жагсаад байх юм уу. Таны нөхрийн хувьд Анодын хэргийн яллагдагч гэдгээр саатуулсан бол жагсаад нэмэр байна уу?
-Жагсаал цуглааныг тайван замаар хуулийн хүрээнд хийнэ гэж Үндсэн хуулийн заалтыг мөрдлөгө болгоно. Гэхдээ миний нөхрийг улс төрийн ашиг сонирхолын үүднээс баривчилсан нь бодит байдалд, шударга үнэнд нийцэхгүй.
-“Цагдан хорих төв”-д саатуулагдсан өдрөөс нь хойш нөхөртэйгөө та уулзсан уу?
-Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Т.Оюутболд нэг их удаан хүлээлгэхгүй эргэлтийн бичиг хийж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт би нөхөртэйгээ хэдхэн минуд уулзах боломж олдсон.
-Биеийн байдал нь гайгүй юу?
-Үгүй, яах вэ. Хоригдсон хүн ямар сайн байх билээ. Харин шинэ “Цагдах хорих” төвийг их сайшааж байна лээ. Тэнд тамхи татахыг хориглодог юм байна. Нэг ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл хийжээ гэж байна лээ.
-Таньд хандаж юу хэлэх юм?
-Намайг уулзах үеэр нэгэн захидлыг төрийн өндөрлөгүүдэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэхийг хүссэн л дээ. Захидалд “Миний удам угсаа, армийн амьдрал маань надад эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулсан. Анод банк надад эдийн засаг, эрдэс баялгийн талаарх мэдлэгийг олгож, шорон надад хүний эрх чөлөөг мэдрүүлсэн. Ойлгож, ухаарч мэдэрсэн зүйл маань эх орноо гэсэн үнэн сэтгэлтэй залуусын хөдөлгөөнийг дэмжиж, иргэний үүргээ биелүүлэхэд хүргэсэн. Гэтэл миний иргэний эрхийг Анод банкны асуудлаар чөдөрлөх гэж оролдсон нь хоёр найзыг маань зовоохоос хэтрэхгүй” гэж бичсэн байна лээ. Тэр захидал өнөөдөр өдөр тутмын сонинуудаар бүрэн эхээрээ гарна.
-Э.Гүр-Аранз, Д.Энхтөр хоёр хамт саатуулагдсан байх аа?
-Тийм ээ, тэр хоёр Цагдах хорих төвд хамт саатуулагдсан. Манай нөхрийг анх хорьсон өдрөө булангийн их хүйтэн өрөөнд оруулсан байсан юм билээ. Манай хүн хүсэлт гаргаж, өрөөгөө солиулсан гэсэн. Нөгөө хоёрынх нь хувьд тус тусдаа өрөөнд байгаа.
-Анод банк ер нь яагаад үүдээ барих болов. Хоёулаа нэг хүний эрх ашгийн талаар нэлээд удаан ярьсан байна. Одоо 1200 хохирогчийн талаар яриагаа үргэлжүүлбэл ямар вэ?
-Миний нөхрийн үүсгэн байгуулсан Анод банкны хувьд амжилт, эрсдэл аль алийг нь дагуулсан. Үнэхээр улс төрийн бүлэглэл, ашиг сонирхлын зөрчил байсан учраас банк дамдуурахад хүрсэн шүү дээ. Хэрэв Анод банкинд аль нэг намын хамгаалалт байсан бол дампуурахгүй хэвийн үйл ажиллагаагаа үргэлжүүлэх байсан. Улс төрийн бүлэглэлийн сүүдэр дор хорогдож байсан бол өнөөдөр дампуурах нь бүү хэл бүр ч үйл ажиллагаа нь улам бүр өргөжих байсан болов уу. Би банкны нарийн мэргэжилгүй учраас нөхрийхөө ажилд хөндлөнгөөс оролцож байгаагүй. Ямар ч байсан нөхөр маань энэ банкыг хэн нэгнээс булааж, дээрэм хийж аваагүй өөрийн уйгагүй хөдөлмөрийхөө хүчээр төдий зэрэгт хүргэсэн гэдгийг ханийх нь хувьд хэлэх байна. Миний нөхөр сул дорой зөвхөн гэр бүлээ тэтгэж, тэжээх үүрэгтэй гэж өөрийгөө боддоггүй хүн учраас банкны салбарт хүчээ үзэж алдаж онож яваа эр хүн. Банк дампуурах болсон шалтгааныг би өөрийн өнцгөөс харахад, банк бол хувь хүний итгэлцэл дээр тогтдог байгууллага. Анод банкинд итгэл хүлээлгэж мөнгөө хадгалуулсан хадгаламж эзэмшигчид ч маш олон байсан. Яагаад итгэх болсон бэ гэхээр энэ банкыг байгуулсан залуус маш шударга, хөдөлмөрч залуус. Маш алсын бодолтой бусдаас түрүүлж сэтгэдэг залуучууд. Тийм учраас зээл олгохдоо хүртэл өөртөө эрсдэл үүрч алсын хараатай бусдад зээл олгож байсан олон баримт бий. Жишээлбэл Монголбанкнаас “Анод банк хэн нэгэнд 10 мянган ам.долларын зээл олго” гэж хэлсэн гэж бодьё. Гэтэл тэр бизнес эрхлэх гэж буй хүнд 10 мянган ам.доллар хүрэлцэх үү. Хүрэлцэхгүй тохиодол гарна. Ийм үед өөртөө эрсдэл үүрч, нөгөө хүнтэйгээ тохиролцож зээлийг ахиулж олгож ажлаа явуулж ирсэн юм шиг байгаа юм. Гэтэл нөгөө нөхдүүд нь тодорхой хугацааны дараа зээлийн эргэн төлөх үед итгэл үзүүлж дахин нэмж зээл олгох замаар их хэмжээний найдваргүй зээл гарсан байдаг л даа. Мөн ашигт малтмалын олон орд газар барьцаалсан нь бизнесийн олигарахуудын хараанд өртөх шалтгаан болсон.
-Монголбанкны хяналт шалгалтынхантай хуйвалдан банкны үйл ажиллагаа доголдсоныг нуун дарагдуулж байсан гэх хардлага ч олон нийтийн дунд бий?
-Монголбанк бусад арилжааны банкуудад жилд нэг удаа шалгалт хийдэг бол Анод банкийг ойр ойрхон маш олон шалгадаг байсан шүү дээ. Нэг удаагийн хяналт шалгалтыг аргалаад өнгөрлөө гэж бодьё. Дараагийнх нь шалгалтыг яаж хаацайлах юм бэ. Үнэхээр боломжгүй асуудал шүү дээ. Монголбанкны ажилтнууд ч өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Үнэхээр Монголбанкнаас шалгалт хийх үеэр үйл ажиллагааны доголдол гарсан бол засч залруулах үүрэгтэй. Монгол банкны үүрэг бол арилжааны банкны алдаа доголдлыг хянах биз дээ. Иймэрхүү дэгс ам дамжсан янз бүрийн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга цацагдах болсон нь үнэн л дээ.
-Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайханаас эхлээд Анодыг дампуурахад оролцсон хэрэгт татагдсан төрийн албан тушаалтнууд олон байна л даа?
-Би банкны нарийн мэргэжилтэн биш учраас дотоод асуудлыг нь тэр бүр сайн мэдэхгүй.
-Та Анод банкнаас зээл хүсч үзсэн үү, иргэн хүнийнхээ хувьд?
-Анод банкнаас би Аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах гээд арван сая төгрөгийн зээл авахыг хүсч байсан. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлж зээл авах хүсэлт тавьсан ч надад өгөөгүй л дээ.
-Яагаад тэр вэ. Анод банк дампуурах болсон гол шалтгаан нь ах дүү , садан төрөлдөө маш их хэмжээний зээл олгосон гэх баримт бий. Тухайлбал, таны баз хүргэн “Амондо” ХХК-ийн захирал Ч.Сэлэнгэ 580 сая төгрөгийн зээл, нөхрийн тань төрсөн эгчийнх нь хүү Ж.Гантулга 790 сая төгрөгийн зээл авч сураггүй болсон нь мөрдөн байаалтын явцад тогтоогдсон байна лээ?
-Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга хурандаа Т.Сайнжаргал Анодын удирдлагууд хадгаламж эзэмшигчдийн 270 тэрбум төгрөгийг шамшигдуулсан гээд л их ярих юм. Н.Даваа хамаатан садандаа зээл өгөх эрхтэй, тийм албыг хариуцдаг хүн биш. Зээлийн мэргэжилтэн гэж тэр банкинд бий шүү дээ. Өөр өөрийн үүрэг чигийн дагуу л ажлаа хийж ирсэн байгаа. Ах дүү, хамаатан саданд зээл өг гэж нэг бүрчлэн даалгавар өгнө гэж байхгүй шүү дээ. Төрөл садангийн хувьд ч өөрийнхөө төрөл садангийн банк руу явбал арай найдвартай болов уу гээд ирдэг байсан болов уу. Төрөл садандаа зээл олгож банк дампууруулсан гэх асуудал Н.Даваад зохихгүй.
-УИХ-ын нөлөө бүхий гишүүд зээл авч байсан юм болов уу?
-Зээл авч байсан бол өнөөдөр Анод дампуурахгүй байсан.
-Сонгуульд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зарцуулсан гэх хүн ч бий?
-Хэрэв сонгуульд мөнгө тараасан бол өдийд хориход биш УИХ-ын гишүүн болсон байх ёстой юм биш үү?
-Харин. Танай хүн цэргийн мэргэжилтэй, Харин та банкны мэргэжилтэй биш билүү?
-Би 1980 онд цаг уурч мэргэжлээр сургууль дүүргэж, өөрийн саналаар хөдөө томилогдон ажиллах болсон. Тухайн үед чинь өөрсдийнхөө саналаар орон нутагт очиж ажилладаг байлаа шүү дээ. Ялангуяа говийн аймгуудад боловсон хүчин цөөн явдаг байсан үе. Н.Даваа маань ч 1982 онд Цэргийн сургуулийн Их бууны инженерийн анги төгсч бид хоёр Өмнөговь аймаг руу явж, мэргэжлээрээ нэлээд олон жил ажилласан. Говийн аймгаас ажил амьдралын гараагаа эхлэсэн дээ. Хоёр ч хөөрхөн хүү охинтой болсон. Тухайн үед бидний хувийн амьдралд, шинэ төгссөн мэргэжлийн боловсон хүчний хувьд ч аль аль талдаа олон арван бэрхшээлийг туулж байлаа. Гэхдээ өөдрөг амьдралын төлөө ирээдүйн сайн сайхны төлөө үргэлж урагшаа тэмүүлж ирсэн.
-Уучлаарай, гадаад руу таны нөхрийг маш их мөнгөн гуйвуулга хийсэн гэх юм билээ?
-Тэр худлаа.
-Та бүхэн банк дампуурснаас хойш санхүүгийн хувьд бэрхшээлд орсон уу?
-Би өнөөдөр унаж яваа машиныхаа түлшийг яаж хийх вэ гэж бодоод явж байна. Ямар юмных нь нууж хураасан мөнгө байх билээ. Ядаж гурван өрөө байр ч аваагүй шүү дээ манай хүн. Банк дампуурснаас хойш эдийн засгийн хямралд орсон л доо.