
Эрх чөлөөг бүтэн утгаар нь амтат жимс гэж үзвэл бидэнд гар хүрч, барьж, худалдан авах ч эрх байхгүй гэдгийг энд нуух хэрэггүй. Энэ нь өөрөө эрх чөлөөний энгийн дүрэм хүртэл үйлчилдэггүй гэдгийн баталгаа. Сарын цалин нь амьжиргааны доод түвшинтэй ч дүйцэхгүй цалингийн төлөө гутлынхаа улыг эргэтэл алхдаг сэтгүүлч өнөөдөр бидний дунд байхгүй гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Үндсэн цалингийн тухай ойлголтыг бараг л мөрөөдөж, “Хийснийхээ хэрээр амьдрах ёстой” гэсэн удирдах албан тушаалтны хатуу дүрэмд сэтгэлээ бөхтөл, мөрөөдлөө мартталаа зүтгэж буй сэтгүүлч ч бий. Эцсийн бүлэгт Монголын сэтгүүлчдэд санхүүгийн эрх чөлөө хэзээ ч байгаагүй төдийгүй цаашид ч байх боломжгүй ерөнхий дүр зураг аль хэдийнэ тогтчихсон. Авсан цалингаа амьдралдаа хүргэх бус өрөөс өрийн хооронд зориулж, бусдын өмнө нэрээ бодохдоо нэг цамцаа орой бүр угааж, индүүдэн өмсөх нь ч хэвийн үзэгдэл. Гэсэн ч бид ажиллаж чаддаг. Ажлын төлөө морь, нохой мэт зүтгэсэн зарим нэг залуус нь сэтгэлийн хатгүйгээсээ болж архинд орж, “Амьдрал гэдэг хоосон зүйл.
Эд мөнгө ч, эрх мэдэл ч, хүсэл мөрөөдөл ч хэрэггүй” хэмээн халуурах нь олонтаа. Бидний дунд тийм хүн байхгүй гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Магадгүй тэд сульдаж, залхдаг байх.
Сайн ажилласныхаа төлөө сайн урамшуулал хүртэж, сайхан амьдрах боломжгүй энэ салбараас тэгвэл бид ямар эрх чөлөөг хайх ёстой гэж. Удирдлагын зүгээс ирэх санал хүслийг биелүүлснийхээ төлөө сэтгүүлчид “худалдагдсан” болж чичлүүлдэг. Бодит амьдрал дээр бие дааж шийдвэр гаргадаг сэтгүүлч гэж байдаггүй. Бие дааж шийдвэр гаргасан сэтгүүлчийн хүртэх ёстой хамгийн эхний шүүмжлэл бол “Чи өөрийгөө хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ” гэдэг сануулга. Иймд мөнгөгүй, эрх мэдэлгүй энгийн сэтгүүлчид өнөөдөр дуугаа өндөрсгөх хэрэгтэй болчихсон байна. Бусдын цалинг нэмүүлэхийн төлөө, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө сэтгүүлчид бид үзэгнийхээ үзүүрийг, бичлэгийнхээ урыг сэтгэл харамгүй гаргадаг. Түүнээсээ ч кайф авдаг.
Өнгөрсөн онд нэгэн хэвлэлийн удирдлага “Монголын сэтгүүлчид ёс зүйгүй байна” гэж бичиж байсан. Яг үнэндээ амьдрал дээр энэ үгийг дарга бус харин сэтгүүлчид хэлэх ёстой юм. Өөрөө ажилтнуудаа удирдчихаад, тэр ажилтнуудаа “Ёс зүйгүй” хэмээн чичлэнэ гэдэг бол орчин цагийн Монголын сэтгүүл зүй дарангуйлалд өртсөний илэрхийлэл юм. Дарангуйлагч хүн л бусдыг эрх чөлөөтэйгөөр чичилж, түүндээ итгэж, түүнийгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж чаддаг. Би хувьдаа тэр нийтлэлээс энэ шинж чанарыг л олж харсан.
Өнөөдөр төрийн тэргүүнээс эхлээд Сүхбаатарын талбайд жагсагчид хүртэл “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө” гэсэн уриалга дэвшүүлж байна. Магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө зөөлөн суудлаас “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө” гэж хэлэхэд л хэвлэл, мэдээллийн байгууллагын уур амьсгалд эрх чөлөөний цуурай хангинана гэж итгэдэг байх. Жагсагчид ч тэр “Өөрсдийнх нь л тухай мэдээллээд байвал сэтгүүлчид эрх чөлөөтэй юм байна” хэмээн хөөрцөглөдөг байж болох. Гэвч эцсийн бүлэгт төрийн өндөрлөгүүд ч, жагсагчид ч, олон нийт ч сэтгүүлчдийг л ялладаг. “Сэтгүүлчид увайгүй, ёс зүйгүй учраас Монгол хөгжихгүй байна” гэх нь халгүй шүүмжлэлийг бидний өөдөөс “цацдаг”. Бодит үнэнийг, бодит гаргалгааг олж харсан мэт. Гэхдээ тэд гал тогоонд нь байгаа бидэнд ямар тус хүргэснээ хэзээ ч бодож чаддаггүй. Ямар ч тус хүргээгүй учраас юуг ч олж харж чадахгүй нь ч тодорхой.
Харин гал тогоонд нь байгаа бидний хувьд бол “Монголын сэтгүүл зүйд эрх чөлөө ус агаар мэт дутагдаж байна” хэмээн хэлэх цаг ирчихсэн байна. Сэтгүүлчдэд хөдөлмөрөө үнэлүүлдэг, торгууль шийтгэлээ хүлээж чаддаг шигээ урамшуулал хүртдэг байхын төлөө эрхээ хамгаалах цаг ирсэн байна. Үүний дараа биднийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай ярих хэрэгтэй гэж олон нийт “хуульчилдаг”. Гэтэл тэр “хууль”-иас өмнө сэтгүүлчид өөрсдийнхөө эхрийн төлөө чанга дуугармаар байна.
Түүнээс бус бусдын аманд орж “Хэвлэн нийтлэх эрх чөлөө хэрэгтэй байна” гэж тэдний үгэнд ташуур өгснөөр бид юу хожих юм бэ. Улстөрчид улс төрийнхөө зорилгыг “Улс орноо засах” гэж тайлбарладаг. Гэхдээ тэдний олонх нь улс орноо бус гэрээ, хүүхдээ, эхнэрээ, ач зээгээ засах ажил хийж суудаг нь нууц биш. Харин сэтгүүлчдийн хувьд цаг ямагт бусдын төлөө явдаг гэдгээрээ тэднээс ч илүү эх орончид байж чаддаг.
Тэгвэл энэ удаагаас эхлэн сэтгүүлчид ээ, бусдын төлөө зарцуулдаг цаг хугацаанаасаа жаахныг ч болов гаргаад “Сэтгүүлчдийн ажиллаж, амьдрах сайн, сайхан”-ыг тодорхойльё. Дараа нь, Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулая. Тэгээд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэе.
Өөрсдөө эрх чөлөөгүй байж бусдын эрх чөлөөг бид бүхэн бүрэн утгаар нь хамгаалж чадахгүй. Эрх чөлөөгүй байна гэдэг бол хүчгүй байна гэсэн үг. Гэхдээ тэр хүчийг олж авах эрх бидэнд бий. Тэр эрхээ эдэлж, эрх чөлөө гэж эндүүрч итгэсэн бүхнээ залруулъя. Эс бөгөөс бид хэзээ ч шинэчлэл, өөрчлөлт байхгүй энэ талбарт амьгүй албат мэт ажилласаар л байх болно. Энэ бүхнийг бид нэг, хоёроороо бусдаас нууж ярих бус ил тод ажил хэрэгчээр ярилцахгүй бол ирээдүйд бид “Бүх зүйл хуучнаараа, бахь байдгаараа…” гээд л гөлийчихсөн хүмүүс сууж байна шүү дээ…
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин