“Петровис”, “Жаст Ойл” компаниуд өнгөрсөн баасан гаригаас эхлээд дизель түлшнийхээ худалдаанд хязгаарлалт хийлээ. Дээрх компаниуд үүнийгээ нөөц дууссан гэх үгээр тайлбарлаж буй. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газраас шатахууны хомсдол нүүрлэхгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа. Энэ бүхнээс үзэхэд албаны нөхдүүд худлаа ярив уу, аль эсвэл импортлогчид шантаажлав уу.
Монголын газрын тосны салбарт өрнөж буй өнөөдрийн үйл явдал ОХУ-аас гаргасан шийдвэрээс эхлэлтэй. ОХУ газрын тосны экспортоо тавдугаар сарын 1-нээс зогсоох шийдвэрийг гаргасан бөгөөд дээрх мэдэгдэл тус улсаас газрын тос импортлодог компаниудыг цочоосон нь лавтай. Ялангуяа шатахууны хувьд ОХУ-аас зуун хувь хараат Монгол Улсын хувьд хойд хөршийн шийдвэр багагүй түгшүүр төрүүлсэн биз. Гэхдээ тус улс дотоодын зах зээлд үүссэн газрын тосны зарим бүтээгдэхүүний хомсдолыг арилгах зорилгоор экспортдоо хориг тавихдаа Дундад азийн орнууд болоод ялангуяа Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Роснефтийн хэвлэлийн төлөөлөгч, мөн тус компанийн экспорт хариуцсан захирал С.А.Андронов нар дээрх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газарт ирүүлсэн бөгөөд чингэхдээ евростандартын бензин нийлүүлдэг орнуудад нийлүүлэлтийн хэмжээ хэвээрээ байх болно, үнэд ч өөрчлөлт орохгүй гэдгийг онцолсон байна. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас энэ тавдугаар сард Монгол Улс хуучин үнээрээ, авдаг хэмжээгээрээ ОХУ-аас шатахуун импорлох болсноо зарлаж, хэрэглэгчдийг тайван байхыг ч сануулсаар байгаа. Гэтэл импортлогчид шатахууны үнийг 80 төгрөгөөр өсгөсөн бөгөөд салбарын сайдаас нь тусгай зөвшөөрөлтэй нь ярих хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулга өгсөн. Тусгай зөвшөөрлөө хураалгахгүйн тулд өнгөрсөн долоо хоногоос импортлогчид бензиний үнийг 30 төгрөгөөр бууруулсан ч дизель түлшнийхээ худалдааг хязгаарлаад байгаа.
Албаны хүмүүсээс ОХУ-аас урьд өмнөх хэмжээгээрээ шатахуун нийлүүлэхээ амласан гэсээр байтал импортлогчид нөөц дууссан гэх шалтгаанаар дизель түлшнийхээ худалдааг зогсоож, нийгэмд хямрал үүсгэж буйгаас харахад үүнийг шантааж хэмээн тайлбарлахаас өөр аргагүй нь. Учир нь 80 төгрөгийн нэмэгдэлтэйгээр зарж байхдаа дизель түлшний худалдаагаа зогсоогоогүй хэрнээ 30 төгрөгөөр бууруулангуут нөөц дууссан хэмээн гэдийх импортлогчдын энэ шийдвэр шатахууны үнийг өсгөх гэсэн бас нэг шалтаг байж болох талтай.
Хэрвээ импортлогчдийн хэлснээр Монголд дизель түлшний хомсдол нүүрлэж буй бол Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар яагаад гараа хумхиад чимээгүй суугаад байна вэ. Улс орны эдийн засгийн амин чухал асуудлын нэг болох шатахууны хомсдолын эсрэг салбарын яам, газраас нь ямар арга хэмжээ авч байна вэ.
Асуудал энэ хэвээр үргэлжилбэл автобус унаа зогсч, ард иргэд явган алхахад хүрнэ гэдгийг эрх баригчид мэдэж байгаа биз. Тэр тусмаа газар тариалангийн нөр их ажил эхлэх цагаар дизель түлшний хомсдол нүүрлэж байгаад хэн хариуцлага хүлээх вэ. Нөөц дууссан хэмээн гэдийх импортлогчид уу, эсвэл эрх баригчид уу.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газраас гаргасан төлөвлөгөө ёсоор бол өнөөдрөөс газар тариалангийн нөр их ажил эхлэх ёстой. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад шатахууны хомсдол нүүрлэж буй нь газар тариаланчдад багагүй бэрхшээл авчрах нь дамжиггүй. Импортлогчид энэ хэвээр гүрийсээр байвал газар тариалангийн нөр ажил зогсоход хүрнэ. Энэ тохиолдолд Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж магадгүй юм.
Он гарсаар импортлогчид хоёр, гурван ч удаа шатахууны үнэд өөрчлөлт оруулаад байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-аас Монголд нийлүүлэх газрын тосны экспортын үнийг өсгөсөн нь дизель түлшний үнийг 120 төгрөгөөр нэмэгдүүлэх шалтгаан болсон. Өнөөдрийн байдлаар дизель түлшний үнэ 1440-1470 төгрөгийн үнэтэй байна.
Сайдын анхааруулгаас болж шалтаггүйгээр өсгөсөн шатахууны үнийг бууруулахад хүрсэн импортлогчид эргээд хэрэглэгчдийг шантаажилж эхэллээ. Монголын газрын тосны салбарт дураараа тонгочих болсон “монополь”-уудын давилуун занг дарахгүй бол эргээд эдийн засгийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улс хэзээ газрын тосоо боловсруулж эхлэх вэ. Хэзээ хэрэглэгчид хэн нэгний шантаажийг амсахгүй байх вэ.