
-Үндэсний шигшээ багийн бүтэц, бүрэлдэхүүний талаар эхлээд ярилцъя. Монгол Улсын төрөөс спортын хэдэн төрөлд шигшээ баг барьж байна вэ?
-Олимпийн наадмаас медаль авдаг бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх болон хөнгөн атлетик, хүндийг өргөлт, байт харваа, гимнастик, тэшүүр, цана, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара байт харваа, пара буудлага гэсэн спортын 14 төрлөөр шигшээ багийг цалинжуулан төрөөс зардал санхүүг нь хариуцан ажиллаж байна. Нийтдээ Үндэсний шигшээ багт 144 тамирчин, 32 дасгалжуулагч багтдаг. Үүнд насанд хүрэгчид, залуучуудын ангиллыг оруулсан байгаа. Тус бүртээ 30-40 хүнтэй бокс, жүдо, чөлөөт бөхийн баг төдийгүй гурав дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэй хүндийг өргөлт, гимнастик, байт харвааны багууд ч бий. Манай алба бол эдгээр багуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төрийн үйлчилгээг тэдэнд үзүүлдэг.
-Дэлхийн бүх оронд төр засгаас нь шигшээ багаа халамжилдаг уу? Энэ талаар та бүхэн судалж үзсэн үү?
-Аль ч оронд байдаг юм билээ, байх байхдаа төрийн мэдэлд заавал явна. Манай улс шигшээ баггүй болсон богино хугацаанд спортын амжилт муудсан талтай.
-2005 онд ҮШБ-т ердөө 50 сая төгрөгийн төсөв өгсөн гэх баримт бий…
-Тэр үнэн. Гэхдээ яг тэр үеэс эхлэн төр засгаас ҮШБ-ийг онцгой анхаарч төсвийг 2006 онд 189 сая, 2007 онд 1,6 тэрбум, 2008 онд 1,8 тэрбум гээд шууд өсгөж ирлээ. Энэ онд гэхэд одоогоор 1,4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан, төсвийн тодотголоор нэмэгдэж орж ирвэл дээрх тоо өсөх боломжтой. 2011 оны төсвийг бид анх 3,4 тэрбумаар төлөвлөж төсвийн задаргааны хамт гаргаж өгсөн юм. 3,4 тэрбум төгрөгөөр бид энэ онд бэлтгэл сургуулилтаа 100% хийнэ, оролцох ёстой уралдаан тэмцээнүүдэд дэлхийн түвшний амжилт үзүүлнэ гэсэн санаа л даа. Гэтэл шат шатанд танагдсаар 1,4 тэрбум болж багассан хэрэг. Бэлтгэл цугларалт, витаминжилтын зардлаас болж өгвөл нэг төгрөг ч хасахгүйн төлөө бид чармайдаг. Тамирчдыг жилдээ 7-8 гадаадын тэмцээнд оруулахыг чухалчилдаг. Өндөр зэрэгтэй тамирчид тэмцээнээс тэмцээнд бэлтгэлээ хангадаг гэдэг дээ. Ингэхийн төлөө ч ҮШБ-ийн алба хичээж байна.
Хэрэглэл материал, сумны зардал мэтийг тусдаа төлөвлөдөг. Буудлагын тамирчдын сумыг энэ оны эхэнд 100 гаруй сая төгрөгөөр захиалчихсан. Ер нь аливаа улсын шигшээ баг олимпоос олимпод бэлтгэхэд хамгийн гол хүчин зүйл нь санхүүгийн асуудал. Үүнийг аль сайн шийдсэн нь мундаг явдаг. Гэсэн ч бид байгаа төсвийнхөө хүрээнд, ивээн тэтгэгчид, спортын холбоод, МҮОХ, иргэд байгууллагын хандив хамтын ажиллагаагаар бэлтгэл сургуулилтыг төлөвлөгөөний дагуу макро, микро түвшинд хийгээд явж байна. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг ихээхэн байгаа.
Гэхдээ зөвхөн төсөв мөнгө хангалттай байхаар амжилт гаргана гэж ойлговол өрөөсгөл. Харин ч бүгд хамтарч, бүгдийг шийдэж явснаар жилээс жилд ахиц гарах боллоо. Тамирчдын ухамсар дээшилж, бэлтгэл болон амжилтын түвшин дэлхийн зиндаанд оччихсон яваа. Энэ менежментийг манай шигшээ багийн албаныхан цаашид ч сайжруулан хийнэ. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууд гэрээгээр хийж үйлчлэх зарчмыг ноднингоос манай алба туршиж үр дүнд хүрсэн. 2011 оноос гэрээгээ хийгээд, сургалт дасгалжуулалтыг бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу төсвийн хуваарилалт хийж төрөөс даах уралдаан тэмцээнийг гаргаад өгсөн.
Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилласнаар төсөв санхүү нээлттэй байх, явуулж байгаа үйл ажиллагаанд хамтарснаар аль аль талдаа хялбар, төрийн үйлчилгээг ил тод болгож, хяналтаа тавиад явдаг системийг анх удаа хийж байна. Ингэснээр холбоодын гаргах мөнгө тодорхой болж байгаа юм. Урьд нь дасгалжуулагч мөнгө хайгаад пүүс компанийн босго элээдэг явдал байсан, харин Бээжингийн олимпоос хойш энэ байдал ерөнхийдөө зогссон. Гэхдээ зогссон гэдгийг хангалттай болоод тэгсэн хэрэг биш, бүх зүйл тодорхойгоос зөвхөн бэлтгэл цугларалтдаа анхаарч, бүх юмаа бэлэн болгоод явж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Таныг спорт сонирхогчид андахгүй болов уу. Наяад онд ойрын зайн гүйлтээр ноёлж, 100 метрт тогтоосон улсын рекордыг тань өнөө хэр эвдээгүй л явна. Шигшээгийн тамирчин явсан хүн өнөөгийн шигшээ багийн жолоон дээр суугаад харьцуулахад ямар байдаг бол?
-ҮШБ-ийн албанд 2006 оны эхнээс ажиллаж байна. Өөрөө 1980-1990 онд шигшээгийн тамирчин явсны хувьд харьцуулж үзэхэд социализмийн үед төсвийг төр засгаас дангаараа 100% хариуцдаг, холбоод нь оролцдоггүй байж. Тэр үед Монголын спорт бүхий л төрөлдөө нилээн өндөр түвшинд хүрч байсан юм болов уу. Материаллаг бааз сайн, цалин мөнгө ч боломжийн гэж хэлж болно.
Өнөө цагт бүх юм бэлэн зэлэн биш ч гэлээ ахиц дэвшил бас байнаа. Дэлхий, тивийн хэмжээний тэмцээнд өндөр амжилт гаргавал мөнгөн шагнал өгдөг болсон нь том хөшүүрэг. Урьд цагийнх шиг цалинг амжилтаар ахиулдаг байсан тогтолцоог одоо хийх гэж байна. Цол зэрэгтэй нь холбон спортын мастерт 10, ОУХМ-т 20, Монгол Улсын гавьяат тамирчинд 30%-ийн цалингийн нэмэгдлийг олгодог.
-Тамирчдын дундаж цалин хэд байдаг бол? Олимп дэлхийн аваргууд маань арай өөр үнэлгээгээр цалинжих уу?
-Цалинг бусад салбартай харьцуулахад үнэхээр бага. Насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн 250, залуучуудынх 150 мянгын цалинтай. Олимпийн аваргуудын цалин ч яг л ийм байгаа тул үүн дээр маш их санаа зовж явдаг. Амжилт гаргаж яваа цөөн хэдхэн тамирчны цалинг яагаад 1 саяд хүргэж болдоггүй юм гэж бодогддог. Энэ дагуу цалинг өсгөх журмын төсөл боловсруулж байна, хэрэгжүүлэх талаар ч ажиллаж байгаа.
Манай алба, ҮШБ-т нэгдүгээрт сахилга, дэг журмыг барьдаг болсон. 2011 оныг дотооддоо Ёс зүй, сахилга, дэг журмын жил болгосон, үүний хүрээнд нийт тамирчид, хамт олон маань аягүй гоё болсон. Бүх баг ухамсартай ханддаг, эв нэгдэлтэй, нэгнээсээ сурдаг байдалд байгаа. Ингэж сахилга дэг журмыг мөрдсөний үр дүнд амжилт гарч байна. Бид урьд өмнө гаргаж үзээгүй дээд амжилтынхаа төлөө явдаг. Манай тайлангийн хурал зүгээр нэг тайлан яриад өнгөрдөггүй. Олсон амжилтыг дүгнээд, гаргасан алдаагаа ярьж хэлэлцэж, түүнийг цаашид давтахгүйн тулд ярьж дараагийн асуудлаа төлөвлөж явдаг.
Ер нь үр дүнгээ хэмжихгүй бол амжилтаа алдаанаас ялгаж чадахгүй гэсэн зарчмыг баримталдаг. Тийм учраас тамирчидтайгаа нийлж тайлангийн хурлыг хийж, мэдээлэл болон сул талыг олж харах нь чухал. Удах юм бол үүнийг мартана. Юмыг халуун цэг, тухайн цаг мөчид нь ярьж хэлэлцвэл алдаагаа сайн мэдэрнэ. Дараагийн циклд төр засгаас юуг анхаарах, багуудаас тавьсан хүсэлтийг амласнаар нь биелүүлэхийг чармайдаг. ҮШБ бол төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх байгууллага тул шуурхай байх ёстой, тэгж байж хариуцлагатай, аль аль нь амласнаа биелүүлж, цаг хугацаатай уралдаж ажиллана.
ҮШБ-ийнхны олимпийн бэлтгэл хийх орчин нөхцлийг сайжруулахын тулд бусад орныхтой адилхан болгохыг зорьж байна. Гэхдээ нэг үеэ бодоход олимпийн бэлтгэлийн төвтэй болж, МҮОХ-ны дэргэдэх анагаах ухааны төв тус дэмээ өгдөг болжээ.
ҮШБ нь шигшээ баг-анагаах ухааны алба-эрдэм шинжилгээний алба гэсэн гурвалжингаар, эргэх холбоотой ажиллаж байна. Мэдээж олимпийн наадамд бэлтгэж байна гэдэг бол шинжлэх ухаангүйгээр бэлтгэх ямар ч боломжгүй. Тийм учраас спортын эрдэмтэд, анагаах ухааны оролцоогүйгээр амжилтыг яриад ч хэрэггүй. Дэлхий нийтийн жишиг бас ийм. Бээжингийн олимпийн циклд бид үүнийг хийж эхэлсэн, тэнд алдсан алдааг цаашид давтахгүйн тулд сайжруулаад явж байна.
Монгол Улсад байгалиас заяасан авьяастай тамирчид зөндөө байна. Гагцхүү дэлхий, тивийн түвшинд хүрэхийн тулд спортын шинжлэх ухааныг тэргүүн зэрэгт тавьж үзэж байна. Спортын анагаах ухааны алба, эрдэм шинжилгээний алба, МҮОХ-той хамтарч, спортын судалгаа шинжилгээний ажлууд хийж байна.
Бидний олимпийн наадамд бэлтгэж байгаа ажилд Ерөнхий сайдаар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Олимп хөгжил сан төсвөөс гадна бодлого, чиглэлээр тусалдаг. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгдөг Үндэсний хорооны нийт бүрэлдэхүүнд баярлаж явдгаа илэрхийлье.
Манай ҮШБ Лондон-2012 олимпод бэлтгэх хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. 2010, 2011 онд төрөөс эрх зүй, бодлогын талаас нилээн баримт бичиг, цогц хөтөлбөрийг баталж, ҮШБ-ийн алба цаашид төр засгийн бодлоготой үр дүнг хэрэгжүүлж явж байгаа.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнийг хөдөлгөөнтэйгээр барьдаг болсон тухай дуулддаг…
-2009 оноос ҮШБ-т тамирчид, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журамтай болсон. Журмын дагуу багийг үндсэн утгаараа бүрдүүлэн ажиллаж байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн байнгын хөдөлгөөнтэй болсон. Амжилт гаргасан хэнбугай ч шигшээ багт орох боломжтой, амжилт гаргаагүй бол гавьяа шагналтай хэнийг ч шигшээгээс гаргадаг. Зарчмын хувьд тухайн спортын холбооны саналыг үндэслэн БТСГ-ын сонгон шалгаруулах зөвлөл хуралдаж шийдвэрийг гаргадаг. Энэ бол ардчилал, ил тод байдлын зарчим.
2007 онд анх залуучуудын шигшээ багийг бариад тэднийг 2008 оны олимпод бэлтгэл хангагчаар оролцуулж, 2012 оны олимпийн наадамд бэлтгэж эхлэхээр зорилго тавьж, гурван Цагаанбаатар, гурван Наранбаатар, гурван Гүндэгмаатай болохын төлөө ажилласан. 2010 гэхэд энэ зорилго биелж, жин, дасгал бүрт 3-4 сайн залуу тамирчин төрөн гарч, халз тулааны төрлөөр Монгол Улсдаа байтугай тив, дэлхийд дээгүүр чансаатай тамирчид гарч байна. Өрсөлдөөний зарчмыг бий болгосноор дотооддоо ширүүн өрсөлдөж, хэн хэн нь тив, дэлхийн түвшний тамирчид болон очдог. Үүнийг бодлогоор, 2010 оноос зоригтой үргэлжлүүлж тухайн багт 30-40 тамирчин, 5-7 дасгалжуулагчтай болгож, ганцаарчилсан байдлаар дасгалжуулж, үүний үр шимийг үзэж эхлээд байна. Үүнийг бид хийж чадсан, хийж ч байгаа.
-Сүүлчийн асуулт маань Лондонгийн олимпийн эрхийн тухай. Ямар төрлүүдэд Монголын тамирчид эрх авах боломжтой вэ?
-Олимпийн эрхийн төлөө тэмцээнүүд эхэлж байна. 2011 он бол маш хариуцлагатай жил. Манай ҮШБ үйл ажиллагаагаа сажруулах хэрэгтэй. Спортын холбоод, эрдэмтэдтэйгээ хамтарч идэвхтэй ажиллахыг хичээж байна. Шигшээгийн бүх баг, төрлөөр олимпийн эрхийн төлөө яваа ч бидний гол ажил маань олимпоос медаль авахын төлөө гол анхаарлаа хандуулаад байгаа.
Жүдогийн 10 тамирчин маань дэлхийд чансаагаараа эхний 16-д явж байна. Он гарснаас хойш гадаадын долоо найман тэмцээнд оролцлоо. Гэхдээ 2011 оны тавдугаар сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацааны тэмцээнүүдийн оноог 100%-аар тооцож олимпийн эрх олгох тул маш хариуцлагатай мөчлөг эхэлж байна. 2012 оны тавдугаар сарын 1 гэхэд Олон улсын жүдогийн холбооноос олимпийн эрх авсан тамирчдыг зарлана.
Чөлөөт бөхийнхөн 2011 оны есдүгээр сард Туркт болох ДАШТ-ээс жиндээ эхний зургаад орж байж олимпийн эрхээ авна. Дараа оны Азийн АШТ, өөр хоёр ОУТ бий. Гэхдээ чөлөөт бөхийн эрх олимпоос олимпод улам чангарч байна.
Буудлагын баг өнөөдрийн байдлаар хангалтгүй байна. Саяхан бид тайлан хэлэлцүүлгээ хийж, алдаа оноогоо тодорхой ярилцсан. Гэхдээ манай буудлагын тамирчид 4-5 эрх авахаар зорьж ажиллаж байгааг дуулгая. Үлдээд буй хоёр Дэлхийн цомоос манай буучид эрх авчих байх аа.
Боксчид ирэх намар Бакуд ДАШТ-ээс эрхээ авах ёстой. Эрхийн тэмцээнүүдийг Бээжингийнхтэй харьцуулахад нилээн хүндэрсэн. Ази тивд олимпийн эрхийн нэг л олон улсын тэмцээн бий. Боксын эрэгтэй, эмэгтэй багаараа Лондонд очих зорилготой.
Бусад төрлийн тамирчид ч энэ оны ДАШТ-үүдээс эрхээ авахын төлөө бэлтгэлээ гадаад, дотоодод урт, богино хугацаагаар хийж байгаа. Эхнээсээ хөнгөн атлетикийн төрөлд (марафон гүйлтийн Б.Сэр-Од) эрхийн болзол хангаад явж байна.
Паралимпийн спортын дөрвөн төрлөөс жүдочид одоогоор гурван эрхийн болзол, пара буудлага, пара хөнгөнөөс тус бүр нэг болзол биелүүлсэн. Цаашид уралдаан тэмцээнүүдэд орж эрхээ баталгаажуулж байж Олон улсын холбооноос олимпийн эрхийг зарлах юм.
-Дээрх 14-өөс өөр төрлөөр олимпийн эрх авбал ҮШБ-т хамруулах уу?
-Шигшээ багт байхгүй ч олимпийн төрлийн спортоор эрх авбал шууд ҮШБ-т авна. Гагцхүү үүнийг албан ёсоор баталгаажсаны дараа цалин, хангамжийг эдэлнэ гэдгийг сануулмаар байна.
Зохиогчийн эрх: "Спортын шуудан" сонин