Тэрслүү бүлгийнхэн хоёр ”э”- биш, хоёр ”а”-г мөргөлдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Тэрслүү бүлгийнхэн хоёр ”э”- биш, хоёр ”а”-г мөргөлдүүлнэ

Хоёр “Э” Хүрээ маягийн зодоон хийх гэж үзлээ. Гэвч морь, мал хашрааснаас хэтэр­сэнгүй. Харин одоо улс төр дэх хоёр “А” хоорондоо мөргөлдөнө. Засаглалд хамтарч, A+A=Love хэмээгч ро­мантик томъёол­лыг гаргаж ирсэн на­мууд хүссэн ч, эс хүссэн ч суудал өнцөгдөх үе ирдэг юм байна. Ардын нам болон Ардчилсан намынхны “найр”-ын ширээг хоёр “Э”-ээс гадна тэрслүү гишүүд нь үе, үехэн өшиглөдөг болоод ч удав. “Э”-нүүдийг эрх мэдэлтэй байхад хувь, хишиг хүртэж явсан нөхөд ч тэдний дунд бий. “Элсний 13” фракцид нэгдэж, Д.Зоригт гэдэг мальчикийг байтугай М.Энх­болдын тэргүүлж байсан Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан хамтрагчид ч байх.

Хоёр “А” дахь тэрслүү бүлгийнхэн Д.Зоригт сайдыг дахин онилов. “УИХ-ын дар­гыг хөдөөнөөс ирмэгц огц­руулах саналаа өргөн ба­рина” гэж мэдэгдэх болов. УИХ дахь Ардын намын бүл­гээс Д.Балдан-Очир, Н.Ган­бям­ба, Ц.Даваасүрэн, Д.Тэр­биш­дагва, Б.Чойжилсүрэн, Ард­­­чилсан на­маас “Фортуна” Н.Бат­­­баяр, Г.Баяр­сайхан, “Бридж”  Д.Ган­­хуяг, С.Эрдэнэ, З.Энх­­­­­болд нар энэ удаад сайд огц­руу­лах опе­рацийг удир­­даж бай­гаа дуулдана. Д.Тэр­биш­даг­ва тэргүүтэй Ар­дын намын эсэргүү бүлгийнхний хувьд бүх зүйл ойлгомжтой. Учир нь тэд бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцийнхан. Тий­мээс С.Баярыг Ерөнхий сайд байх үед хамтарсан Засгийн газрыг огцруулах нууц ажиллагаа явуулж байсан удаатай. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба 2009 оны арваннэгдүгээр сард намын дарга, Ерөнхий сайд С.Баярт шаардлага гардуулах ажиллагааг удир­даж, Төрийн ордонд ги­шүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан юм.

Ардын нам дахь тэрслүү 26 “МАХН-ын XXV их хурлаас гаргасан тогтоол огт хэрэгжсэнгүй” хэмээн гомдоллож, “Намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр, бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байсан” гэж шаардлагадаа дурьдаж байсан билээ. Гэвч тэд С.Баярын гарт шаардлага хэмээгч галт бөмбөг атгуулж амжилгүй С.Батболдын эрин үетэй золгосон. Ингэх шалтгаан ч бий. Учир нь экс Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрыг “Стандарт бус” хэмээн тодорхойлсон ч улс төр дэх хоёр “А”-г зүү орох зайгүй болтол нь багцалж дөнгөсөн байлаа. Харин С.Батболдын тэргүүлж буй Засгийн газрыг мөнөөх тэрслүү 26 “Зөөлөн талх” гэж харсан уу, яасан үе, үе хаалгыг нь нүдэх болсоор удаж байна. Хамгийн сонирхолтой нь яг энэ мөчид тэд ашиг сонирхол зөрчилдөж эхэлсэн. Экс Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид “С.Баярын бүрдүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулъя” л гэвэл кноп дардаг рефлекстэй болчихсон улс. Харин тэрслүү 26-д багтаж, намын даргадаа шаардлага гардуулалцаж явсан Ж.Энхбаяр тэргүүтэй 1970-аад оныхон Д.Зоригт сайдыг огцруулахын эсрэг зогсч байгаа юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэхийг УИХ өнгөрсөн өвөл хэлэлцэх үед тэд найзаа аварч байсан билээ.

Хамтарсан Засгийн газрыг хөдөлгөх санаачилгыг энэ удаад Ардчилсан намынхан гартаа авсан нь тодорхой байна. Хоёр “А” дахь тэрслүү бүлгийнхэн хэлэлцсэн ёсоор нам, намынхаа гишүүн-сайд нарыг амлан авч, тамлан зовоох тактикаа хэрэгжүүлэхээр зэхэж эхэлжээ. Ардчилсан намаас С.Эрдэнэ тэргүүтэй эсэргүүчүүд Ардын намын гишүүн-сайд Д.Зо­ригтыг огцруулах саналаа УИХ-ын даргад эхэлж уламжилна. Харин дараа нь Ардын намынхан Ардчилсан намын гишүүн-сайд С.Баярцогтыг “дэгээдэж” унагахыг оролдоно. Хамгийн сонирхолтой нь хоёр сайдыг багцлан авсан нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хэмээгч нэг сумаар хоёр туулай буудахад оршиж байгаа юм. Мэдээж хэрэг, “Ерөнхийлөгч лиценз олголтыг түр түдгэлзүүлчихээд байхад Д.Зоригт сайд лиценз эзэмших эрхийг дур мэдэн сэргээсэн. Сангийн сайд С.Баярцогтын хувьд, гадаадын хө­рөн­гө оруулагчдын мөнгөөр харь оронд зочилсон. Хувийн ком­панидаа төсвийн мөнгийг ху­ваа­рилуулсан” гэх мэт зэмлэл хү­лээнэ. Мань хоёр сайдыг муутгах шалтаг олонтой учраас тэрслүү бүлгийнхэн овоо хараандаа оруул­сан нь энэ. Тэгээд ч хоёр “А”-ийнхан С.Баярцогт, Д.Зоригт нарыг хамтарсан Засгийн газрын гол “сервер” нь гэж үзэж байгаа учраас тэднийг дахин, дахин ёворч байгаа хэрэг. Тэрслүү 26-д Д.Зоригт сайдыг өмөөрч дуугарах хүмүүс мэр сэр бий бол Ардчилсан намын эсэргүүчүүдээс С.Баярцогтыг хам­гаалах хүн бараг алга. Гэхдээ сайд нарыг онилсон улстөрчдийн хувьд, С.Баярцогт, Д.Зоригт нарыг хоёу­ланг нь огцруулах албагүй. Хэн нэгэн нь огцроход л хангалттай. Угаас хамтарсан Засгийн газрын сайд нарыг нэг, нэгээр нь огцруулж, хүчийг нь сульдаах нь л тэдний гол тактик. Тиймээс тэд хоёр сайдыг огцруулж, хоёр “А”-г хооронд нь мөргөлдүүлэн хамтарсан Засгийн газрыг огцруулах ээлжит аян дайнаа эхлэх гэж байх шиг байна. 

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж