
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх нь одоохондоо тодорхойгүй байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлсэнчлэн нэгж хувьцааны үнэ 1000-3000 төгрөг байх эсэхийг ч эцэслэн тогтоогоогүй байна. Энэ бол таамаг, урьдчилсан тооцоолол төдий аж. Нэрлэсэн үнийг хөрөнгө оруулагч банкуудтай ярилцсаны үндсэн дээр тогтоох юм байна. Хувьцааны нэрлэсэн үнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах үнэлгээтэй дүйцэхүйц байх ёстой. Ийм байлгахын тулд дэд бүтэц нь сайн, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх хэрэгтэй юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа эдийн засаг, хууль эрх зүй, тэр ч бүү хэл улс төрийн хүрээнд тогтвортой байх ёстой хэмээн “Голдман Сакс” банкны Азийн бүсийн эрдэс баялгийн захирал Пол Грейвс бага хурлын үеэр хэлсэн. Ерөнхийдөө томоохон хөрөнгө оруулагч компаниуд элдэв асуудалгүй, ашигтай үйл ажиллагаа явуулдаг, төр засгаас тухайн компанитай холбоотой зөв бодлого гаргасан компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой байдаг гэдгийг тэрбээр онцоллоо.
“Хувьцааг чухам аль хөрөнгийн бирж дээр гаргах вэ” хэмээх асуултад “Монгол, Хонконг, Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаална” хэмээх хариултыг өгсөн. Эдгээрээс өөр Хөрөнгийн биржийн нэрийг дурьдсангүй. Хонконгийн Хөрөнгийн бирж байршлын хувьд тааламжтай гэнэ. Харин Лондоны Хөрөнгийн биржид уул уурхайн компанийн хувьцаа авдаг хүмүүс голчлон ханддаг юм байна. Түүнчлэн тус биржүүдээс хувьцааг гаргахад тусгай хөнгөлөлт үзүүлнэ хэмээх амлалтыг ч өгчээ. Тодруулбал, Лондоны Хөрөнгийн бирж “Топ-100” компанийн жагсаалтад оруулна хэмээжээ. Ингэснээр дэлхийн аль ч улсад хувьцааг нь идэвхитэй худалдаж авдаг гэнэ. Тэгэхээр эдгээр Хөрөнгийн биржийн чухам алин дээр нь хамгийн түрүүнд хувьцаа гаргах вэ, аль эсвэл бүгдэнд нь зэрэг гаргах уу гэсэн асуултад хариулт өгөх үлджээ. Гурван хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэж бодоход хүлээх хариуцлага нь ч өндөр байх аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин