“Харанга”-ын Лхагваа сонсогчдын цангааг тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Лхагваа сонсогчдын цангааг тайллаа

“Hi-Fi Mega Store”-ийн үүдэнд хүмүүс дугаарлан зогсчээ, ядаж байхад цайны цаг гээд хаалгаа цоожилчихож. Цоожтой хаалганы гадна хижээл насны эр, дунд сургуулийн хүүхдүүд, их сургуулийн оюутан гээд нас, насны ялгаатай хүмүүс ганц л сэдвээр ярьж зогсоно. Тэд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн сүүлд гаргасан гурван ихэр цомгийг авахаар ирсэн байв. Бараг 30 минут гадаа зогссоны эцэст “Hi-Fi Mega Store”-ийн хаалга нээгдлээ. Цомог нь дуусахаас өмнө авах гэсэн сонсогчид бүгд л шинэ цомог гэсэн самбарын дор очиж “Энэ гурван цомог хэд вэ” хэмээн үнийг нь асууж байх юм. Худалдагч охид “Тус бүр нь 15000 төгрөг, энэ долоо хоногт ирсэн шинэ цомог. Нийлээд 45000 төгрөг” хэмээн тайлбарлаж хэлнэ. Хөөрхий оюутнуудад 45000 төгрөг арай л чанга сонсогдож байгаа бололтой “Аан тийм үү, цувуулж авахгүй бол хүрэхгүй юм байна, тээ” гэж хоорондоо ярина. Тэд “Нарыг хайрла” цомгийг нь илүүтэй сонирхож байгаа харагдсан. Байн байн эргүүлж тойруулж хараад л.
“Hi-Fi Mega Store”-т Монголын төдийгүй гадаадын хамтлаг дуучдын шинэ болон хуучин гээд л бүх цомгийг худалддаг Монголын номер нэр дэлгүүр. Тэд долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг. Харин өнгөрсөн долоо хоногт “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын “Монгол Поп” цомог борлуулалтаараа тэргүүлсэн бол Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Замбатив”, “Нарыг хайрла”, “Тэнгэрлэг андууд”, “Харангын Лхагваа” гэх дөрвөн цомог жагсаалтын хоёр, гурав, дөрөвдүгээр байрт жагссан байв. Гэхдээ түүний сүүлд гаргасан гурван ихэр цомог худалдаанд гараад ердөө долоо л хонож байна. Тэгэхэд эхний ээлжинд ирсэн цомгууд нь бүгд зарагдаад дуусчихсан дахиж нэмж авчруулаад байгаа гэсэн.  
Энэ өдөр ч түүний шинэ цомгийг асууж орж ирсэн олон худалдан авагчтай таарлаа. Гаднаас хижээл насны эрэгтэй шуудхан л орж ирээд “Харангын Лхагваагийн цомог гарсан гэсэн хаана байна” хэмээн асууж байв. Тэрбээр дуусахаас өмнө гэсэн шиг их яарч, хурдхан аваад л гарсан. Нэг цагийн хугацаанд ажиглаж зогсоход сонсогчид “Харанга”-ын Лхагваагийн шинэ уран бүтээлийг, хүлээж, цангаж байсан нь анзаарагдсан. Тэд үүнийг л хүлээж байсан юм шиг. “Замбатив,” “Тэнгэрлэг андууд”, “Нарыг хайрла” гэх гурван ихэр цомог нь тус бүрдээ өөр өөрийн онцлогтой, түүхтэй.
“Замбатив” цомогт Өвөрмон­голын өөртөө засах орны уран бүтээлчидтэй хамтран хийсэн уран бүтээл багтаж байгаа. Харин “Тэнгэрлэг андууд” цомог нь драмын жүжиг, киноны дуунаас бүрдсэн юм билээ. “Нарыг хайрла” цомгийг дуучин Х.Лхагвасүрэн нэлээд эртнээс бодож, хийсэн аж.
Анх 2005 онд сэтгэлийнхээ дуудлагаар гэнэт Цаст Түвдийн орныг зорьж, энэ аялал нь түүнд “Нарыг хайрла” хэмээх ертөнцийн тухай дууг бүтээлгэсэн гэнэ. Цомгийн 70 хувь нь Х.Лхагвасүрэнгийн бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд тэрбээр “аавын” гэрт хэсэг хугацаанд байхдаа уран бүтээлээ орхилгүй шинэ дуугаа зохиож байсан юм. Тэр бүү хэл авьяаслаг залуустай нэгдэн “Bricks” буюу “Тоосго” хэмээх хамтлагийг байгуулж байсан. “Тоосго” хамтлагийн гишүүн Т.Алтангэрэлийн зохиосон хэд хэдэн дууг энэ цомогт оруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, “New Star” студийн хамтын бүтээл “Гүн цэнхэрхэн далай ээж” , “Сэцэн ханы хурд”, “Хөх толбот” дуунаас бүтжээ.
“Харанга”-ын Лхагваагийн бэлэг ингээд дуусаагүй ээ, цангасан үзэгчдийн цангааг бие даасан тоглолтоороо тайлах юм гэсэн. Удахгүй болох түүний тоглолтыг тэсэн ядан хүлээх л үлдлээ. Хурдан болоосой…

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж