МАН 300 гишүүнээр бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

МАН 300 гишүүнээр бүл нэмлээ

МАН байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн баярын босгон дээр өчигдөр 300 залуу гишүүнээр эгнээгээ тэлж, намын шинэ гишүүдэд батлах гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ойн босгон дээр Ардын намыг үүсгэн байгуулалцаж байсан анхдагчуудын ач, зээ нар тус намд элссэн нь онцлог үйл явдал болов.  Тодруулбал, Их жанжин Д.Сүхбаатарын зээ З.Хайдар, С.Данзангийн зээ Б.Пүрэвдорж, Б.Батмөнх, Д.Бодоогийн зээ Д.Үнэнбаатар, Д.Энхбаатар, Х.Чойбалсангийн зээ Ч.Отгонзаяа, Д.Чагдаржавын ач С.Мөнхдэлгэр нар МАН-ын удирдлагуудаас  бат илэрхийллээ гардсан юм. 

Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Би залуу хүн. МАН-д  шинээр элсч буй залуус та бүхэн нийгмийн ардчилсан үзэл санааг дэмжиж, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэдэг гэдэгт итгэж байна. МАН-ын нийгмийн ардчилсан үзэл баримтлал бол эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл юм. Энэхүү алтан гурван зарчимд та бидний итгэл үнэмшил шингэсэн учир өвөг дээдсийнхээ байгуулсан МАН хэмээх түүхт намд элсэж буй та бүхэнд МАН-ын удирдлага, нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Намын шинэ гишүүдэд батлах гардуулах ёслолд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн намын хорооны дарга Б.Мөнхбаатар нар оролцлоо.

МАН-ын батлахыг гардсан Их жанжин Д.Сүхбаатарын зээ З.Хайдар  “Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө эв хамтын хүчээр зүтгэх залуус бидэнд 90 жилийн түүхэнд МАН-ын туулсан замнал туршлага болно. Эх орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуус бидний хүчин чармайлт чухал. Намын үе үеийн гишүүдийн мэдлэг туршлага, залуусын эрч хүчтэй нэгдсэнээр улс орноо хөгжүүлэх гэсэн бидний хүсэл амжилтад хүрэх нь дамжиггүй. Өнгөрсөн үйл явдлыг дүгнэн шүүж, эцэс төгсгөлгүй ярьж, цэцэрхэх бус биенээ хүндэтгэн эв нэгдэлтэйгээр улс орноо хөгжүүлэх үйлст Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгоныг уриалж байна. Ардын төлөө ажилладаггүй Ардын Нам гэж байдаггүй. Энэ мөчид өвөөгийнхөө захиасыг сануулмаар байна. Бидний улс эв саналаа нэгтгэн нийт хүчийг нэгэн зүгт чиглүүлбээс мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж