
Хамтарвал үр дүнтэй гэж тунхагласан хоёр намын Засгийн газар хоёр “толгой”-н ард л арай чүү гарах гэсээр бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөл дээр ирчихээд байна. Амласан мөнгөө өгөх аргаа хайсан энэ ажлаас нь өөр хийх зүйл байхгүй гэвэл худлаа. Гагцхүү түүнийг нь хажуугаас хэлээд өгөх, хяналт тавих сөрөг хүчин байхгүй байгаад л их учир бий. Саяхан нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч “УИХ, Засгийн газрыг тар гэж хэлмээр тийм зүйл харагддаг” гэж хэлжээ. Үүнийг хэлэх “сөрөг хүчин” түүнээс өөр алга. Ийм утгатай шаардлагыг тавьж буй иргэдийн тэмцлийг “other” байхгүй эрх баригчид маань хуулийн хүрээнд оруулж ирэхгүй хаалт хийчихээд байгаа энэ үед тэр ганцаараа байна.
“УИХ-ын сонгуулийн хуулиа шийд, Засгийн газар тэрэн дээрээ хамтар. Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болго. Энэ Монголын ард түмнийг хуваадаг байдлыг зогсоо. Бусад улс оронд байдаг намын систем рүү оруул. Энэ хуулийг батал… Илүү танхим байгуулж Улаанбаатар руу битгий татаа. УИХ хяналтын бүтцээ бий болго. УИХ-ын гишүүд нэг тэрбум төгрөг биедээ тараадгаа боль. Тэрийгээ төсөвтөө хийгээд орон нутгийн эрх болгож өг. Ийм хачин дутагдлаа боль. Бусад оронд байдаг парламентын санал асуулга парламентын мөрдөн байцаалт гэх мэт тэр бусад юмаа бий болго…” гэж Ерөнхийлөгч эрх мэдэлгүй иргэдэд хандаж хэлээгүй нь ойлгомжтой.
Улс төр, бодлогын шийдлийг нь гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлж өгчихөөд аж ахуйн нэгж, иргэний нийгмийнхэнд хийж хэрэгжүүлэх бололцоотой нь хамт шидчих өдий төдий ажлыг төр хийх гэж самгардсаар. “Жижиглэн”-гийн бизнес хийдэг аж ахуйн газар болсон төр засаг энэхүү бизнесийн сүлжээндээ хэнийг оруулах, үгүйгээ шийддэг газартай болсон нь Төрийн албаны зөвлөл. Үүнийг тараах ёстой гэж Ц.Элбэгдорж иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мөн хэлжээ. Монголын хөгжилд тээг тушаа болсон, хоцрогдсон бүхнийг өөрчлөх бодлогыг л өнөөгийн парламентаас хүлээгээд тэсвэр алдаж байгаа иргэдэд түүний үг таалагдлаа. “Сөрөг хүчин” гэдэг байр суурин дээр түүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсч байна.
Уг нь өмнөх Ерөнхийлөгч нар ч түүн шиг “сөрөг хүчин”-ий байр суурин дээр хүрч байсан юм. Үнэмлэхүй олонх, хэт цөөнх гэсэн харьцаатайгаар голлон явж ирсэн парламент засгийн эрхийг барьж байх үед Ерөнхийлөгч нар сөрөг хүчний үүргийг “хүч хавсрахад” хүрч байсан. Гэвч өмнөх Ерөнхийлөгчийн үед парламентыг муулахыг тэвчих, муулья гэсэн ч зарим удаад нь хэлээ хазаад өнгөрөхийг хичээгсэд олон байсан. Яагаад гэвэл тэмцэж байж сонгосон ардчиллын маань үнэ цэнийг тээж буй парламентын засаглалыг нулимж, нэг хүний, тодруулбал Ерөнхийлөгчийн засаглалыг илт дэмжээд байсан хэсэг бүлэгт ташуур өгөхгүйн тулд тэвчсэн. Тэгээд яасан, УИХ улам л муудсан. Одоо “бусад” гэсэн ангилалгүй, бүгд эрх баригчид болсон.
УИХ-ыг сонгох сонгуулийн тогтолцооноосоо эхлээд бодлого, шийдвэр, гишүүдийн нууж хуваадаг тойргийн мөнгө, хийдэг томилгоо, хууль санаачлах, хяналт тавих эрхээ худалддаг гишүүдийн тоо, Засгийн газартаа тавих хяналт, сүүлдээ сөрөг хүчнээ залгисан стандарт бус шийдэл гээд олон зүйлээрээ парламент өмнөхөөсөө ч эвгүй үнэртэй болжээ. УИХ-ыг өнөөдөр бүгдээрээ шахам муулж, шүүмжилж байна. Нэгэн үе Ерөнхийлөгчөөс айгаад парламентыг муулахаа тэвчиж байсан ардчиллын үнэ цэнийг өмгөөлөгчид үгээ хэлээд эхлэв. Энэ нь “УИХ нэг л биш ээ” гэдэг дохио боловч нөгөө талаар одоогийн ардчилсан Ерөнхийлөгчид өгч буй итгэл найдварын хэмжээс юм. Улс төрд чансаа унаж буй эрх баригчдын нөгөө талд Ерөнхийлөгч хүчтэй байгаасай гэж иргэд хүсч байгаа хэрэг.