
Мөн хуралдаанаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан ажиллах гэнэ. Түүнчлэн бүлгээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд явах нь зүйтэй” хэмээн үзжээ. Дээрх мэдээллийг тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг хийж, улмаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Хилийн боомтын талаар баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Нийт хэдэн боомт үйл ажиллагаа явуулдаг юм. Бодлогод эдгээр боомтын үйл ажиллагааг ямар байдлаар тусгаад байна вэ, зохицуулах гол концепци нь юу юм?
-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 26 боомт үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор бусад салбарын ажил хамааралтай учраас хилийн боомт дээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого гаргах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна. Энэ дагуу боомтыг нээх, хаах, ажиллах горимыг тогтоох, хөрөнгө санхүүгийн баталгааг нь бодлогын хүрээнд зохицуулах асуудал чухлаар тавигдаж байна. Нөгөөтэйгүүр, бүлгийн гишүүдийн зүгээс хилийн боомтууд дээр ажиллаж, байр байдалтай танилцах бодит шаардлага байна гэдгээ ч илэрхийлсэн. Энэ дагуу Засгийн газар холбогдох арга хэмжээ авна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлсэн. Мөн хойд хилтэй холбоотой хилийн боомтуудын ажиллагаатай холбоотой хэд хэдэн санал гарсан. Эдгээр асуудлыг нэлээд ярилцах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн.
-Томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхээр жагсаалтад багтаасан байсан. Хэлэлцсэн үү?
-Томилгоотой холбоотой хоёр ч асуудлыг энэ долоо хоногт зохицуулах ёстой. Эхнийх нь Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн асуудал. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг гаргасан. Хоёр дахь нь УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудал. Бүлгээр томоохон бодлогын асуудлыг хэлэлцсэн учраас энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй. Хэрвээ шаардлага гарвал бүлэг завсарлага авч, ээлжит бус хуралдаанаараа хэлэлцье гэсэн байр суурьтай байна.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд маргаан гарч, ойлгомжгүй байдал үүсээд байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг сонгуулийн аль тогтолцоог нь дэмжиж байна вэ. Бүлгийн байр суурь тодорхой гарсан уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурь маш ойлгомжтой байгаа. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтыг хангах сонгуулийн тогтолцоо үйлчлэх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Энэ тогтолцоог хангах хамгийн зөв шийдэл нь пропорцианаль тогтолцооны хувь тэнцүүлсэн тогтолцооны элемент орж ирсэн сонгуулийн тогтолцоо зөв гэдэг дээр санал нэгдсэн. Мөн УИХ дээр явах хамгийн боломжтой хувилбар бол холимог тогтолцоо гэдэг дээр бүлэг тогтсон. Холимог тогтолцооны дагуу УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ тогтолцооны дагуу ирэх лхагва гаригт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороогоор ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийг хэлэлцээд явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Холимог тогтолцоонд суурилсан УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдана гэсэн итгэл найдвар ч бас байгаа.
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дүгнэх ажлын хэсэг танай бүлгээс байгуулагдсан. Дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэнэ гэж байсан юу болсон бэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх асуудал энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтаагүй, ирэх долоо хоногоос хэлэлцээд явах байх. Энэ үед нь ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, бүлэг албан ёсныхоо байр суурийг нэгтгээд гаргана.
-Гэхдээ танай бүлгийн зарим гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд муу дүн тавьж, зарим сайдыг огцруулах асуудлыг бүлэгтээ тавьжээ гэх сураг сонсогдох юм?
-Сураг ажгаар ажил хийж болохгүй. Ардчилсан намын бүлэг хууль дүрмийнхээ дагуу тавьсан ямар ч асуудлыг авч хэлэлцээд, өөрийнхөө албан ёсны байр суурийг илэрхийлнэ. Өнөөдөр албан ёсоор тавьсан нэг ч асуудал байхгүй учраас сураг ажгийн асуудалд албан ёсны хариулт өгөх бололцоогүй.