Жүдочид Бакугаас хоёр мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Жүдочид Бакугаас хоёр мөнгөн медаль хүртлээ

-Бакугийн гран-при тэмцээнээс 60 кг-д Ч.Болдбаатар, 48 кг-д М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртэв-

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-нд болсон гран-при тэмцээнээс Монголын жүдочид хоёр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн 50-иад орны 300 гаруй жүдоч оролцсон тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Монголын баг тамирчдаас энэ өдөр Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Т.Баттөгс /57 кг/ нар барилдсанаас Ч.Болдбаатар, М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртэж, Т.Баттөгс тавдугаар байрт шалгарсан амжилтаар эхний өдрийг өндөрлүүлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д нийт 27 бөх барилдсан. ОУХМ Ч.Болдбаатарын хувьд В хэсэгт сугалаа таарч, эхний барилдаандаа Латвийн Дмитрийс Козловсыг цэвэр, дараа нь Азербайжаны Нижат Шихализадаг цэвэр, Канадын Сергио Пессоаг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Улмаар медалийн өнгө хувиргах барилдаанд Украйны жүдоч Георгий Зантарайаг цэвэр ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Амиран Папинашвилид хоёр юүко үнэлгээ алдсанаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд чансаагаараа 15 дугаарт эрэмбэлэгдээд буй М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Хятад, Туркийн бөхийг  ялж, медалийн болзол хангажээ. Улмаар Голландын Энте Биргитийг ялсан ч аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын жүдоч Людмила Богдановад ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Т.Баттөгс эхний тойрогт хийлж, дараа нь ОХУ-ын бөхийг ялсан ч хүрэл медалийн төлөө Австрийн Сабрина Филцмосерт ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Хишигбаяр нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 болон 70 кг-ын жингийн барилдаан болсон. Дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 10 тамирчны бүрэлдэхүүнтэй Бакуг зорьсон Монголын жүдочдоос энэ өдөр Х.Цагаанбаатар /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ нар зодоглов.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Бакугийн тэмцээнд жин өгсч, 73 кг-ын жинд хүч сорьсон. Харамсалтай нь, эхний тойргийн барилдаанд Казахстаны Ринат Ибрагимовд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, удаахь барилдаанд Португалийн жүдоч Диогу Димад юүко үнэлгээгээр дийлдсэн байна. Эмэгтэйчүүдийн хувьд 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа Украйны Оксана Диденкод цэвэр ялагдсан бол 70 кг-ын жинд Ц.Наранжаргал эхний тойрогт Хятадын Доу Шумейг юүко үнэлгээгээр ялсан ч удаахь барилдаандаа Тунисийн бөх Хоуда Миледэд цэвэр ялагдсанаар Бакугийн татамиг орхилоо.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр +100 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Хөдөмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт Германы бөх Андреас Тоелцерт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол -100 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Тэмүүлэн эхний барилдаандаа Азербайжаны Заур Багхировыг цэвэр ялсан ч удаахь тойрогт Израйлийн бөх Арьел Зеевид цэвэр ялагдсанаар энэ удаагийн гран-при тэмцээнийг орхижээ.

Ийнхүү Монголын эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн жүдоч Бакугийн гран-при тэмцээнд зодоглож, 60 кг-д Ч.Болдбаатар, 48 кг-д М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгалаа.

Жүдочид Бакугаас 12-ны өглөө ирэх бөгөөд нийслэл хотод бэлтгэлээ үргэлжлүүлж байгаад 26-нд хойд хөршийг зорино. Монголын цагаан өмсгөлтнүүд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 28, 29-нд болох “Их дуулга”-д зодоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж