-Гадаа бороо орж, хаврын яргуй ургахтай зэрэгцээд Сүхбаатарын талбайд “Төрийн эрх мэдэлтнүүдийг өөрчлөх ёстой” гэсэн эсэргүүцлийн суулт өрнөж байна. Хаврын хаварт болдог энэ жагсаал цуглаанд та үргэлж гол зохион байгуулагчаар нь оролцож ирсэн. Харин энэ удаа харьцангуй хол байгаа бололтой. Тэдэнтэй хамт байсан бол энэ ярилцлагыг офиссийн өрөөнд бус Сүхбаатарын талбайд авах байсан шүү дээ?
-Би иргэдийн эвлэлдэн нэгдэж, эрх баригчидтай хийж буй бүхий л тэмцлийг цаг ямагт дэмждэг. Сүхбаатарын талбайд жагсч байгаа хүмүүс надтай уулзсан. Тавьж байгаа шаардлагад нь буруу зүйл харагдаагүй. Нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудлыг гаргаж тавьсан байсан. Иймд үүнийг зөвхөн хаврын улиралтай холбож ойлгох бус, харин иргэдэд бухимдах шалтгаан байна гэдгийг л олж харах хэрэгтэй болов уу.
-Энэ хариултаас зорилго нэгтэй учраас нэгдэж ажиллах нь гэж ойлгож болох нь ээ?
-Манайд хамтрах саналыг олон удаа тавьсан. Харин миний хувьд зүгээр нэг жагсаал цуглаан хийж асуудалд хандахаас илүүтэй манай нийгэмд зайлшгүй хувьсгал хийх цаг болсон гэж үзэж байгаа. Би өөрөө “Монголд хувьсгал хийх хэрэгтэй” гэсэн үзэл санааны үрийг 2005 онд тарьсан хүмүүсийн нэг нь. Иймд болж байгаа үйл явдлыг өөрийнхөө төлөвлөж байгаа хувьсгал хийх талаас нь харж байна.
-Гол нь хувьсгалыг ямар замаар хийх вэ гэдэгт асуудал нь байх шиг байна?
-Та санаж байгаа бол бид 2005 оноос эхэлж “Хувьсгал хийх ёстой” гэдэг санааг ярьж эхэлсэн. Тэр үед нийгэмд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг ард олны 50 хувь нь дэмжиж байсан. Харин хувьсгал хийх ёстой гэдгийг тав орчим хувь нь дэмжсэн судалгаа байдаг. Гэтэл өнөөдөр 75 хувь нь өөрчлөлт хийх хэрэгтэй гээд 25 хувь нь “Хувьсгал бол зайлшгүй” гэж үзэх болсон байна. Энэ нь өнөөдөр иргэдийн өдөр тутмын амьдралд учирч буй бэрхшээл, эрх мэдлийн хэт төвлөрлийг өөрчлөх, шийдэх арга зам нь зайлшгүй хувьсгал юм байна гэдэгтэй санал нийлж байгаагийн илэрхийлэл. Би хувьдаа тэгж харж байгаа.
-Гэхдээ тэдний эсрэг талд та бүхний хувьсгал хийх тухай ярианаас айж эмээгсэд ч бий гэдгийг мартаж болохгүй болов уу?
-Тийм ээ, хувьсгал гэж ярихаар л цус урсгах нь гэж айдаг хүмүүс байдаг. Миний томъёоллоор бол өнөөдрийн бидний хийх хувьсгал бол энэ олигархийн бүтцийг задлах тухай асуудал. Тун энгийн гэж ойлгож болно. Өнөөдөр манай хүн амын таван хувь нь л Лондонд өндөр зэрэглэлийн харштай, Хавайд очиж биеэ наранд шардаг, Швейцарийн банкинд тусгай данс нээлгэчихсэн амьдарч байна. Тэдэн дээр нэмэгдэх 10-15 хувь нь Улаанбаатартаа амьдардаг, эндээ дээд зэрэглэлд багтах хүмүүс. Үлдсэн 70 орчим хувь нь ерөнхийдөө ядуу амьдралтай. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр олигархиудын гарт орсонтой холбоотой. Энэ оны эдийн засгийн өсөлт 11 хувьд хүрнэ гэсэн тооцоог Сангийн яамнаас гаргасан. Гэтэл тэр өсөлт хэзээ ч жирийн иргэний амьдралд үр дүн болон бууж чадахгүй. Монголын эдийн засгийн өсөлт 11 хувьд хүрлээ гэхэд Баянхошуунд амьдарч байгаа жирийн иргэний амьдралын чадавхи 11 хувиар өсөхгүй. Тэр 11 хувийн өсөлтийг зөвхөн хүн амын 5-6-хан хувийг эзэлж байгаа нөгөө олигархи бүтэц, бизнесийн бүлэглэл л хүртэнэ. Бид үүнийг задлах тухай ярьдаг.
-Хувьсгалыг тэдний бүтцийг задлах замаар хийнэ гэж үү?
-Бид үүний төлөө хувьсгал хийнэ. Өнөөдрийн XXI зууны хувьсгал бол өнгөрсөн зууны цуст тэмцэл биш. Винтов барьж нэг нэгэн рүүгээ буудах тухай асуудал огтхон ч биш.
-Тийм бол өөрийн тань онцлоод, “онилоод” байгаа тэр олигархийн бүтцийг хэрхэн задлах ёстой гэж. Зарим хүний яриаг сонсоход “Сэлэмдэх, буудах, хөрөнгийг нь хураах, эх орноос нь хөөх” гэсэн хурц хэлбэрийн тэмцэл төлөвлөөд байна уу гэсэн хар төрөхөөр байгаа. Дээр нь “Хувь хүн хөрөнгөтэй байх ёстой” гэсэн зах зээлийн зарчмыг ч ор тас үгүйсгэж байсан?
-Хүн хөрөнгөтэй байх эрхтэй нь үнэн. Гэхдээ тэр хөрөнгөө шударгаар олсон байх ёстой. Энэ бол зарчмын асуудал. Энэ олигархийн бүтцийг задлахын тулд бид бүхэн төрд тэднийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллаж байгаа төрийн бүтцийг задлах ёстой.
-Тэгэхээр хувьсгал хийх тухай уриалгаас айж байгаа хүмүүст “Айх хэрэггүй” гэж хэлэх хэрэгтэй юу?
-Тийм ээ. Энд айх зүйл өчүүхэн ч атугай байхгүй. Бид XXI зуунд амьдарч байна. Энэ зуунд хувьсгалыг их өөрөөр томъёолдог болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Ирландад сөрөг хүчин нь шаардсаар байгаад ээлжит бус сонгууль явуулсан. Үүнийг ардчилсан хувьсгал гэж томъёолсныг та харсан байх. Би өөрөө Гүрж, Украйны хувьсгалыг очиж үзэж байсан. Хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө хураалгах нь гэж айж байж магадгүй. Би хэзээ ч бусдын хөрөнгийг хураах большвизмын тухай ярьдаггүй. Яагаад гэхээр манай байгуулж байгаа нийгмийн суурь, мөн чанар нь баялаг бүтээгч чинээлэг иргэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ өнгөрсөн 20 жил дэндүү бохир явсан. Зарим хүн “Эхний нэг сая төгрөгийг хулгайгаар олох нь гэмт хэрэг биш” гэж ярьдаг. Би тэгж боддоггүй. Энэ нийгэм бол XXI зууны нийгэм. Энэ нийгэмд хулгайлсан бүхнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой.
-Харин наад хариуцлага хүлээлгэх тухай саналаас тань “Яаж хүлээлгэх гээд байна вэ” гээд л айх шалтгаан олон хүнд бий шүү дээ?
-Гүржийн Ерөнхийлөгч Михайл Саакашвили сарнайн хувьсгалыг ялуулсныхаа дараа авлигын өршөөл гэдгийг санаачилж, “Та өнгөрсөн хугацаанд хулгайгаар мөнгө олсон байж болно. Тийм бол улсын төсөвт 10 сая ам.доллар тушаа. Энэ тохиолдолд таны гэм бурууг шүүхээ болино. Харин үүнээс хойш та хэзээ ч шударга бусаар мөнгө олохын төлөө хууль бус үйлдэл хийхгүй шүү” гэж уриалсан. Би ийм хувилбарыг харж байгаа.
-Үүнийг О.Магнайгийн хувьсгалын томъёо гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би хувьсгалыг ингэж хийнэ.
-Гэтэл хувьсгал хийхийг хүсэгчид бүгд энэ арга замыг дагахгүй нь ойлгомжтой. Энэ тохиолдолд хувьсгалын тухай уриалга нь шууд анархизм руу түлхэнэ гэхээс та болгоомжлохгүй байна уу?
-Монгол Улс 2.7 сая хүнтэй. Энэ дунд “Буудна” гэж хэлэх нэг хүн байх нь тодорхой. Америкт ч ийм л байгаа. Гол нь нэг хүн “Буудна” гэж хэлснээр хувьсгалын үзэл санааг шууд тэгж ойлгож болохгүй. Би үүнийг л хүсч байна. Бидний амьдарч байгаа зуунд хүчирхийллийн замаар хувьсгал хийгээд хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. Бидний хийх хувьсгалд хүчирхийллийн өчүүхэн ч атугай шинж тэмдэг илэрвэл бид гадны дэмжлэгийг шууд алдана. Хүчирхийлэлд хүрснээр хувьсгал бус төрийн эргэлт болж хувирна. Төрийн эргэлт болоод ардчилсан хувьсгал хоёрын хамгийн том ялгаа нь хүчирхийлэлд хүргэх, хүргэхгүй тухай асуудал. Үүнд л гол ялгаа нь байгаа юм. Өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсч, цуглаж байгаа хүмүүсийн дунд олон нь буу барих санал гаргаж байсан. Харин ч би тэдний дунд хүчирхийллийн тухай тайлбарлаж, хүчирхийлэл гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахын төлөө нэлээд их тайлбарласан. Түүний хүчинд тэр хүмүүс өнөөдөр тайван жагсаал хийгээд явж байгаа. Олон удаа уулзаж ярилцсны хүчинд ийм үр дүнд хүрсэн.
-Та дээр “Бид хүчирхийлэлд хүрвэл гадны дэмжлэг авч чадахаа байчихна” гэж хэлсэн. Үүгээрээ ямар дэмжлэгийг хэлсэн юм бэ?
-Өөрөө санхүүгийн дэмжлэг гэдэг талаас нь харах шиг боллоо. Таны асуултнаас тийм “үнэр үнэртэж” байна. Иймд асуудлыг битгий зөвхөн мөнгөний талаас нь хараасай гэж хүсмээр байна.
-Уучлаарай, би мөнгө гэж нэг ч үг хэлээгүй. Зүгээр л дэмжлэг гэдгийг тань аль талаас нь хэлснийг тодруулахыг хүссэн шүү дээ?
-Тийм бол би дэмжлэг гэдгийг бидний хийсэн хувьсгалыг гадныхан зөвшөөрөх ёстой гэдгээр л хэлснээ тодруулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр хоёр хөрш, Европын холбоо, Америк гээд дэлхийн улс орнууд бидний хувьсгалыг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний төлөө бид тайван замаар хүчирхийлэлгүй хувьсгал хийх ёстой. Хамгийн сүүлд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама “Иргэн хүн тэмцээд засгийн эрхийг авна гэдэг бол төрийн эргэлт биш. Энэ бол иргэдийн яах аргагүй заягдмал эрх. Ийм эрх энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүрт байгаа. Тэр бүх зоригт ард түмэнтэй Америкийн ард түмэн ямагт хамт байна” гэж хэлсэн. Энэ бол авлига, хээл хахуульд идэгдэж, олигархийн бүтцэд дарлуулсан Монголын ард түмэнд ч хандаж хэлсэн үг гэж би итгэж байгаа. Үүнтэй холбоод хэлэхэд өнөөдөр ард түмэн хэнээр удирдуулахыг хүсч байгаагаа сонгох эрхтэй. Гэтэл манайд тэр эрх нь алга. Сая “Та шударга сонгууль болно гэдэгт итгэж байна уу” гэсэн санал асуулга явуулахад 70 хувь нь “Итгэхгүй байна” гэж хариулсан. Иргэд сонгуульд итгэхгүй байна. Гэтэл дарга нар нь “Та нар сонгуулиар өөрчил л дөө” гээд өмнөөс нь инээж суудаг. Сонгуульд итгэдэг хүн ердөө л 30 хувь нь байна гээд бодохоор яах ёстой юм бэ. Өөрчлөх л ёстой болно биз дээ.
-Тэгвэл иргэд ингэж сонгуульд итгэхгүй байгаа тохиолдолд та өөрөө гэхэд юунд итгэж сонгуульд өрсөлдсөн юм бэ. Мэдээж УИХ-ын 2008 оны сонгуулийн тухай асууж байгааг та мэдэж байгаа байх?
-Би нэг удаа л сонгуульд өрсөлдсөн. Тэгэхдээ 2008 оны зургадугаар сарын 31-ний өдрийн үдээс өмнө нь би УИХ-ын гишүүн болчихсон байсан. Гэтэл үдээс хойш нь сонгуулийн дүн луйвардсан хүн нь уйлаад “Би Магнайгийн саналыг С.Оюун гишүүн дээр уншчихсан юм” гэж хэлсэн. Тэгэхэд “Сонгуулийн дүнг дахиж тоолох зүйл, заалт байхгүй” гээд асуудлыг эцэслэж байх жишээтэй. Энэ нөхцөлд хүн яах юм бэ. Би зүгээр сонгуульд ялагдсан гэж гоншигносондоо энэ тухай хэлж байгаа юм биш. Харин шударга сонгууль болох итгэл найдвар бага байгаад хэлж байгаа юм.
-Үүний төлөөсөнд тэгээд долдугаар сарын 1-ний үйл явдлыг эхлүүлэх хэрэгтэй гэж үү?
-Долдугаар сарын 1-нийг өөрөө аль өнцгөөс нь авч үзэж байгаа юм бэ.
-Харин таны аль талаас нь харах ёстой гэж хэлэх нь надад илүү сонин байна?
-Засаг хүн бууддаг талаас нь харж байгаа бол үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Харин ард түмэн нэгдээд саналаа луйвардуулсныхаа төлөө тэмцсэн бол долдугаар сарын 1-н байх ёстой. Нэг ёсны хоёр өнцөгтэй гэсэн үг. Нэг талдаа шударга ёсны төлөө тэмцсэн ард түмэн байхад нөгөө талд нь ард түмнийхээ өөдөөс зэвсэг барьсан төр бий. Эрх баригч талаас нь асуудлыг харвал би “Долдугаар сарын 1 дахин битгий болоосой” гэж хүсдэг. Харин эвлэлдэн нэгдэж, шударга ёсны төлөө тэмцсэн ард түмний өнцгөөс харахдаа би цаг үргэлж ингэж тэмцээсэй гэж хүсдэг.
-Харамсалтай биш гэж үү. Тэр үйл явдлын ард таван хүний амь нас, бэртэж гэмтсэн энгийн иргэд болон цагдаа нарын хохирол гээд маш аймшигтай үр дүн бий. Энэ талаас нь бодвол тийм жагсаалыг эхлүүлэх, хийх, өрнүүлэх хэрэггүй юм биш үү?
-Үнэн. Би санал нэг байна. Гэхдээ аль ч нийгэмд хүчирхийлэл эрх баригчдаас л гардаг байхгүй юу. Иймд би долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг эрх баригчдад, цагдаагийнханд сургамж болоосой гэж боддог.
-Харин өөрийн тань хувьд тэр бүхнийг эхлүүлэхгүй байх байж дээ гэж харамсдаг уу?
-Би өнгөрсөн амьдралынхаа нэг ч өдрийг харамсахаар өнгөрүүлээгүй. Би одоо 28 настай. Миний амьдралын өнгөрүүлсэн өдөр хоног бүр утга учиртай байсан. Тэр бүхэндээ би бахархалтай ханддаг. Тэгээд ч би “Ингэдэг байж дээ” гэж өнгөрсөндөө харамсахаар нэг их том алдаа гаргачихаад сууж байгаа хүн огт биш.
-Сэтгүүлч А.Баатархуяг “О.Магнай тэргүүтэй залууст талархах хэрэгтэй. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд тэдний тэмцэл монголчуудыг эрх чөлөөнийхөө төлөө, сайн сайхныхаа төлөө тэмцэх сэтгэлийн галтай болоход тусалсан. Ардчилсан улс орны иргэн ямар байх ёстой вэ гэдгийг төлөвшүүлсэн залуус шүү” гэж хэлж байсан нь санагдаж байна?
-Намайг магтаж байгаа юм уу, тэ.
-А.Баатархуяг сэтгүүлч л тэгж хэлснийг би энэ ярилцлагын дунд өөрийн тань бодлыг сонсох зорилгоор дуулгаж байна?
-Би баярлалаа гэж хэлэх ёстой байх аа.
-Гол нь өөрийн тань хувьд энэ үнэлэлтийн талаар ямар бодолтой байна вэ. Дээр долдугаар сарын 1-ний талаар асуухад гэхэд л “Би харамсахаар алдаа гаргаагүй” гэж хэллээ шүү дээ?
-Манай А.Баатархуягийн л дүгнэлт юм байна. Би А.Баатархуягийг яг л иргэдийн өнцгөөс л харж байна гэж ойлголоо. Иргэд ингэж харж байгаа. Эрх баригч дарга нар бол “Эд бидний хийсэн бүхнийг нураасан юм даа” гэж бодож байгаа байх. Гэхдээ би Баатархуягийн харж байгаа өнцгөөс харагчид нь илүү олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Ж.Батзандан болон та нарын холбогдсон гэх долдугаар сарын 1-ний хэргийг сэргээсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсныг анзаарсан байлгүй дээ. Тийм үү?
-Надад яг прокурорын байгууллагаас албан ёсоор ийм мэдэгдэл ирээгүй. Би өөрөө ч гэсэн долдугаар сарын 1-ний талаар нэг их зүйл ярих сонирхолгүй байна.
-Яагаад вэ?
-Энэ үйл явдал олон хүний амь нас, эрүүл мэнд, гэмт үйлдэлтэй холбоотой. Иймд би тэр бүхнийг улс төрийн ашиг хонжоо хайх үйлдэл болгож, бусдаас чанга дуугараад байх хэрэггүй болов уу л гэж бодож байгаа. Гэхдээ ирэх онд ч, 2020 онд ч түүнээс цааш ч энэ асуудал яригдсаар л байна байх. Өнөөдөр С.Баяр гэдэг хүний нэр гарахаар л хажууд нь зэрэгцүүлээд О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан гэсэн нэрийг гаргаад эхэлдгийг би анзаарсан. Монголд хэвлэлийн эрх чөлөө гэх ойлголт байдаггүй. Би яах гэж сонин уншиж, зурагт үздэг гэхээр “Эзэн нь юу гэж бодож байгаа юм бол” гэдгийг сонирохсондоо л уншдаг. Дээрх мэдээллийг ч гэсэн тиймэрхүү өнцгөөс нь харж байгаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэнэтийн мэдэгдлүүд долдугаар сарын 1-ний үйл явдалд тодорхой хариулт өгөхөд ахиц болох алхам гэж харах хүн олон байгаа. Өөрийн тань хувьд энэ бүхнээс үүдэн “Шударгаар шийдэх гарц жаахан ч гэсэн нээгдлээ” гэж хэлэх үү. Аль эсвэл эсрэгээр нь “Илрэхгүй” гэдэг хариултыг өгөх үү?
-Би долдугаар сарын 1-ний хэргийг өнөө, маргаашдаа битгий хэл ойрын хэдэн жилдээ шийдэгдэхгүй гэж харж байгаа. Энэ эрх баригчид байсаар байх үед бол бүр ч үгүй биз дээ.
-О.Магнай гэдэг хүний итгэл найдвар яг ямар үед “цуцдаг” вэ. Цаг үргэлж л “буцалж” байгаа харагддаг болохоор сонирхож асуулаа?
-Хаа очиж би нэг их сэтгэл санаагаар унаж, болохгүй нь бүтэхгүй нь гэж шантраад байдаггүй шүү.
-Олон хүн иймэрхүү хариултын дараа “Хаанаас тэгж их хүч гардаг байна аа” гэж асууж мэдэх юм?
-Өөрийгөө магтсан л болох гээд байх шиг байна. Ер нь төрдөг юм даа.
-Та өөрийнхөө зан чанарыг хэлж байна уу?
-Ер нь хувьсгал хүн төрдөг л дөө. Хувьсгалч хүнийг бүтээж болдоггүй юм гэсэн. Өөрөө л төрдөг.
-Гэхдээ 2005 оноос хойш хувьсгалын төлөө тэмцсэн гэхээр зан чанарын хувьд гэхэд өөрчлөлт орж байгаа биз дээ?
-Бүх зүйл л өөрчлөгддөг. Гэхдээ би өөрийнхөө талаар нэг их ярих дургүй. Тэгээд ч өөрчлөгдсөн эсэхийг хүмүүс хараад л хэлэх байлгүй дээ.
-Би бол хэлж мэдэхгүй юм байна. Гол нь хувь хүний тань дотоод мөн чанарын тухайд л бусдын өмнө манлайлагч болж, тэмцэлд уриалдаг гэдэг утгаар нь асуултаа давтлаа. Ядаж л бусдыг уриалж байгаа хүн чинь өөрийн тодорхой нэг хүчийг бусдад илүүтэй тодруулж харуулахыг хүсэх нь тодорхой шүү дээ?
-Эр зориг хамгийн чухал нь байдаг. Энэ шинж чанараа би гээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Нөгөө талдаа харьцангуй романтизмаас татгалзсан байх. Анхны үед бол мэдээж тодорхой хэмжээний романтик мөрөөдөл байсан л байх. Өнөөдөр бол тийм биш болсон байна.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин