
NBA-ын “Лос-Анжелес Клипперс” багийн довтлогч Блейк Гриффин улирлын шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал хүртлээ. Тэрбээр 100 хувийн саналаар, өрсөлдөгчгүйгээр шилдэг рүүки тоглогчоор тодорсон нь NBA-ын түүхэнд 21 жилийн дараа давтагдаж буй хэрэг юм. Нийтдээ 118 спортын сэтгүүлч Гриффинд тэргүүн байрын төлөөх санал өгснөөр 1990 онд “Сан Антонио”-гийн рүүки Дэвид Робинсоны амжилтыг давтжээ. Орон нутгийн цагаар лхагва гаригт Гриффинд шагналыг нь гардуулан өгсөн юм.
2009-2010 оны улирлыг бэртлийн улмаас өнжсөн Гриффин энэ жил рүүки статустайгаар тоглож, бүх рүүки тоглогчдыг оноо авалт болон самбараас бөмбөг авалтаараа тэргүүлж, улмаар Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэр түрүүлэн олон сая хөгжөөн дэмжигчтэй болоод байгаа билээ. Гриффиний хувьд энэ нэр хүндтэй шагнал түүний NBA-ын замналд олдох ганц шагнал биш гэж үзэж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Ердөө эхлэл нь гэнэ. Гриффин түүхэнд энэхүү шагналыг өрсөлдөгчгүйгээр авч байгаа гурав дахь тоглогч болж, Робинсон, Крис Пол нарын дараа бичигдэх боллоо.