Кембрижийнхэн Монголд сайн үнэлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Кембрижийнхэн Монголд сайн үнэлгээ өгчээ

Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн мэргэжлийн баг Монгол Улсад долоо хоног ажиллажээ. Тэд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсад бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрт суурилан шинэчлэх, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай монгол, англи хэл хос хэл дээр хичээллэх сургалтын системийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм. Хуралд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн багийн ахлагч ноён Андрей Сортвелл, хатагтай Кристина Римини болон МУИС-ийн  проректор С.Төмөр-Очир, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, холбогдох судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Кембрижийн их сургуулийн олон улсын сургалтын багийнхан Монголд ажиллах хугацаандаа бага, дунд боловсролын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх урт болон дунд, богино хугацааны төлөвлөлт, ажлын зураглал, төлөвлөгөөг эцэслэн боловсруулах судалгааны ажлыг БСШУЯ, Боловсролын хүрээлэн, МУИС, МУБИС, Боловсролын үнэлгээний төв болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран амжилттай боловсруулж дуусгасан тухайгаа дуулгасан юм. Энэхүү ажлын хүрээнд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг давтан бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх, сурах бичгийг шинэчлэх, багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, монгол англи хос хэл дээр хичээллэдэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг үе шаттайгаар байгуулах чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн мэргэжлийн багийнхан монгол, англи хос хэл дээр хичээллэдэг төрийн өмчийн анхын лаборатори сургууль болох “Шинэ эрин” сургуулийн сургалттай танилцжээ. Тэд “Шинэ эрин” сургуулийн багш, сурагчдын идэвхи зүтгэл, хэлний чадварыг өндрөөр үнэлсэн байна. Эхний ээлжинд “Шинэ эрин” сургуультай адил монгол, англи хос хэл дээр хичээлээ заадаг төрийн өмчийн сургуулийг аймгийн төв бүрт 1, Улаанбатар хотод 9, нийт 30 сургууль байгуулахаар төлөвлөжээ. Цаашлаад 2018 оны хичээлийн жил гэхэд Кембрижийн сургуулийн системийг Монгол Улсад нэвтрүүлж дуусгахаар тооцоолж байгаа аж. Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төв нь  150 гаруй жилийн түүхтэй, ашгийн бус байгууллага юм. Тэд боловсролын системийг сайжруулах бүхий л арга замыг судалж ирсний хувьд суралцагчийн сургуульд олж авсан мэдлэг боловсрол түүний амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг чухалчилдаг аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж