Жүдочид хоёр дахь өдөр амжилтгүй барилдав

Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

Жүдочид хоёр дахь өдөр амжилтгүй барилдав

Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при ангилалд багтах олон улсын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 болон 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 10 тамирчны бүрэлдэхүүнтэй Бакуг зорьсон Монголын жүдочдоос өнөөдөр Х.Цагаанбаатар /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ нар зодоглолоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Бакугийн тэмцээнд жин өгсч, 73 кг-ын жинд хүч сорьсон. Харамсалтай нь, эхний тойргийн барилдаанд Казахстаны Ринат Ибрагимовд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, удаахь барилдаанд Португалийн жүдоч Диогу Димад юүко үнэлгээгээр дийлдсэн байна. Эмэгтэйчүүдийн хувьд 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа Украйны Оксана Диденкод цэвэр ялагдсан бол 70 кг-ын жинд Ц.Наранжаргал эхний тойрогт Хятадын Доу Шумейг юүко үнэлгээгээр ялсан ч удаахь барилдаандаа Тунисийн бөх Хоуда Миледэд цэвэр ялагдсанаар Бакугийн татамиг орхилоо.

Маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр Монголын жүдочдоос -100 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  нар хүч үзэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж