Гэр хорооллыг барилгажуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг барилгажуулна

Гэр хорооллын 164 мянган өрхийн яндангаас олгойдох утаанаас болж, нийслэлээ хорт утаанд идүүлчихээд арчаагаа алдаад сууж буй Монголын төрийн орой руу одоо л нэг ончтой санаа буув бололтой. Гэр хорооллыг барилгажуулахаар зарим судалгааны ажлыг эхлүүлжээ. Төлөвлөгөөгөөр эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ХI хорооны 300 гаруй өрх, Сонгинохайрхан дүүргийн 150 айл, Баянзүрх дүүргээс мөн 300 өрхийг барилгажуулах хөдөлгөөнд хамруулахаар тусгаж,  энэ ажилд 53 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоог  гаргаж амжсан байна. Гол нь иргэд төрийн бодлогыг дэмжиж,  газраа чөлөөлж өгөх нь чухал.

Хэрвээ иргэн эзэмшил газраа хязгааргүй өндөр үнэлэх, эс бөгөөс нүүхгүй гэж зөрүүдэлвэл гэр хорооллыг барилгажуулах хөдөлгөөн олон жилийн бүтэлгүй оролдлого болж хувирах тул, иргэний ухамсар чухал болохыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Учир нь төрөөс санаачлага гаргаж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын эхлэлийг гурав, дөрвөн жилийн өмнө тавьсан боловч, одоо хэр нь төлөвлөсөн зарим ажлууд хугацаандаа хийгдээгүй, иргэдийн шийдвэрээс хамааран шийдлээ хүлээж буй. Үүнд Ногоон нуур орчмын айлуудыг нэрлэж болох гэнэ. Газраа чөлөөлөхийг хүсэхээр, 0.75 га хүрэхгүй газартаа 100 сая төгрөг төлөхийг шаарддаг. Нэг хашаанд гурваас дөрвөн өрх амьдардаг. Хэн нь газраа байраар сольж, гэрээ байгуулах нь тодорхойгүй гээд зөрчил маргаан ихтэй. Ийм иргэдэд урт хугацаат зээл өгөөд, өөрсдөөр нь сууц бариулъя гэхэд дахиад л байшингийнхаа дээврийг цоолон, түүхий нүүрсээ түлээд суучих магадлал өндөр тул зарим тохиолдолд захиргаадалтын арга хэрэглэхээс аргагүй байдалд хүрч болзошгүй аж.

Нэгэн үеийг бодвол Монгол Улс уул уурхайгаас асар их мөнгө босгох боломж бүрдээд буй. Алтан боломжийг ашиглаж, иргэддээ бэлэн мөнгө сар тутамд тараах бус, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилгоор орон сууцжуулах их ажилд хөрөнгийг зарцуулж чадвал баялгийн хараал хүрэхээс сэргийлэх боломжтой. Нөгөө талдаа инфляци хөөрөгдөөд байхгүй, эдийн засагт бодит дэмжлэг болж, иргэдийн амьжиргаанд сайн нөлөө үзүүлэх учраас барилгын салбарыг хөгжүүлэх тал дээр бодитой ажиллах зүй ёсны шаардлага гарч ирж буй гэнэ. Гол нь барилгын компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг бодит байдалд авчирч, чанартай барилга барих нь чухал. Эс тэгвээс гэр хорооллыг барилгажуулах хөдөлгөөн нэрийн дор газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй олон орон сууц энд тэндгүй баригдчихвал, хүн амынх нь тэн хагас нэг л өдөр амиа алдах аюултай тул, барилгын норм стандартыг сайжруулах асуудал чухал болж буй. Мөн иргэдэд төр нь урт хугацаат, бага хүүтэй зээл авах бололцоог хангах. Хэрвээ өнөөдрийн арилжааны банкуудын санал болгож байгаачлан жилийн 14-15 хувийн хүүтэй зээлийг санал болгох юм бол баригдсан орон сууц түгжээнд орж, эрэлт нийлүүлэлт хангагдахгүйд хүрэх ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж