
-Б.Жаргалсайхан, О.Магнай нарын хэргийг сэргээсэн гэж үнэн үү. Танайд шалгаж байгаа юу?
-Үймээнийг зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдаж байсан О.Магнай, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан нарын хэргийг манай Прокурорын газраас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжүүлсэн.
-Тэд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтан биш шүү дээ. Яагаад Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу хэргийг нь шилжүүлсэн юм бол оо?
-2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарын хэрэгтэй хамтатган шалгах болсон юм билээ. Тэднийг сонгуулийн дараах үймээнийг гардан зохион байгуулсан хэрэгт татан шалгасан гэм буруутай үйлдэл нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байсан.
-Танай нийслэлийн Прокурорын газарт үймээний үеэр гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчдын төлөөлөл О.Магнай нараас нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн хариуг өгсөн үү?
-Бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчдад төрөөс нөхөн төлбөр олгосон шүү дээ.
-Тухайн үед нөхөн төлбөрт хамрагдаагүй цагдаагийн ажилтнууд танайд хүсэлт гаргасан юм биш үү?
-Үймээн самуунаар хэдэн хүн бэртэж гэмтсэн, хэн хэн хохирсон талааархи судалгааг Цагдаагийн байгууллага өөрсдөө гаргах ёстой шүү дээ. Бидний тогтоох ажил биш. Гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчдаас манай прокурорын газарт хандан гаргасан хүсэлтийн хариуг өгсөн.