Төр оролцохыг “хориглоно”

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Төр оролцохыг “хориглоно”

Төрийн ордны Иргэний тан­химд  “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төс­лийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болж өндөр­лөлөө. Энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээл­лийн байгууллагын төлөө­лөг­чид, судлаачид, хууль тог­тоох бай­­гуул­лага болон иргэний нийг­мийн төлөөлөгчид оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн санаачлан боловс­руул­сан Хэвлэл, мэдээллийн эрх чө­лөөний хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн хуулийн төсөл дээр ажиллаад жил гаруйн хуга­цаанд бэлтгэж хэлэлцүүлэгт ийнхүү оруулжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Ч.Сосормаа хэлэлцүүлгийг нээж “Хувлэлийн эрх чөлөөний хуулийг 1998 онд УИХ батлан гаргаснаас хойш хэвлэл мэдээллийг төрөөс хараат бус байх, цензурыг хориглох боломжийг ол­госон. Эрх чөлөө нь хариуц­лагыг дагуулж, хариуцлага нь ёс зүйг шаардаж байдаг. Эд­гээр гурван үндсэн зарчим дээр тул­гуурлан хэвлэлийн байгууллага оршин тогтносоор ирлээ. Түүнчлэн  хэвлэл мэдээллийн салбарт өр­сөл­­дөөн бий болсны үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд телевиз 24, сонин 139, FM радио 20 орчим болоод байна” хэмээн онцлоод хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалав.

Шинэ хуулийн төсөлд хориглох гэсэн үг олон оржээ. Гэхдээ энэ бүх хориглолт нь иргэнд, хэвлэл мэдээллийн байгууллагад бус төрд үйлчлэх зохицуулалт аж. Энэ төсөлд мэдээллийн эх сурвалжаа нууцлах зохицуулалтаас гадна төрийн оролцоог хориглосноороо ач холбогдолтой болсон талаар хэлэлцүүлэгт оролцогчид үнэлж байв. Тухайлбал, хуулийн төслийн зургадугаар зүйлд “Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн эзэмшилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Зөвхөн хууль тогтоомж, эрх зүйн акт, лавлагаа мэдээлэл нийтлэх зорилгоор тогтмол хэвлэл, цахим хуудастай байж болно” гэж заажээ. Хэлэлцүүлгийн үеэр энэ заалт дээр улс төрийн намыг ч мөн нэмж оруулах санал гарсан юм.

Хуулийн төслийг боловсруулах шаардлага, хүлээлт үүссэн гэдгийг Freedom house судалгааны төвийн 100 орчим улсын дунд хийсэн судалгаагаар “хагас эрх чөлөөтэй” гэх үнэлгээтэй гарсан дүгнэлт. UNESCO “Монголын хэвлэл мэдээллийн салбарын үнэлгээ”-г тогтоох 2007 оны судалгаагаар хэвлэл мэдээллийн хараат байдал байгааг тодорхойлсон гэнэ.

Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээл­лийн салбарын төлөөлөгчдөөс гадна хууль тогтоох байгууллагыг төлөөлөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл оролцсон бөгөөд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай анхны хууль нь өөрийн үндсэн зорилтыг биелүүлсэн. Өнөөдрийн тулгамдсан зорилго бол дараагийн үе шат руу шилжих болоод байна. Өмнө нь төрөөс хараат бус байх зорилготой байсан бол одоо мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах нь чухал болоод байна. Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөлд нэг орхигдсон зүйл байна.

Хамгийн гол нь 1992 оны Үндсэн хуульд ард түмний бослого гаргах эрхийг хуульчлаагүй. Харин АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт энэ зарчим туссан байдаг. Мөн “Парламентын гишүүн хувь хүний эрх чөлөөг зөрчсөн хууль гаргахгүй байх үүрэгтэй” гэж Английн Үндсэн хуульд ч тунхаглаж өгсөн. Германы Бундестаг нь иргэдийн жам ёсны эрхэд халдсан хууль гаргавал ард түмэн бослого гаргах эрхтэйг ч хуульсан. Бид ингэж хуульчлаагүйгээрээ 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Би ч тэрхүү өөрчлөлт хийх ажлын хэсэгт нь ажиллаж байсан. Иймд энэ зарчмыг Үндсэн хуулиндаа оруулах хэрэгтэй. Би ч ард түмний бослого гаргах эрхийг хуульчлах төслийг боловсруулж байгаа. Мэдээж шууд бослого гаргахыг зөвшөөрч хуульчилна гэсэн үг биш. Харин ямар нөхцөл байдал бий болсон үед бослого гаргах эрхийг нь тунхаглах тухай юм. Энэ хуулийг хэлэлцэх үед маргаан мэтгэлцээн гарах нь ойлгомжтой. Иймд  Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийг боловсруулахдаа энэ зарчмыг оруулаад явбал яасан юм бэ”  гэв.
Хэвлэлийн байгууллагад улс төр, бизнесийн нөлөөлөл их байгаа гэх нийтлэг үнэлгээ гарсан тул энэ нөлөөллөөс ангижрах оролдлогыг ийнхүү хуулийн төсөл боловсруулагчид хийсэн аж.  Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл санаа нь хэвлэл мэдээллийн чөлөөт хараат бус байдлыг хангахад оршжээ. Хуулийн амин сүнс болсон заалтууд нь төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах тухай зохицуулалтууд бөгөөд “өмчлөхгүй”, “санхүүжүүлэхгүй” гэх мэт үгс хуулийн төсөлд цөөнгүй орсоноос харвал өнөөх төрөөс ангид байх оролдлогыг хийсэнд байв.

Энэхүү хуулийн төслийн талаар хэвлэлийн байгууллагын төлөөлөл, олон нийтийн байгууллагынхан саналаа хэлсэн бөгөөд хуулийн төслийг цагаа олсон хэмээн талархан дэмжсэн хандлага ажиглагдаж байлаа. Мөн УИХ-д өргөн баригдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулж буй Үндэсний мэдээллийн агентлагийн тухай, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төслүүдтэй нэр томъёог жигдрүүлэх, зүйл заалтын давхардлыг анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Зарим зүйл заалтын найруулга, агуулгыг засварлах, сэтгүүлчийн ёс зүй, хүлээх хариуцлага, өөрийн зохицуулалтын бүтэц, хэлбэр, ажиллах журам зэрэгтэй холбоотой хэсгийг нэмэх, нарийвчлан тодруулж өгөх шаардлагатайг дурьдацгааж байв.

Тус хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой эдгээр харилцааг зохицуулсан хэд хэдэн төслийг нэгтгэн, нэгдмэл багц байдлаар оруулан батлуулах нь зүйтэй гэх санал хамгийн их жин дарсан бөгөөд энэ талаар ажиллахад хууль боловсруулагчдад аль аль талаас эергээр хандах байх гэх найдлагыг хэлэлцүүлэгт оролцогчид ийнхүү нээлттэй үлдээлээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж