Цогт тайж киноны хальс Францад очжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Цогт тайж киноны хальс Францад очжээ

Буянт-Ухаа боомтоор 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Цогт тайж киноны эх хувь бүхий хальсыг хил гаргах гэж байгааг илрүүлсэн тухай хэвлэлээр мэдээлсний дагуу энэ асуудлыг тодруулахад Гаалийн ерөнхий газраас дараах тайдлбарыг ирүүлжээ.     Үүнд, “Буянт-Ухаа боомтоор 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Францын Элчин сайдын яамнаас хилээр гаргах 4 богц бүхий 88 кг дипломат шуудан гэх ачаанд Цогт тайж киноны эх хувь бүхий хальс байсан тул Гадаад хэргийн яаманд мэдэгдсэний дагуу Буянт-ухаа дахь гаалийн газарт саатуулсан болно.
Зуучлагч байгууллага нь киноны хальсыг Франц улсад сэргээн засварлахаар явуулж байгаа гэж тайлбарласан.   

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хилийн чанадад сэргээн засварлахаар явуулж байгаа энэхүү үнэт бүтээл болох кино хальсыг хилээр гаргахдаа Гаалийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан барааг хилийн чанадад боловсруулах горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийлгэх , хугацаанд нь буцаан оруулах, гаалийн байгууллага тухайн барааг хилээр буцаан оруулж байгаа эсэхэд нь хяналт тавих үүрэгтэй.

БСШУЯ гаалийн хилээр гаргах бичиг баримтаа бүрдүүлэн гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэн, хилийн чанадад сэргээн засварлуулахаар түр хугацаагаар гаргасан” гэх тайлбар өгсөн байна. Гэхдээ Монголын кино урлагийн түүхийн хосгүй бүтээл араасаа асуудал дагуулан байж хил гарч байгаа талаар бид эргэн тодруулах болно. Ямар боловч Гаалийн ерөнхий газар энэ бүтээл эргэн ирэх эсэх болон бүрэн бүтэн буцаж ирж байгаа эсэхэд хяналт тавих юм байна гэсэн ойлголт одоогоор аваад байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж