
Мадридын нээлттэй тэмцээн нь эмэгтэй теннисчдийн хувьд тэргүүн мандатын зэрэглэлд багтдаг дөрвөн том тэмцээний нэг. Түүнчлэн “Их дуулга”-ын ангилалд багтах French Open-ы өмнө болдог учраас бүхий л шилдгүүд Испанийн нийслэлд хүчээ сорьдог уламжлалтай. Харин энэ жилийн Мадрид Мастерс дэлхийн шилдгүүдэд халгаатай байна. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан олон теннисчин эхний өдрөөс л хасагдаж эхэлсэн бол өчигдөр бас нэгнийх нь ээлж иржээ. Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Каролина Возняцки болон Германы Юлия Гергес нар өнгөрсөн сард Штутгартын нээлттэй тэмцээний финалд таарахад, герман теннисчин илүүрхэж байлаа. Улмаар дэлхийн чансааны 27 хүртэл дэвшсэн Гергес, Возняцки нар дахин Мадридад таарав. Данийн теннисчний эсрэг хэрхэн тоглох арга барилаа олсон Юлия Гергес тоглолтын эхнээс л давуулалтуудаа амжилттай болгож, урд болон арын шугамын довтолгоог хослуулсан нь үр дүнгээ өгч, 6:4 харьцаатай эхний сетийг тэргүүлжээ. Харин дараагийн сетэд Возняцки довтолгоогоо эрчимжүүлснээр 6:1-ээр хожсон байна. Шийдвэрлэх сетэд найм дахь гейм тоглолтын хувь заяаг шийдэв. Возняцкийн цохилт талбайн гадна унаснаар брейк авсан Гергес тулааны ялагч болжээ.
Ийнхүү Беларуссийн теннисчин Виктория Азаренка шөвгийн наймд шилдгүүдийн нэр төрийг хамгаалахаар үлдэж байна. Тэрбээр цагаан хуудсаар оролцож байгаа Испанийн Аранца Пара Сантонжатай гуравдугаар шатанд таарч, 6-0; 6-3 харьцаатай хожжээ. Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд буй Азаренка шөвгийн наймд Чехийн Люси Сафароватай тоглоно.