
Амлалт нэхэх ард түмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Хуульд зааснаар нийслэлийн Прокурорын газраас 14 хоногийн дотор шүүхэд шилжүүлэх юм. Г.Уянгад эрүүгийн хуулийн 111, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Өнгөрсөн хугацаанд түүнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авахаар хоёр ч удаа албадан саатуулахыг завдаж байв. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сарын 27-ны өдөр Г.Уянгыг гэрээсээ гарч явахад нь цагдаагийнхан хавтаст хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүлэг өгөхийг шаардан албадан авч явсан. Харин Г.Уянга өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр суллагдаж байв. Тэрбээр өмгөөлөгчтэй хамт тайлбар, мэдүүлэг өгснөөр хэргийг прокурорын газарт шилжүүлсэн байна.
С.Отгон