Ирэх жилүүдийн төсвийн зураглал

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Ирэх жилүүдийн төсвийн зураглал

Улсын төсөв 500 тэрбум төгрөгт багтдаг байсан жижигхэн эдийн засаг өдгөө түүх болон үлджээ. Жил ирэх тусам улсын төсөв нэмэгдсээр их наядаар хэмжигдэх болов. Цаашид энэ хэмжээ улам өснө гэдгийг эдийн засагчид хэлдэг. Буурай Монголын эдийн засаг ашигт малтмалаа даган хүчирхэгжиж ирэх жилүүдэд “томрох” төлөвийг Сангийн яам гаргажээ. Ирэх жилүүдийн төсвийн төсөөллийг УИХ-д танилцуулахаар өргөн барьснаас сонирхуулья. Мэргэжилтнүүд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангасан байхаар тооцсон гэдгээ онцолсон байв.

Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд тарааж буй хувь, хишгийг 2012 онд ч мөн өгөхөөр төлөвлөөд байна. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлого 405.8 тэрбум төгрөг байх бол 2013-2014 онуудад 465.5-494.0 тэрбум төгрөг болон өсөх төлөвтэй. Гэхдээ 2013 оноос эхлэн уг сангийн орлогыг үр дүнтэй арай өөр хэлбэрээр хуримтлуулж, цаашид сангийн хөрөнгө оруулалтын томоохон сан болгон ашиглах боломж байгаа гэнэ.

Төсвийн орлогын хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ ойрын гурван жил буурсаар байх төлөв гарчээ. Сангийн яамны мэргэжилтнүүд 2012 оны төсвийн орлого ДНБ-ний 29.8 хувийг эзлэх бол 2013 онд 27,5 хувь, 2014 онд 24 хувь байх урьдчилан тооцсон байна. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог буурч буйг харуулах дүн тул таатай дүр зураг юм. Эдийн засгийн өсөлт хурдаа авах ирэх жилүүдэд экспортын хэмжээ нэмэгдэж, түүнийг дагаж орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого зэрэг зарим төрлийн татварын орлогод харьцангуй өндөр өсөлт авчрах гэнэ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 онд ДНБ-ний 36.5 хувь, 2013 онд 29.5 хувь, 2014 онд 26.0 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарч байгаа боловч бодит дүнгээрээ 2012 онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5 тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байна. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувиар 2012 онд -6.7  хувь, 2013 онд хасах хоёр хувь, 2014 онд хасах хоёр  хувь байхаар байна.

Ирэх гурван жилийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол ашигт малтмал байгаа. Гол экспортын бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнэ дээрх өсч буй үзүүлэлтүүдийн гол хөдөлгүүр нь.  Тэгвэл дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнийн төсөөлөл 2012 онд 9837.5 ам.доллар, 2013 онд 9330 ам.доллар, 2014 онд 8330 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийн төсөөлөл 2012 онд 201.6 ам.доллар, 2013 онд 183.5 ам.доллар, 2014 онд 175.5 ам.доллар байх хандлагатай байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан.  2012-2014 оны хувьд нэгдсэн төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх орлого нь дараах байдалтай байхаар байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зах зээлийн үнийн өсөлтөөс орох орлогын Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн шаардлагыг хангахын тулд тухайн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого 2012 оны хувьд доод тал нь 125.28 тэрбум төгрөг байх шаардлагатай байна.Хуулийн шаардлагыг 2012-2014 оны хувьд зэс, нүүрс хангаж, харин урьдчилсан тооцооллоос харахад алт, төмрийн хүдэр, цайр гэх мэт эрдэс бүтээгдэхүүний хувьд хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа аж.

Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд

-2012 онд нийт 202.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс зэсээс 181.1, нүүрснээс 21.3 тэрбум төгрөг,
-2013 онд нийт 134 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс зэсээс 122.2,  нүүрснээс 11.7 тэрбум төгрөг,
-2014 онд нийт 79 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс, үүнээс зэсээс 70.9, нүүрснээс 8.1 тэрбум төгрөг  оруулахаар тусгасан байна.

Стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх орлогыг тооцож тусгажээ. Тухайлбал,  2012 онд Оюу толгой төслөөс төсөвт 180 сая ам.доллар, 2013 оноос эхлэн тус төслийн үйл ажиллагаанаас 96 сая ам.доллар, 2014 онд 47 сая ам.долларын татварын орлогыг төсөвт төвлөрүүлэх ажээ. Харин Таван толгойн нүүрсний орд бүрэн хүчин чадлаар ажиллан жилд 15 сая тонн хүртэл нүүрс экспортлохоор ТЭЗҮ боловсруулан Эрдэс баялагын мэргэжлэлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 2012 онд гурав орчим сая тонн, 2013 онд тав сая тонн, 2014 онд долоон сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгааг харгалзан Таван толгой ордоос 2012 онд 70.6 тэрбум төгрөг, 2013 онд 117.7 тэрбум төгрөг, 2014 онд 164.7 тэрбум төгрөгийг тус тус  төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж