
Нийслэлд өчигдөр яаралтай түргэн тусламжийн 2196 дуудлага ирсэн байна. Үүнээс 478 иргэнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Харин 105 хүнд зөвлөгөө өгч, архи хэтрүүлэн хэрэглэсэн 18 иргэнийг холбогдох газар нь хүргэж үйлчилжээ. Ажлын өдөрт дунджаар бодит дуудлага 480-560 орчим байдаг. Харин энэ тоо амралтын өдөр 800 хүрч нэмэгддэг байна. Хамгийн их ачаалалтай цаг бол өдрийн 16:00-02:00 цаг хүртэлх үе гэнэ. Өдрийн нийт дуудлагын 50 хувь нь зөвхөн энэ үед ирдэг. Ер нь бол яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг дуудлага авснаас хойш 20 минутын дотор хүргэх ёстой. Гэтэл нийслэлд түргэн тусламжийн машин замын түгжрэл бага үед ойрхон зайнд бол энэ хугацаандаа амжиж шаардлагатай газраа хүрдэг. Харин хол, түгжрэлтэй бол нэг цаг хожимдох энүүхэнд. Стандарт нь бол 10 мянган хүн тутамд нэг эмч, нэг машин үйлчлэх ёстой аж. Өнөөдөр сая нэг зуун мянган хүн амтай нийслэлд хоногт 24 машин, мөн тооны эмч ажиллаж байгаа нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа юм.
Яаралтай түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Нэг өдөрт дунджаар яаралтай түргэн тусламжийг 480-560 хүнд үзүүлдэг. Гэтэл бид өдөрт 24 машинаар үйлчлээд ч хүрэлцэхгүй, цаг алдахаас эхлээд асуудалтай тулгарч байна. Манай түргэн тусламжийн төвд 1997 оноос хойш шинэчлэл хийгээгүй. Сүүлийн таван жил 12 машин нэмж олгосон. Одоо яаралтай түргэн тусламжийн зориулалтын 36 машинтай. Бид удаа дараа холбогдох газарт нь мэдэгдэл хүргэж байсан ч одоо болтол машин өгч нэмэр болсон юм алга. Нэг л өдөр яаралтай түргэн тусламжийнхан машингүй болсон гэхэд гайхахааргүй л болоод байна” гэж байв.
Хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн нэгэн хорооны иргэн хутгалуулж хүнд гэмтэл авч яаралтай түргэн тусламж дуудсан байна. Харин түргэн тусламж 40 минутын дараа очсон бөгөөд гэр хорооллоос Цэргийн госпиталь хүртэлх замын түгжрэлийг тооцвол 35 минут зарцуулжээ. Ингэхээр өвчтөн яаралтай тусламжийг гэмтсэнээсээ хойш нэг цаг 25 минутын дараа авсан гэсэн үг. Гэтэл өвчтөн биедээ таван удаа хутгалуулсан бөгөөд бөөрний гол судас тасарснаас дотуур их хэмжээний цус алдаж, яаралтай хагалгаанд орсон ч хугацаа алдсан тул эмч нар хожимджээ. Хагалгаанд орсон эмч “Өвчтөн цус их алдсан байна. Хүний биед таван литр орчим цус байдаг. Энэ өвчтөн үүний гурван литрийг буюу дийлэнх хувийг алдсан байсан. Мөн авсан шарх нь их хүнд байлаа” гэсэн дүгнэлтийг өгсөн. Түргэн тусламж хүлээж байх зуур тэр хүн их хэмжээний цус алдсан байж. Харин үүний улмаас гурван хүүхэд эцэггүй болж хоцорсон. Энэ бол харамсалтай хэрэг. Үнэхээр нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа түргэн тусламжийн машины тоо, замын түгжрэл, ачааллыг бодоод үзэхэд өнөөдөр энэ мэт харамсалтай явдал хэчнээн өрхөд учирч, хэдэн хүүхэд эцэг, эхээ алдан өнчирч байгааг бид мэдэхгүй.
Саяхан Сүхбаатарын талбай дээр 1200 такси хүлээж авах нээлтийн ёслол сүр дуулиантай хийсэн. Эхний ээлжинд 400 такси орж ирсэн. Энэ таксины нэг бүрийн үнэ 21 сая төгрөг. Харин яаралтай түргэн тусламжийн зориулалтын нэг машин 30 сая төгрөгийн өртөгтэй. Харьцуулвал нэг ихгүй зөрүү гарч байгаа биз. Хувийн хэвшлийн нэг компани нэг таксиг 21 сая төгрөгөөр оруулж ирж байхад бүхэл бүтэн нэг улсын төр 30 саяар хэдхэн түргэн тусламжийн машин авах чадваргүй байна гэдэг харамсмаар санагдана.
Өвчингүй бол жаргал гэж ярьдаг. Харин Хотын дарга, салбар хариуцсан сайдаас нэгэн зүйл асуумаар. Та, бас таны ойр тойрныхон өвддөг л байх. Харин тэр үед та түргэн тусламж дууддаг уу гэж асуумаар байна. Үгүй байх, харин үүний оронд та гадаад явдаг. Хэрэв та түргэн тусламж дууддаг байсан бол нийслэлийн сая нэг зуун мянган хүнд 24-хөн биш 240 магадгүй үүнээс их машин байх байсан. Тэгэхээр түргэн тусламжийг тун ч арга ядсан ард түмэн дууддаг болж таарч байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Үнэхээр түргэн тусламжийн машиныг нэмэх хэрэгтэй гэдгийг дээрхи ганцхан өдрийн ганцхан жишээ харуулж байгаагаас та нэгийг бодоод үзээрэй.
Яаралтай түргэн тусламжийн төвийн дэд захирал хэлэхдээ “Нэг сая хүнд автомашины тоо 24 гэдэг бол үнэхээр сүйрэл. Мэдээж машин техник эвдэрнэ, актлах хэрэг гарна. Нэг улсын нийслэл яаралтай түргэн тусламж үзүүлдэг 36 машинтай, үүнээс өдөрт 24-ийг нь ашигладаг гэхээс ичмээр байгаа биз. Бидэнд бол эмч байна, эм тариа нь байна. Ганцхан дутаж байгаа нь зориулалтын машин. Бид ямар автобусаар явалтай биш дээ” гэж халаглаж байлаа. Удахгүй 2012 оны УИХ-ын сонгууль болно. Сонгуулиар их олон зүйлийг амлаж, тарааж цацдаг. Яах вэ, шоудаад ч хамаагүй түргэний машины тоог нэмээд өгөөч. Хэзээ машины тоог нэмж, хэзээ ачааллыг нь багасгах юм бэ эрхэм дарга нар аа?