Утаатай тэмцвэл төлөх татвар багасна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцвэл төлөх татвар багасна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй “Их тэнгэр цогцолборт өчигдөр уулзсан. Уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулга хорооныхоо энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ “Хороо 2011-2012 өвөл утаа багассан байх ёстой гэсэн зорилго тавьж ажиллаж байна. Мэдээж урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх хот, дүүргийг хөгжүүлэх, авто болон төмөр зам, орон сууц барих төслүүд бидний анхаарлын төвд байх ёстой. Улиг болсон хуучин зүйл ярьж байгаа мэт сонсогдож магадгүй. Гэхдээ чанарын өөр түвшинд хийхээр ярьж байгаа юм шүү. Хамгийн гол нь түлшээ, зуухаа солих ёстой юм байна. Дулаалгаа сайжруулах, автомашины утааг анхаарах, гэр хорооллын 1400 орчим нам даралтын зуухны асуудлыг шийдэх учиртай юм байна. Эдгээр нь ирэх 4-5 сард хийх ажлын чиглэл. Бид өнөөдрөөс энэ ажлаа эхэлсэн.  Хязгаарлалтын бүсэд орсон 11 мянган айл энэ оноос түүхий нүүрс түлэхгүй. Бид зөвхөн коксон болон үртсэн түлшийг ярьж байгаа.

Шахмал түлш гэдэг ойлголтыг халсан. Утаа маш бага гаргадаг, гүн шаталттай зуух тараана. Юуны өмнө Монголын олон мянган аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон та бүхэн нийслэлийн утааг багасгах ажилд  нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж оролцоосой гэж урьсан юм. Хамгийн гол нь гэр хороололд амьдардаг өөрийн аж ахуйн нэгжийн ажилчиддаа зуух, түлш авахад нь туслаасай гэж хүсч байна. Эмзэг бүлгийнхэн хуучин гэртээ хаймер, хуванцраа түлсээр байх болно. Иймд эмзэг бүлгийнхэнд хандсан санаачилга гаргаасай гэж хэлмээр байна. Та бүхэнтэй нийслэл, дүүрэг, хорооны хэмжээнд хамтарч ажиллахад бэлэн байна” гэж хэллээ.

Ерөнхийлөгч утааг бууруулахад идэвх гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн Татварын албаны дарга С.Энхбаатар, цахилгааны шинэ эх үүсвэрийн тухай Д.Зоригт сайд, УИХ-ын гишүүд юу бодож байгааг Л.Гантөмөр гишүүн хэлнэ үү гэв.

Аж ахуйн нэгжийн орлогын албат татварын тухай хуульд нийслэлийн утааг бууруулахад гаргасан зардлыг, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд  энэ чиглэлээр тоног төхөөрөмж авсан иргэдийг татвараас чөлөөлнө гэж заасан байгаа. Харин түүнийгээ нотлох албан бичигтэй байх ёстой гэж Энхбат хэллээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг Засгийн газар хэлэлцээд энэ онд эхлүүлэхээр болсныг дурьдаад зургадугаар цахилгаан станцыг нүүрсний уурхай түшиглүүлэх үзэл баримтлал байгааг дуулгав. Тэрээр бас хувийн хөрөнгө оруулалт энэ чиглэлээр байж болохыг сануулсан юм.

-Бид Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, дагуулаад тогтоол гаргасан. Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гуравдугаар сарын 15-ны дотор оруулж ирэх ёстой ч одоо хүртэл алга. Тиймээс хэсэг гишүүн нийлж бүлэг байгуулаад араас нь хөөцөлдөж байна. Хариуцсан хүмүүст нь хариуцлага тооцох асуудлыг хамтад нь ярих ёстой юм шиг байна. Энэ утааны ажилд ганц төр бус бизнесийнхэн оролцох ёстой. УИХ дахь “Цэвэр агаар” бүлэг Засгийн газар, холбогдох байгууллагуудыг хууль, хөтөлбөрийг шийдвэртэй, шуурхай хэрэгжүүлэн бодитой үр дүнтэй ажиллахыг шахаж, шаардах, хяналт тавих, иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж байна. Мөн эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид хүч бололцоогоо нэгтгэн, компаниуд ажиллагсдынхаа эрчим хүчний хэмнэлттэй, агаар бага бохирдуулдаг дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахыг уриалж байна гэж УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлэв. Тэрээр уриалгаа аж ахуйн нэгжүүдийн захирлуудад гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Ерөнхийлөгчийн зүгээс санаачилга гарч байна гэж яриад байна. Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс ийм санаачилгууд гарч байгаа юм. Би бол утаатай хотын л нэг иргэн. Манайх утаатай хотод амьдардаг нэг айл. Утаатай хотын өрхийн тэргүүн бүр ийм санаачилга гаргах хэрэгтэй. Ингэж байж бид утаанаас сална. Утааны хорт бодисууд 2-3 үедээ дамждаг гэж ярьдаг. Ийм орчныг бид үр хүүхэддээ үлдээмээргүй байна. Ийм хордсон үндэстэн үлдээмгүй байна. Төрөөсөө авахуулаад иргэд, аж ахуйн нэгжүүд нь оролцоод энэ асуудлыг шийдэхэд бүгдээрээ санаачилга гаргая. Төрийн зүгээс эрх зүйн нөхцөлийг нь бүрдүүлжээ гэж бодож байна. Жирийн иргэн утаанаасаа салах гээд түүндээ хөрөнгө гаргасан бол хүн амын орлогын татвараасаа чөлөөлөгддөг, аж ахуйн нэгж оролцоод хандив өргөсөн бол бас татвараасаа чөлөөлөгддөг хэмжээнд шийдэж өгчээ. Дээр нь сэргээгдэх эрчим хүчний болон үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмж тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөгддөг. Тэгэхээр төрийн ч бай, хувийн ч бай аж ахуйн нэгжүүд  гэр хороололд амьдардаг ажиллагсдынхаа тоог гаргаж, стандартад нийцсэн гэр, зуухтай болоход хэдэн төгрөг хэрэгтэйг тооцоод тусалж, журмынх нь дагуу татвараасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Энэ маш зөв шийдэл гэж би бодож байна.

Улаанбаатарт гэр байшин хосолсон 98 хороотойн 83 нь дан гэр. Нэг аж ахуйн нэгж, нэг хороо гэсэн хөдөлгөөн өрнүүлж болно шүү дээ. Ер нь энэ хороог утаанаас салгая гээд гэрээ байгуулаад ажиллахад 98 аж ахуйн нэгжийн асуудал байна. Энэ  бол дийлдэшгүй асуудал, дийлдэшгүй гамшиг биш. Ийм боломж бий. MCS групп хэдий алдагдалтай ч 200 мянган айлын түлшний асуудлыг шийдье гээд хийн түлшээр хангах ажилд оролцож байна.

Мөн Хас банкныхантай уулзаад манайх утаа гаргадаггүй, олон улсын стандартад нийцсэн зуухтай боллоо гэж бүртгүүлээд мөнгө авах боломж бий. Нэг төрлийн бизнес гэсэн үг. Утаатай, нүүрс хүчлийн хийтэй тэмцдэг Олон улсын байгууллагууд нэг утаа гаргагчид утаанаас ангижирсны нь төлөө 70 хүртэл доллар сард өгч байна. Гэрийн бүрээс, зуухаа олон улсын стандартад нийцүүлчихвэл хөдөөний малчин айл ч түүнд бүртгүүлж болно. Нэг зовлон нь стандартад нийцсэн эсэхийг баталдаг байгууллага нь Бээжинд эсвэл Европт байдаг. Иймээс тэр байгууллагын салбарыг Монголд байгуулах эсвэл тэр байгууллагын эрхийг авсан аж ахуйн нэгж байгуулах хэрэгтэй. Тэр нь стандартыг нь хүлээн зөвшөөрдөг, мөнгийг банкаар дамжуулаад авдаг байж болно. Өөрөөр хэлбэл монголын яндан бүрээс гарч буй утаа эргээд бизнес болж байна. Утаанаасаа салах нь бидний асуудал. Улаанбаатар утаанаасаа салах нь хүн төрөлхтний асуудал юм. Одоогоор манай 1700 гаруй айл бүртгүүлсэн байгаа. Бүртгэлээ дагуулаад шалгадаг. Ийм сүлжээ дэлхийд бий болчихоод байна. Энэ сүлжээг оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй. Өөр нэг хэлэх зүйл бол Улаанбаатар амьдрахад аюултай хот. Дээр нь цаашид амьдрахад өндөр үнэтэй хот болно. Үүнийг хөдөөнөөс орж ирж байгаа иргэддээ ойлгуулъя. Газар хөдлөлийн аюул л гэхэд 18 дахин их юм байна. Хүүхэд генийн өөрчлөлттэй, уушиг нь цоорхой төрж байна. Тэгэхээр цаашид 5-6 дагуул хот байгуулах хэрэгтэй болж байна. Ингээд бодохоор Улаанбаатарын төв рүү бол хөрөнгө оруулалт хэрэггүй юм байна. Налайхаас цааш, Багануур руу хөрөнгө оруулаад явах нь зүйтэй юм гэдгийг ойлгох нь зүйтэй. Хотын төвд байгаа барилга, аж ахуйн нэгжийн байранд өндөр татвар ногдуулдаг болох санаачилга мөдхөн гарна. Дагуул хотуудад татвар нь бага, бүтээн байгуулах боломж илүү байх энэ нөхцөлийг л бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.

Үүний дараа аж ахуйн нэгжүүд тухайлбал, Монроуд, Өгөөж чихэр боов, Номин холдинг, Клийн энержи, ТЭЦ-4, Боргио тоосго, Худалдаа хөгжлийн банк зэрэг олон компани өөрийн  байгууллагуудад ажилладаг  гэр хорооллын айл өрхүүдийн коксон болон үртсэн түлш, зуухыг авч өгөхөө амлаж, нийслэлээ утаагүй болгох санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэ ажлыг мэргэжлийн нь олон нийтийн байгууллагаар дамжуулан зохион байгуулах нь зүгээр юм байна гэж бодлоо. Гэрээсээ, ажлын газраасаа эхлээд ногоон технологид шилжих нь зүйтэй. Одоо байгальд, хүнд ээлтэй технологийг л сайн гэж үздэг болсон байна. Айл төдийгүй аж ахуйн нэгж бүр энэ чиглэл рүү явбал том алхам болно. Утаа бол эрүүл мэндийн төдийгүй хөрөнгө оруулалтын, бизнесийн орчныг муутгадаг юм байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төгсгөлд нь онцлон анхааруулав

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж