“Улаанбаатар таймс”-ын хувьчлалыг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар таймс”-ын хувьчлалыг хүчингүй болгов

Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурал болж, зарим байшин барилга, эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах асуудлыг хэлэлцлээ. Хэд хэдэн удаа дуудлага худалдаанд орсон ч борлогдохгүй барилга байшин, эд хөрөнгө байгаа нь ажил зохион байгуулж байгаа хүмүүсийн алдаа гэж дүгнэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Өмч хувьчлалын комиссын дарга Г.Мөнхбаяр, нийслэлийн өмч хувьчлал зохих ёс, дүрмийн дагуу хийгддэг ч олон нийтийн өмнө нээлттэй, ил тод байх асуудлыг зөвхөн сонинд зар тавьснаар хязгаарлаж байгаа нь буруу гээд дуудлага худалдааг олны нүдэн дээр тэдний оролцоотой, хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулан хийж байхыг үүрэг болголоо.

Нийслэл өмчөө эзэнжүүлэх, өмчид хайхрамжгүй хандаж, менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эзэмшигч, ашиглагч нартай хариуцлага тооцох арга хэмжээг удаа дараа авч байгаа билээ. Энэ хүрээнд “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын  менежментийн гэрээний үр дүнг хэлэлцлээ. Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 2008 оны 75 дугаар тогтоолын 3, мөн онд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3-ын 8, 5-ын 1, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,7,9 дэх заалтуудыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Улаанбаатар таймс” менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болголоо. Хувьчлал нь хүчингүй болсонтой холбогдуулан хуучин Хэвлэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, холбогдох өр төлбөр болон бусад асуудлыг судлан, хэрхэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ингэхдээ төр, олон нийтэд ашигтай нээлттэй дуудлага худалдааны зарчмаар асуудлыг шийдэх нь зөв гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
          
Спорт цогцолборын дутуу барилгыг дуудлагаар худалдана

Баянгол дүүргийн нутаг 10 дугаар хороололд олон жил” хог” болж байгаа Спорт цогцолбор нэртэй карказ бий. Хуучин орос ах нар барьж эхлээд ороо бусгаа цагийн аясаар сүндэрлэж чадаагүй тэр барилгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаас нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гаргасан билээ. Дуудлага худалдаанд сонирхсон хэн ч оролцож болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж