”Дорнод Уран”-ыг байгуулах ажлыг Арбитрын шүүхийн шийдвэр гацааж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

”Дорнод Уран”-ыг байгуулах ажлыг Арбитрын шүүхийн шийдвэр гацааж байна

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани манай улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөөд байгаа билээ. Тэд Цөмийн энергийн газраас 200 сая ам.доллар нэхэмжилж буй. Учир нь Цөмийн энергийн газраас ураны орд эзэмшигч “Хан ресурс” компанийг “Цөмийн энергийн тухай хууль зөрчсөн” хэмээн үзэж, лицензийг нь хураан авсан юм. Энэ шийдвэртээ Засгийн газар бат зогсч байгаа бөгөөд нөхөн төлбөрийг олгоно гэдгээ амласан. Гэвч үүнийг “Хан ресурс”-ынхан зөвшөөрөөгүй арбитрын шүүхэд хандсанаас болж “Дорнод уран” компани байгуулах ажилд хүндрэл учирч, гацаанд орлоо. Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Дорнод уран” хамтарсан компанид Монголын талын эзлэх хувь 51, ТУЗ-ийн дарга нь Монгол хүн байна хэмээн тохиролцож, компани байгуулах ажлыг эхлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү айлчлалаас хойш таван сарын хугацаа өнгөрлөө. Гэсэн ч ОХУ, манай улсын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах ажлын явц сураг алдраад байна. Уг компанийг байгуулах ажлыг манай талаас төрийн өмчит “Мон Атом” компани зохион байгуулахаар үүрэг хүлээсэн. Үүргийнхээ дагуу тэд компани байгуулах бэлтгэл ажлаа эхлэн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм. Цөмийн энергийн газрын тухайд “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогоор нь удирдах үүрэгтэй. Тэд гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр “Мон Атом” компанийнхантай ярилцаж, удирдаж чиглүүлэн ажиллаж байгаа. Москвад гарын үсэг зурсан хэлэлцээрээр хамтарсан компани байгуулах үйл ажиллагааг Монголын хуулийн дагуу явуулахаар болсон. Тиймээс хуулийн дагуу компанийг бүртгүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ, тэр бүгдийг хоёр талаас гарсан ажлын хэсгүүд төлөвлөсний дагуу хийж байгаагаа мэдэгдсэн. Мөн хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, гүйцэтгэх захирлыг томилох зэрэг асуудал бий. Харин үнэн хэрэгтээ “Хан ресурс”-ын нэхэмжлэхтэй арбитрын шүүх хурлын эцсийн дүнг харж байж дараагийн алхамаа хийхээр гүйцэтгэх засаглал харзнаж буй юм. Нөгөө талаас ураныг хэрхэн ашиглах нь нэгэнт тодорхой болсон учир Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох нь сунжраад байх зүйл биш, төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хэрэгжүүлээд явна гэдгийг Цөмийн энергийн газрынхан хэлсэн.

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Цөмийн энергийн тухай хуульд шороогоор нь гаргахгүй байх гэдгийг тодорхой заасан байгаа. Ураныг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ганцхан “Дорнод уран” компанийг байгуулах гэж байгаа юм биш. Уг компани байгуулах ажил бэлтгэлийн шатандаа явж байна. Энэхүү компани байгуулагдаад шууд үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх хавраас үйл ажиллагаагаа эхлэх байх” хэмээн хэлж байсан удаатай. Түүний хэлсэн хугацаагаар компани байгуулах цаг нь болсон. Харин хамтарсан компани байгуулах бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар ажлыг зохион байгуулж байгаа “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал н.Цогтсайхан “Хан ресурс” компанийн нэхэмжлэхтэй олон улсын арбитрын шүүх хуралтай учир Засгийн газраас “Дорнод уран” хамтарсан компани болон шүүх хурлын тухай мэдээлэл өгөхийг хориглосон. Шүүх хурал хэзээ болохыг олон улсын арбитрын шүүхийнхэн өөрсдөө мэднэ. Гэхдээ ирэх сарын ихээр арбитрчдын хурал болох сураг байгаа. Манай компаниас илүү Цөмийн энергийн газар энэ тухай мэдээлэл өгөх байх” гэлээ. Харин Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас асуухад “Бид “Дорнод уран” хамтарсан компани байгуулах ажилд хяналт тавих үүрэгтэй. Компани байгуулах ажлыг “Мон Атом” компани гардан зохион байгуулж байгаа” гэв. Ямартай ч хоёр талаас гарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу явах ёстой ажил түр зогссон бололтой. Гэхдээ “Хан ресурс” компанийн нэхэмжлэхтэй шүүх хурлын шийдвэр гарсны дараа бүх зүйл тодорхой болох нь.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж