
Sony компанийн серверүүд өнгөрсөн сард хакердуулж, одоогийн байдлаар 100 сая гаруй онлайн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдаад байгаа. Гэсэн ч эл хэрэг өдөр ирэх тусам улам даамжирч, Эрик Шнайдермэн гэх АНУ-ын Нью Йорк мужийн хуульч тус компанийг шүүхэд дуудаж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэрхэн хамгаалдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан байна. Тэрбээр АНУ дахь Sony Computer Entertainment, Sony Network Entertainment, Sony Online Entertainment зэрэг Sony-ийн гурван салбарт хандсан зарга мэдүүлжээ.
Зарим эх сурвалжууд Sony компанийн серверийн програмууд хуучирч, сүлжээнүүдийн хамгаалалт маш сул байсан тул кибер гэмт хэрэгт компанийн удирдлагууд буруутай гэж үзэж байгаа юм. Харин Sony компанийн удирдлагууд тэдний эсрэг мэдүүлсэн заргыг сайтар нягталж үзээд хариу мэдэгдэх болно гэжээ.
Б.Энхцэцэг