Хятадын эрх баригчид Н.Каныг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Хятадын эрх баригчид Н.Каныг шүүмжилжээ

Японд өнгөрсөн гуравдугаар сард болсон цунами, газар хөдлөлтийн улмаас “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын хэд хэдэн реактор дэлбэрэх аюул бий болсон билээ. Үүний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис ялгарч, тэр нь зөвхөн Япон гэлтгүй Хятад, Өмнөд Солонгос тэргүүтэй ойр орчмын оронд тархаж байна гэх шүүмжлэл дагуулж байв. Үүнтэй зэргэцээд АНУ, Франц, Герман, Их Британи тэргүүтэй Европын орон, Канад, Австрали, ОХУ, Хятад, Сингапур улс Японы Фукушима, Ибараки зэрэг мужаас авах импортын бараа, бүтээгдэхүүнд хориг тавьсан билээ. Улс орнуудын хувьд Японы эрх баригчдаас цацраг идэвхт бодисын түвшин хэддүгээр зэрэгт хүрч байгаа талаар цаг алдахгүй мэдээлэл авахыг шаардаж байгаа юм. Хятадын эрх баригчид л гэхэд Шар тэнгисийн орчимд хорт бодис илэрсэн гэх мэдээлэл тархахтай зэрэгцээд Японы Засгийн газраас “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын орчимд юу болж байгаа талаар дэлгэрэнгүй тайлагнахыг хүсчээ. Гэхдээ өнгөрсөн даваа гарагт “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын эх газар дээр хорт бодисын түвшин хэвийн хэмжээнд байгаа аж. Энэ талаар Хятадын Үндэсний онцгой байдлын газраас мэдэгджээ. Тус байгууллагын судалгаагаар ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд ямар ч асуудал гараагүй аж. Тиймээс Японы “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцаас ялгарсан цацраг идэвхт бодис Хятадад төдийлөн аюул занал учруулаагүй бололтой хэмээн зарим шинжээч дүгнэжээ.

Японд болсон байгалийн гамшгаас үүдэлтэй цацраг идэвхт бодисын аюул занал нь ойрын хоёр, гурван жилийн хугацаанд цөмийн реакторын салбарыг хүнд байдалд оруулж магадгүй юм. Гэхдээ атомын эрчим хүчний эрэлт урт хугацаанд өснө гэх хүлээлт байгаа. Токио  хотоос 240 км зайтай орших “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцад болсон ослыг арилгаж, 1986 онд дэлбэрсэн Чернобылийн станцын аюулыг давтахгүйн тулд Японы инженерүүд чамгүй хөдөлмөрлөж байгаа билээ. Өмнөд Солонгосын эрчим хүчний компани болох “KEPCO”-ийн дэд захирал, цөмийн төсөл хариуцсан мэргэжилтэн Бён Жун Ёон “Японд болсон энэ хямрал ойрын жилүүдэд уран, цөмийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж болох юм. Гэхдээ 10 жилийн дараа эрэлт дахин өсөх нь дамжиггүй” гэжээ. Хятадын Засгийн газрын хувьд цөмийн маш олон реактор байгуулахаар төлөвлөж байгаа. Тэд энэ зорилтоосоо хазайхгүй нь тодорхой. Хүн амын тоо нь гэрлийн хурдаар өсч буй тус улсын хувьд зөвхөн нүүрс ашиглан дулаан гаргахаас илүүтэйгээр хямд өртөгтэй атомын эрчим хүч гарган авч, хэрэглэх нь ашигтай билээ. Ямартай ч өнгөрсөн сард Японд болсон хямралаас үүдээд Хятадын эрх баригчид атомын цахилгаан станц байгуулах стандартаа чангатгажээ.

Одоогийн байдлаар Фукушима дахь нөхцөл байдал сайжраагүй хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Наото Кан цацраг идэвхт бодисын аюул бодитой нүүрлэж буйг үгүйсгэсэн билээ. Гэхдээ Токиогийн их сургуулийн профессор, цацраг идэвхт бодисын шинжээч Тошисо Косака саяхан Японы Кабинетын нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцрох өрөгдлөө өгсөн. Тэрбээр Японы Засгийн газар хорт бодисын аюул, заналхийллийг арилгахын төлөө, ард иргэдийнхээ өмнөөс бүх хүчин чармайлтаа дайчлахгүй байна хэмээн буруутгаж, нүдэндээ нулимстай ажлаа хүлээлгэжээ. Гэхдээ энэ бол албан бус эх сурвалжийн мэдээ. Үүнээс болж ажиглагчдын зүгээс Японы Засгийн газрыг Фукушимагийн орчимд чухам юу болж байгаа талаарх хуурамч мэдээлэл цацаж, бодит байдал харьцангуй намжсан мэтээр дүрсэлж байна хэмээн хардах нь ихэсчээ. Өнгөрсөн сарын 14-нд “Фукушима Дайчи”-ийн цөмийн реакторын орчимд дэлбэрэлт гарсны дараа хаа байсан Их Британийн арлын баруун эрэгт хүртэл хорт бодис илэрч байв. Хамгийн сүүлийн мэдээгээр Номхон далай дахь цацраг идэвхт бодисын түвшин огцом ихсэх хандлагатай байв. “TEPCO” компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын орчимд хийсэн шинжилгээ ч үүнийг нотолсон байна.

Өнгөрсөн сарын дундуур Японы эрх баригчид цацраг идэвхт бодисын түвшин тавдугаар зэргээс хамгийн өндөр буюу долдугаар зэрэгт хүрсэн талаар мэдээлж байв. Өөрийн хэлбэл, цөмийн аюул занал Чернобылийн осолтой дүйцэхүйц хэмжээнд очсон юм. Үүний дараахан Хятадын Бай­галь орчны яамнаас энэ талаар ан­хааруулж, Японы эрх баригчдад нэлээд дарамт үзүүлж эхэлсэн. Ту­хайн үед албаны төлөөлөгчид Хята­дын байгаль орчинд үзүүлсэн нөлөө нь маш бага гэдгийг онцолж байв.
Олон улсын хэвлэлүүдээр Японы энэ аюулыг Чернобылийн гамшигтай зүйрлэх нь олширч. Гэвч “Фукушима Дайчи”-гаас ялгарч буй цацраг идэвхт бодисын хэмжээ Чер­нобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеийнхээс даруй 10 дахин бага юм. Нөгөөтэйгүүр 1986 онд болсон тэрхүү ослын үед станц нь шууд дэлбэрсэн. Харин Японд цөмийн реакторууд хараахан дэлбэрчихээгүй байгаа. Ямартай ч Японы эрх баригчид “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын цөмийн реакторуудыг хөргөхөд зо­риулж ашигласан 11.5 сая литр усыг Номхон далайд асгах шийдвэр гаргасан нь нэлээд шүүмжлэл дагуулжээ. Гэвч тэдэнд өөр сонголт байхгүй. “Синьхуа” агентлагийн мэ­дээлснээр уржигдар Хятадын Ерөн­хий сайд Вэнь Зябао Японы Ерөн­хий сайд Наото Кантай утсаар ярих үеэрээ дээрх асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаагаа онц­лоод олон улсын хууль дүрмийн дагуу ажиллахыг шаардсан байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж