Хятадын Ардын банктай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Хятадын Ардын банктай гэрээ байгууллаа

Монголбанк, Хятадын ардын банкны мэргэжилтнүүдийн сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн хэлэлцээр, хамтарсан хөдөлмөрийн үр дүнд бид өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар гарын үсэг зурлаа.

Гэрээ байгуулах ёслол өчигдөр болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан онгоцны нислэг саатсан тул өнөөдөр болгон хойшлуулсан юм. Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиао Чуан болон түүнийг дагалдан яваа хүмүүс өчигдөр орой 22.00 цагийн үед Буянт-Ухаад газардсан байна. Харин гарын үсэг зурах ёслол өнөөдөр өглөө 11.30 цагт болжээ.

Энэхүү гэрээг байгуулснаар хоёр улсын төв банк хоорондын хамтын ажиллагаанд чухал алхам болоод зогсохгүй хоёр улсын банк, санхүү, эдийн засгийн харилцааны цаашдын хөгжлийг түргэтгэх, дэмжихэд гол хөшүүрэг болно хэмээн хоёр тал онцолж байна.

БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань Монгол Улсын валютын зах зээлд идэвхитэй арилжаалагддаг хоёрдахь гадаад валют юм. Иймд Монголбанк, Хятадын ардын банк хооронд дээрх своп хэлцлийн гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, арилжааны банкуудын юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд захад юанийг шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх боломжтой болохоороо чухал ач холбогдолтой.

Энэхүү своп хэлцлийн гэрээ нь хамтын ажиллагааны нэг чухал хэсэг бөгөөд цаашид хоёр улсын банк санхүү, эдийн засгийн харилцааг өргөтгөх чиглэлээр Монголбанк, Хятадын ардын хооронд нягт хамтран ажиллана гэдэгт хоёр тал итгэлтэй байгаа аж.

Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиао Чуан дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр орой буцах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж