“Татар ажиллагаа” кино “өргөмжлөл” гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” кино “өргөмжлөл” гардан авлаа

Боловсрол соёл шинжлэх ухааны яам дээр өнөөдөр БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда Монголын “Татар ажиллагаа” кино уран бүтээлчдийг хүлээн авч уг киноны Олон улсын кино наадмаас гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл хүртсэнийг гардууллаа.

“Hero” энтертайнмент, “Монгол кино” нэгдэл, ОХУ-ын “Аист” телевизийн хамтын бүтээл “Татар ажиллагаа” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-д зохион байгуулсан “Детективфест” Олон улсын кино наадамд амжилттай оролцож, эрэн сурвалжлага, хууль сахиулах сэдэвт уран сайхны киноны төрөлд өргөмжлөл хүртсэнийг өнөөдөр ийнхүү кино багынханд гардуулан өгсөн юм.

“” Олон улсын кино наадмыг анх 1998 онд “хууль ба нийгэм” нэртэйгээр гэмт хэрэг, терроризмын эсрэг хийх тэмцэлд нийгмийг нэгтгэх зорилгоор зохион байгуулж эхэлснээс хойш өдгөө “Детективфест” нэртэй 30 гаруй орны 300 гаруй бүтээл оролцуулсан өргөн цар хүрээг хамарсан наадам болтлоо өргөжжээ.

“Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны найруулагчаар Б.Баатар, продюсераар “Номадс сүлжээ ресторан”-ы ерөнхий захирал М.Есөнмөнх, ОХУ-ын “Аист” телевизийн ерөнхий захирал Базархандаев Амгалан Ренчинович гар ажилласан юм. Харин тус киноны гол дүрд Улсын драмын эрдмийг театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, Н.Отгонбат, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, ОХУ-ын нэрт жүжигчин Д.А.Певцов, жүжигчин Ч.Ундрал, кикбоксчин Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл, бяцхан охин Б.Хулан нар тоглосон. Уг кино одоогоор Итали улсад зохиогдож буй Олон улсын кино наадамд оролцож байгаа ажээ.

“Татар ажиллагаа” киноны найруулагч Б.Баатартай уулзан ярилцлаа.

-Олон улсын кино наадмаас өргөмжлөл хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Олон улсын кино фестивальд кино маань амжилттай оролцсонд баяртай байна. Манай кино энэхүү наадамд өрсөлдөн гуравдугаар байрт орсон нь нэр төрийн хэрэг байсан. Кинотой холбоотой тэмдэглүүштэй сайхан мэдээ нь Монголын хамгийн анхны гадаадад ашиг олох чиглэлээр хийгдсэн бүтээл болсон. ОХУ-д “татар ажиллагаа” кино гараад эхэлчихсэн байгаа. Энэ нь Монголын киноны түүхэнд маш том, сайхан үйл явдал болсон гэж хэлж болно.

-Италийн кино наадамд эл бүтээл маань оролцох гэж байгаа гэсэн шүү дээ?

-Маргааш Италийн кино наадамд өрсөлдөхөөр явах гэж байна. Мэдээж бас амжилттай оролцоосой гэж бодож байна.

-Дараагийн шинэ уран бүтээлийн төлөвлөгөө?

-Бид “Боловсрол” телевизтэй хамтран “Кино код” гээд реалити шоуг хийж байгаа. Энэхүү реалити шоу болохоор Монголын бүр ард түмэнтэй нийлээд уран бүтээлчдийн багыг бүрдүүлэн кино хийх зорилготой юм. Үүнтэйгээ уялдуулан уран сайхны шинэ кино хийх гэж байгаа.

Мөн энэ үеэр “Татар ажиллагаа” киноны гол дүрд тоглосон Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн сэтгэгдлийг сонслоо.

-“Татар ажиллагаа” кино Олон улсын кино наадмаас шагнал хүртлээ. Танд ОХУ-аас кинонд тоглох санал ирсэн үү?

-ОХУ-с киноны санал одоогоор ирээгүй. Гэхдээ ОХУ-ын зах зээл дээр манай кино гарна гэдэг бол маш том нэр хүндийн хэрэг. Монголын киноны хойшдын хөгжилд том алхам боллоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл ОХУ, Улаан-Үд, Иркутск, Читад манай кино амжилттай гарч байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй бүтээлтэй өрсөлдөн гуравдугаар байрт орно гэдэг бол том хэрэг юм. Маш том уран зориг хайрласан сайхан явдал боллоо.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Одоогоор саяхан нээлтээ хийн тайзнаа тоглогдож байгаа “Ану хатан” жүжиг сая нээлтээ хийгээд амжилттай тоглогдоод явж байна. Манай театр энэ жил тохиож байгаа үндэсний томоохон ойнуудад зориулан томоохон зохиолын уралдаан зарласан байгаа. Дараа дараагийн хийгдэх бүх жүжгүүд маань товлогдон бэлэн болчихсон байгаа. Үүн дээр ханцуй шамлан ажиллаж байна.

“Татар ажиллагаа” киноны гол дүрд тоглосон “Номин талст” хамтлагийн дуучин Батсүхтэй уулзлаа

-Таны дэлгэцийн анхны бүтээл ийнхүү амжилттай явж байгаа болохоор цаашид кино урлагт хүч үзэх төлөвлөгөө байгаа болов уу?

-Анхны уран бүтээл маань амжилттай болсон учраас урам зориг дүрэн байна. Дуучин хүний хувьд кинонд тоглох боломжийг олгосон хамт олондоо маш их баярлаж байна. Миний анхны тоглосон энэхүү кино маань техник, хийц  ур чадварын хувьд  Монголын орчин үеийн киноны түвшинг ахиулсан бүтээл болж чадсан гэдгийг энэхүү шагнал бэлхнээ харуулж өгч байгаа байх аа.

Зургийн цомог

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж