
Хоёр жилийн өмнө буюу 2009 онд боловсруулаагүй ноолуурт ногдуулдаг байсан экспортын татварыг тэглэснээс Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай анхан шатны үйлдвэрүүд олноор байгуулагдаж, угаасан болон түүхий ноолуурын экспорт эрс өсчээ. Өнгөрсөн жил өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 4900 тонн түүхий ноолуурыг угаасан хэлбэрээр татваргүй экспортолсон бол үндэсний үйлдвэрүүд 700 орчим тонн ноолуур худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гарсан байна. Гэтэл улсын хэмжээнд жилдээ 7000 орчим тонн түүхий ноолуур бэлтгэгддэг гэсэн судалгаа гарсан аж. Хэрвээ дээрх ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон, гадаад зах зээлд гаргаж чадвал монголчуудын хүртэх ашиг өсөх боломжтой. Харамсалтай нь, ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эдээ бэлтгэж чадалгүй, хятад ченжүүдэд алдчихдаг. Үүнээс болоод үйлдвэрүүд хаалгаа барихад ч хүрдэг. Уг нь бол өнгөрсөн хугацаанд ноос, ноолуурын салбарынхан тэмцэж, боссоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13, анхны шатны боловсруулалт хийх 25, дагнасан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30, өрхийн шинжтэй 200 гаруй бичил болон жижиг үйлдвэрүүдийг байгуулж чаджээ. Тэдгээрт өнөөдөр 6000 гаруй хүн ажилладаг байна. Гэвч олонхи нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Жилийн турш зогсолтгүй ажиллуулахын тулд түүхий эдээ бэлтгэж авах шаардлагатай. Тиймээс Засгийн газрын зүгээс ноолуур боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байр шинээр бий болгох зорилго дор дээрх тогтоолын төслийг боловсруулсан нь энэ аж. Ноолуурын салбарт 110 тэрбум төгрөгийн бондын дэмжлэг үзүүлснээр 6000 гаруй ажлын байр хадгалагдах төдийгүй шинээр 1600 гаруй ажлын байр бий болж, 250 гаруй тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнээсээ 80 орчим хувийг экспортод гаргах боломжтой аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа бол ноолуурын эскпортын татварыг тогтоох хэрэгтэй” гэсэн байр суурь баримталж байлаа. Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрий сайдын тодотгосноор Засгийн газар ээлжит хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн ч, ноолуурт экспортын татвар ногдуулах сургаар малчдын гар дээр байгаа ноолуурын ханш унаж, үнэгүйдэх аюултай хэмээн үзжээ. Тиймээс энэ удаад Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх төслийг яаралтай баталж өгөхийг хүссэн юм. Малчдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ямаагаа самнаад эхэлчихсэн, хятад ченжүүд нэг кг ноолуурыг 73 мянган төгрөгөөр үнэлэн, худалдаж авсан. Цаг хугацаа явах тусам үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэж чадалгүй, хятад ченжүүдэд алдаж, өмнөх жилүүдийнхээ гашуун туршлагыг давтаж мэдэхээр нөхцөл үүссэнийг анхааруулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ч саналыг ёсоор болгон, энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, шийдвэрлэсэн юм.