
Үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуягаас тодрууллаа.
-Цагдаагийнхан, та нарын дунд мөргөлдөөн болсон гэх мэдээлэл үнэн үү?
-Өчигдөр өглөө 08.30 цагийн үед “Ургах наран” хорооллын ойролцоох Чулуутын ам гэх газраас морьдоо аваад хотын төв рүү оруулж ирэхээр явж байтал цагдаа нар бүсэлсэн. Баянзүрх дүүрэг, нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрынхнаас бүрдсэн 100 гаруй цагдаа байсан байх. Цагдаа нар бидний унаж явсан морьдыг хүчээр авч Солонгосын нэг компанийн хашаанд хийсэн. Бидний зүгээс морьдоо авахын тулд тодорхой хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэхдээ бид үүрэг гүйцэтгэж байгаа төрийн цагдаатай гар зөрүүлээгүй, мөргөлдөөн болоогүй. Цаашид ч болохгүй байх.
-Морьдоо авах арга байна уу?
-Цагдаа нар үнэндээ морьдыг хүчээр дээрэмдсэн учраас ойрын хугацаанд морьлоо буцааж авна. Ямар ч байсан эхний удаад 18 морио авсан. Одоо тэр хашаанд 13 морь бий. Цагдаа нараас авсан морьдоо таван буудлын ойролцоо авчирсан байгаа.
-Та бүхэн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг суллахыг шаардаж байгаа. Гэтэл хууль хяналтынхан Н.Давааг албадан саатуулсан нь жагсаал цуглаан, хэлэлцүүлэгтэй холбоогүй гэх тайлбарыг өгсөн?
-Бид “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг суллахыг шаардсаар байна. Түүнийг Анод банкны хэрэгтэй холбогдуулан саатуулах байсан вюм бол яагаад одоо баривчилж байгаа юм бэ. Өмнө нь албадан саатуулах хугацаа байсан шүү дээ. Үүнд улс төрийн ашиг сонирхол байгаа нь гарцаагүй.
-Н.Даваа та нарын хэлэлцүүлэг жагсаалыг санхүүжүүлсэн гэх мэдээллийг тодруулаач. Ер нь танай холбоо хаанаас санхүүжиж байна вэ?
-Бид олон түмний тусламж дэмжлэгээр өнөөдрийг хүртэл явж байна. Бидний тэмцэл, санаачлагыг дэмжих хүмүүс тодорхой хэмжээний мөнгө хандивладаг. Н.Даваагийн хувьд манаай хэлэлцүүлэг, жагсаал цуглааныг дэмжээд тодорхой хэмжээний хандив өгсөн гэдгийг нуугаад яахав. Цаашид ч энэ тал дээр тусална гэж байсан.
-МУГЖ дуучин С.Жавхлан танай Удирдах зөвлөлийн гишүүн. Гэтэл та нарыг хоёр долоо хоног талбай дээр хоноход нэг ч удаа харагдсангүй. Өрх тусгаарласан юм уу?
-Дуучин С.Жавхлан “Гал үндэстэн” холбоог үүсгэн байгуулсан, манай удирдах зөвлөлийн гишүүн. Энэ удаагийн тэмцэлд оролцохоос татгалзсан. Тэр хүний хувьд уран бүтээлдээ илүү анхаарч байгаа болов уу.
-Цаашид тэмцэл хэрхэн үргэлжлэх вэ?
-Эхний ээлжинд морьдоо цагдаа нараас авна. Маргааш/өнөөдөр/ 12.00 цагт хэвлэлийн хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Ямар ч байсан бид морьтойгоо УМБГ-ын гадаа жагсах болно.