Ингэснээр монгол хүүхдүүд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын хүүхдийн уншиж танилцдаг шилдэг номуудтай эх хэлээрээ танилцах боломж бүрдэж байна. Тиймдээ ч “Таны хүүхдийг дэлхийн төвшинд уншуулна. Таны хүүхэд дэлхийн төвшинд сэтгэнэ” гэсэн уриа дэвшүүлжээ. Цуврал номын дотор А.Дюмагийн хүүхдэд зориулж бичсэн үлгэрүүд, Л.Алкотын “Жаалхан авхай нар”, Ф.Бөрнетийн “Нууц цэцэрлэг”, Монт Гомерийн “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, М.Твений “Хаклеберри Финнийн адал явдал” зэрэг бүтээлүүд багтсан байна. Аль болох эерэг өөдрөг, адал явдалтай номуудыг цувралд багтаахыг хичээжээ. Цуврал номуудын орчуулга дээр Б.Номинчимэд, орчуулагч Д.Оюунчимэг, Ц.Даваажав, Ч.Лхагваа, Б.Баясгалан, орчуулагч Ө.Нямсүрэн агсан нар ажиллажээ.
Хүүхдүүд “Эрдэнэсийн сан”-тай боллоо
“Хөх дэвтэр” хэвлэлийн газар хүүхэд, багачуудад зориулан оюуны том хөрөнгө оруулж байна. Тус хэвлэлийн газраас дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын 108 цуврал ном гаргахаар төлөвлөж 80-ыг нь хэвлэлтээс гарган уншигчдын гарт хүргэжээ. Энэ нь АНУ, Англи, Франц, Япон, ОХУ зэрэг орны сурагчдын хичээлээс гадуур заавал унших номын жагсаалтад орсон номуудаас орчуулан нийтэд хүргэж буйгаараа энэ нь онцлог юм байна. Эдгээр номын 102 нь хүүхдийн заавал унших ёстой Кембрижийн жагсаалтад орсон байдаг аж. Цувралд багтсан номын 96-г анх удаа монгол хэл дээр орчуулж уншигчдын хүртээл болгож байгаа юм байна.
Д.ОЮУН