
Тус харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Гёте-Институтийн Төлөөлөгчийн Газар хамтран кино урлаг, сэтгүүлзүй, соёл урлагийн удирдлага болон бодлогын чиглэлээр салбарын чадавхийг бэхжүүлэх болон солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж. Тус санамж бичгийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Пиус Фишер болон МУЗ-ийн Тэргүүн ноён Н.Жанцаноров нар байлцан Монгол дахь Гёте Институтийн Төлөөлөгчийн Газрын Захирал хатагтай Хайке Михель болон Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх Захирал хатагтай Ц. Ариунаа нар 5-р сарын 10-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулах аж.
Дээрх хоёр байгууллага 2011-2013 онд Гёте Институтийн санаачилсан “ Цаг уурын ба соёлын өөрчлөлт” төслийн хүрээнд кино урлаг ба соёл урлагийн сэтгүүлзүйн чиглэлээр анхаарлаа хандуулах болно. Тус санаачлагын хүрээнд Гёте-Институтийн Төлөөлөгчийн Газар болон МУЗ Германы Мюнхэн хотын Кино Урлагийн Академийн мэргэжилтэн багшийг урьж залуу уран бүтээлчдийн дунд “Кино зохиол хэрхэн бичих вэ” сэдэвт сургалтыг энэ оны 7-р сараас зохион байгуулна. Төслийн үр дүнд уран бүтээлчид “Соёлын өөрчлөлт” сэдвийн хүрээнд 5-10 минутын богино хэмжээний кино зохиол бичих болон бүтээсэн тохиолдолд шалгарсан бүтээлийг Гёте-Институтийн Төлөөлөгчийн Газар болон МУЗ олон улсын кино наадмуудад оролцуулах болон дотоод гадаадад өргөнөөр сурталчлах төлөвлөгөөтэй байна.
Мөн тус байгууллагууд хамтран хэвлэл мэдээллийн салбар дахь соёл урлагийн талаарх мэдлэг мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, сэтгүүлчдэд соёл урлагийг олон нийтэд сурталчлах сэтгүүлзүйн чадавхийг дээшлүүлэх зорилготой цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Гёте-Институт нь ХБНГУ-ын соёлын байгууллага ба Герман улсыг олон талаас дэлхий дахинаа таниулдаг. Ингэхдээ хэл, соёл нийгмийг танин мэдэх боломжийг 80 гаруй оронд олгодог бөгөөд олон улсын соёлын хамтын ажиллагааг дэмждэг. Мөн Герман орны тухай мэдлэг мэдээллийг өгч, олон улсын давцанд өөрсдийн соёлын хүрээ, байр суурь, туршлагыг түгээхийн зэрэгцээ дэлхийн бусад орны соёлын хүрээнд гарч буй чухал өөрчлөлт шинэчлэлтийг өөрийн оронд дамжуулдаг.
Гёте-Институтийн Төлөөлөгчийн Газар Монголд үйл ажиллагаагаа 2008 оноос эхэлсэн бөгөөд, 2009 оны 10 дугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. www.goethe.de/mongolei
Монголын Урлагын Зөвлөл нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах болон соёлын өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилго бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болно.