
Монгол баяжиж байна. Мөнгөтэй болсон байна шүү. Манай мөнгөний нөөц хэзээ нэг их наядаар хэмжигдэж, валютын нөөц хоёр тэрбум ам.доллараас давж байсан билээ. Харин мөнгө өсөхийн хэрээр түүнийг яаж хадгалж, хямгадах вэ гэдэг чухал. Жижигхэн эдийн засагт маань гэнэтийн энэ их мөнгийг шингээх чадвар юусан билээ. Хамгийн гол нь үржүүлэх гэж шунах биш, алдчихгүй байх нь чухал гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Хямралын үед дэлхийн улс орнууд нөөцийн мөнгөө нэр хүндтэй банкуудад байршуулаад алдаж баларсан. Гэвч тэднийг яаж ч шийтгээд тэр хохирлыг төлдөггүйг бид харсан. Манай улс ч гэсэн өндөр хүүтэй байрлуулах гээд 10 тэрбум ам.доллараа тавиад туучихсан шүү дээ. Ёстой л мөнгөтэй байхын зовлонг эдэлж суудаг хүмүүс нь Монголбанкны эрсдэлийн удирдлагын албаныхан юм. Үүнийг анх 2007 оны эхээр тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх санаачлан байгуулсан. Уул уурхайн баялгаас олох орлого өсөн нэмэгдэж, цаашид эдийн засгийн сэргэлт айсуй, товчхондоо их мөнгөний урсгал Монгол руу чиглэж буйг мэдээд угтуулан авсан арга хэмжээ нь энэ. Нөгөөтэйгүүр тухайн үед улс орнуудын нөөц мөнгийг хадгалсан банкууд сүйрч буйг хараад хэн ч байсан энэ талаар бодох, хийх хэрэгтэй болсон. Тэр тусмаа мэргэжлийн хүний хувиар айсуй эрсдлийг угтуулан арга хэмжээ авсан нь тэр дороо үр дүнгээ өгсөн юм. Эрсдэлийн удирдлагын албыг том шалгуур угтав. Инфляци 33 хувь хүрчихсэн, түүнийг бууруулахын тулд ямар арга хэрэгслийг ашиглахыг олон хувилбараар тооцож гаргалаа. Сонгосон арга хэмжээгээ авч хэрэгжүүлсний дүнд инфляцийг бууруулж чадсан. Хамгийн гол нь манай улсын нөөц хөрөнгийг нэг ч центээр дутаалгүй хямралыг давсан билээ. Энэ амаргүй ажилд жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тухайлбал нөөцийг хэзээ, хаана байршуулах вэ. Аль банкинд нөөцийнхөө хэдэн хувийг, ямар хугацаа, хүүтэйгээр байршуулбал эрсдэлгүй байх вэ гэдгийг тооцоолж, зөв хариу гаргах маш том хариуцлага тэднийг хүлээдэг. Үүний тулд дэлхийн хамгийн найдвартай, өндөр зэрэглэлтэй, нэр хүндтэй банкуудыг жагсаагаад, судалж үзсэн. Эцэст нь ААА зэрэглэлийн банкийг сонгосноор эрсдэлийг амжилттай даван туулсан. Өөрөөр хэлбэл дэлхийн эрсдэлийг судалж, урьдчилан харж чадсанаар улсын нөөц мөнгөө хамгаалж чаджээ. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл, инфляцийн болон валютын ханшийн өсөлт, бууралт, эрсдлийг нүд цавчилгүй харж, судалж байж нөөцөө хамгаалж, болзошгүй тохиолдолд угтуулан арга хэмжээ авч байна. Түүнчлэн арилжааны банкууд эрсдэлийн удирдлагын албатай болсон. Ингэснээр иргэн таны банкинд хадгалуулсан мөнгийг тухайн банкны эрсдэлийн удирдлагын алба хамгаалж байгаа гэсэн үг. Хэн нэгэн зээлдэгч хэт их мөнгө зээлээд, төлж чадахгүй бол тухайн банк хүнд байдалд орохгүй байх аргыг ч тухайн банкны эрсдэлийн алба урьдчилан тооцоолдог болсноор банкууд тогтвортой, найдвартай ажиллах болсон.
Мөнгөний бодлогын шийдвэрийг мэргэжлийн түвшинд гаргахын тулд ямар хэмжээний нарийн тооцоо судалгаа гаргадгийг жирийн иргэд тэр бүр мэддэггүй. Тухайлбал инфляцийг таамаглах SIMOM загварыг мэргэжлийнхэн нь “жижиг” загвар гэдэг юм билээ. Гэтэл энэ нь төгрөгийн зээлийн хүү, гадаад валютын зээлийн хүү, валютын ханшийн, хүнсний барааны үнийн, шатахууны үнийн, ДНБ-ий, цалингийн гэхчлэн нийтдээ 10 тэгшитгэлээс бүрддэг. Улирал бүр шинэчлэн үнэлж байдаг энэ загварын таамаглалаар Монголбанк улс орныхоо эдийн засгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг ажээ.
Эрсдэлийн удирдлагын алба анх байгуулагдах үед манай гадаад валютын цэвэр нөөц 269.6 сая ам.доллараар өссөн байлаа. Энэ ньгадаад цэвэр актив өмнөх оныхоос 304.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх шалтгаан болсон юм. Гадаад цэвэр албан нөөцийн энэхүү огцом өсөлтөд гадаадын банкинд дахь хугацаат хадгаламжийн хэмжээ 38.5 хувиар, гадаадын Засгийн газрын үнэт цаас 27.7 хувиар, гадаадын банкин дахь харилцах 18 сая ам.доллараар, мөнгөжсөн алт 64.2 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн. Одоо энэ тоо хэд дахин өссөн билээ гэдэгтэй харьцуулбал Эрсдэлийн удирдлагын алба ямар хэмжээний хөрөнгө манаад байгаа нь тодорхой биз ээ. Жишээ нь тэр үед жилд мөнгөний нийлүүлэлт 1.9 удаа эргэлдэж байсан бол одоо эргэлтийн хурд эрс өссөн байгаа нь хэнд ч тодорхой билээ. Одоо ч Монголбанкны Эрсдэлийн удирдлагын алба яг ийм маягаар ажиллаж байгаа. Өнөөдөр тус банкны Эрсдэлийн удирдлагын албаны захиралаар ажиллаж буй Н.Батсайхан л гэхэд МУИС-ийг эдийн засгийн бакалавр, бизнесийн удирдлагын мастераар найман жил, дараа нь Японы Олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн мастераар сурч төгсчээ. Тэрбээр Монголбанкинд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, мөнгөний бодлого судалгаагаар олон жил мэргэшсэн, эрсдлийн удирдлагын албыг анх байгуулагдсан цагаас нь удирдсан туршлагатай эдийн засагч юм.
Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнуудын хэмжээнд инфляци “шүдний өвчин” болж, Монголын эдийн засаг гаднаас орж ирж буй бэлэн мөнгөний урсгалыг шингээх чадвар, найдвартай арга замыг эрэлхийлж буй энэ цаг үед Монголбанкинд Эрсдэлийн удирдлагын албаны үүрэг хариуцлага нэмэгдэж буй. Үүнийг байгуулсан нь хамгийн оновчтой зөв алхам байсан, цаашид улам чухал объект болохыг нөхцөл байдал харуулж байна. Тэгэхээр А.Батсүхийн “төрүүлсэн” алба дөрвөн нас хүрч, өнгөрсөн хугацаанд үүргээ сайн биелүүлжээ. Монголчууд баялагтай болох нэг хэрэг, түүнийг эрсдэлээс хамгаалах бүр ч чухал гэдгийг цэвэр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн энэ багийнхны үйл ажиллагаа харуулдаг боловч тэдний онцгой чухал үүрэг хариуцлагыг хэн ч үнэлдэггүй нь харамсалтай. Нөгөө талаас олон жилийн турш хуримтлуулсан, улс орнынхоо хамаг мөнгийг хадгалуулсан байгууллагаа анхаарахгүй байгаа нь гэнэн ч юм шиг. Тиймээс цаашид Монголын “хур хөрөнгө”-ийг эрсдэлээс хамгаалдаг арын албаныхны ажлыг зөв үнэлэх хэрэгтэй байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин