УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар өчигдөр өргөн барилаа.

Сонгуулийн хууль дүрмийг ноцтой зөрчиж байгаа этгээдэд хүлээлгэх хариуцлага  сул  байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах замаар сонгуулийн үеэр гардаг хууль бус байдал, ноцтой зөрчлийг арилгах зорилгоор  уг хуулийн төслийг  боловсруулсан байна.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу авахаар завдахыг Үндсэн хуулиар хориглосон тул тийм үйлдэл бүрт гэмт этгээд хууль зүйн хатуу хариуцлага хүлээх ёстой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Иймээс хуульд заасан журмаас өөр аргаар төрийн эрх мэдлийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд шилжүүлэн авсан буюу авахаар завдсаныг хууль бус гэж үзэхээр хуулийн төсөлд тусгажээ.
 Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн аваад сонгуулийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц мөнгөний амлалт, эд материал тараах зөрчил сонгуулийн үеэр гардаг. Ийм зөрчлийг арилгах нь шударга сонгууль явуулах нэг хүчин зүйл болохыг онцлоод цаашид УИХ-ын сонгуулийн үеэр ийм хэрэг гарсан тохиолдолд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа  илэрхийлэв.

Мөн өдөр УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Оюунхорол нар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.  Төсөл санаачлагчид УИХ-ын Нийгмийн бодлого, боловсол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гэсэн нэрэнд эрүүл мэндийн асуудал орхигдож байна гэж үзээд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний бүх салбар тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа тул байнгын хорооны нэрийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо гэж өөрчлөх нь зүйтэй байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж