Facebook шилдэг тагнуулын хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Facebook шилдэг тагнуулын хэрэгсэл

Нэр алдар нь түгсэн Wikileaks сайтын эзэн Жулиан Ассанжи Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа Facebook-ийг дэлхийн түүхэнд гараагүй хамгийн агуу тагнуулын хэрэгсэл хэмээн нэрлэжээ. Түүний хэлснээр бол Facebook хэрэглэгчдийнхээ тухай хувийн шинжтэй мэдээллийг шууд цуглуулж,  АНУ-ын тусгай албаныханд өгдөг ажээ.

Энэ мэт олон нийтийн сүлжээ нь тухайн хэрэглэгчийн найз нөхдийн хүрээ, сонирхол, хувийн харилцаа холбоо, ах дүү амраг садангийх нь талаархи мэдээллүүд болон түүнтэй харилцагч хүмүүсийн хаяг, оршин байгаа газрын байршил зэрэг бүх мэдээллийг олж авах боломжийг тусгай албаныханд олгож байдаг аж. Мөн энэ сайтаар дамжин хувь хүмүүсийн үзэл бодол улстөрийн хандлага зэрэг хувийн шинж чанартай мэдээллийг ч мөн тусгай албаныхан цуглуулж байдаг гэж Ассанжи баталж байгаа юм. Ийм маягаар тусгай албаны мэргэжилтнүүд маш хялбар аргаар шаардлагатай мэдээллээ цуглуулж чадаж байгаа бөгөөд хэрэв энэ ажлыг өөр хэлбэрээр хийсэн бол асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарах байсан гэдгийг Ассанжи онцолжээ.

“Facebook бол хүний гараар бүтээсэн хамгийн аугаа тагнуулын машин” гэж Ассанжи тодорхойлсон байна. Түүний баталж байгаагаар бол Yahoo болон Google-ийн үйлчилгээнүүд ч мөн үүнтэй адил тагнуулын мэдээлэл цуглуулах үүргийг гүйцэтгэж байгаа гэж баталж байгаа аж.

Одоогоор ноён Ассанжи Англи улсад гэрийн хорионд байгаа бөгөөд Швед рүү албадан шилжүүлэх тухай  шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байгаа юм байна. Түүнийг скандинавын хойгийн улсад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Харин Ассанжийн өмгөөлөгч нар энэ хэргийг Шведийн зүгээс гаргаж тавьсан нь түүнийг АНУ-ын засаг захиргаанд шилжүүлэн өгөх зорилгоор хийж байгаа зүйл гэж үзсээр байгаа ажээ. 

Ассанжийн Wikileaks сайтаар дэлхий дахинд түгээгдсэн мэдээллүүд нь АНУ-ын үндэсний эрх ашгийг зөрчиж төрийн нууцыг задруулсан хэмээн Цагаан ордны эрх баригчид үзэж байгаа юм. АНУ-ын хуулиар бол улсын нууц задруулсан болон тагнуул хийсэн хэргээр цаазлах ял байдаг тул Ассанжийг ийм тавилан хүлээж байж болох ажээ. 

М.Наст
Ассанжи-wikileaks

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж