Ойн бодлого боловсруулах багийнхан зүүн бүст ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Ойн бодлого боловсруулах багийнхан зүүн бүст ажиллав

Монгол
орны ойн сан 1,3 тэрбум шоо метр бөгөөд 76-78 хувийг нас гүйцсэн буюу
хөгширсөн мод эзэлж байгаа, жилийн дундаж өсөлт 10 сая шоо метр,
өнөөгийн байдлаар огтолж байгаа модны нийт хэмжээ 1 сая шоо метрээр
хэмжигддэг гэсэн судлаачдын тооцоо байна.

Ойг ашиглах үед л эзэн
гарч ирдэг болохоос нөхөн сэргээх, түймэр, хортон шавжнаас хамгаалах
болохоор эзэн ховор болчихдогийг хэн хүнгүй бид мэдэх билээ. Зөвхөн
шатсан модыг үнэлж тооцоход жил тутам 26-29 тэрбум төгрөгийн хохирол
учирдаг байна.

Иймд ойн бодлогын бичиг баримтыг шинээр боловсруулах асуудал нь туйлын тулгамдсан асуудал болоод байна.

Манай
улсын онцлогт тохирсон ойн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын
хүрээнд ойн бодлого боловсруулах судалгааны багийн удирдагч, эрдэмтэн
Ч.Доржсүрэн, Д.Энхсайхан нарын ахалсан эрдэмтэн, судлаач, мэргэжилтний
багийхан гурав хуваагдан Зүүн бүсийн аймаг (Хэнтий, Дорнод аймаг),
Төвийн бүсийн аймаг (Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Дархан уул аймаг),
Баруун бүсийн аймаг (Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Архангай аймаг)-ийн ой
бүхий сумдын  нутагт  2011 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 1-нийг 
хүртэлхи хугацаанд ажиллаад ирсэн байна.

Монгол улсын ойн
бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн
байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа
ажээ. 2010 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас
мэдээлж байгаагаар дэлхийн 143 улс, орон ойн бодлогын баримт бичигтэй
болсон бөгөөд үүнээс 50 орчим хувь нь боловсруулагдаад 10 орчим жилийн
нүүр үзэж байгаа ажээ. Жил бүр дунджаар 10 орчим улс үндэсний ойн
бодлогыг боловсруулан гаргаж байна.

Ойн бодлого боловсруулах
судалгааны багийнхан 2011 оны 3-р сарын 10-аас 4-р сарын 01-ний хооронд
Дорнод аймгийн ой бүхий сум, Төв аймгийн Мөнгөнморьт,  Хэнтий аймагт
ажиллаад иржээ. Эдгээр аймагт ажиллах хугацаандаа БОАЖГ-ын ажилтнууд
болон ой модтой харьцдаг сум дундын ойн анги, Байгаль хамгаалах
нөхөрлөл, байгаль хамгаалагч, хувь аж ахуй нэгж зэрэг 37 байгууллагын
нийт 241 хүнийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллан, санал
асуулгын цуглааныг тухайн аймаг, сумдын ойн мэргэжилтэнгүүдтэй хамтран
явуулсан байна.

Ой бүхий аймгуудыг сумдаар задлаж харуулбал
Дорнод аймгийн Баян-Уул суманд  28, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 45
хүн,  Хэнтий аймгийн Дадал суманд 62, Батширээт суманд 17, Биндэр суманд
23, Хэрлэн суманд 20, Өмнө-Дэлгэрт 46 хүн тус тус оролцжээ.

Оролцож
буй бүх хүмүүсээс бэлтгэсэн санал асуулгын хуудсын дагуу саналыг
авсанаас гадна ойн нөхөн сэргээлт, хууль бус мод бэлтгэл, ойн ашиглалтын
асуудлаар судалгаа явуулсан байна.

Ойн бодлого боловсруулах судалгааны багийн удирдагч, эрдэмтэн Ч.Доржсүрэн
Дорнод аймгийн Баян-Уул суманд Сум дундын Ойн ангийн хамт олонтой

Хэнтийн Дадал суманд

Зүүн бүсийн судалгааны багийн ахлагч Ч.Дугаржав Хэнтийн Өндөрхаан суманд

Хэнтийн Өмнөдэлгэр суманд

Ойн
бодлого боловсруулахад та бүхэн ямар тулгамдсан асуудал оруулах
саналтай байна вэ? гэсэн ерөнхий асуудлын хүрээнд дараах
чиглэлийн 1. Байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл. 2. Ажил
гүйцэтгэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ? 3. Бэрхшээлийг арилгахын тулд
ямар арга хэмжээ авах шаардлагтай гэж үзэж байна? 4. Ойн мэргэжлийн
боловсон хүчний хангамж, чадвар ямар түвшинд  байна вэ? 5. Ойн
нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаар ямар саналтай байна? 6. Орон
нутгийн удирдлага ойн ямар асуудлыг шийдвэрлэж байх нь зохистой вэ?
7. Ойн анги болон ойн аж ахуйн үйл ажиллагаа ямар түвшинд байна? 8.
Танай орон нутагт ойн сурталчилгааны ажил ямар  байна? 9.  Монгол орны
ойд үндсэн ашиглалтын огтлолтыг хориглох талаар ямар саналтай байна? 
10.  Ойн салбарын бодлогод ямар асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж
байна? 11.  Бусад гэсэн асуудлаар  асуулт тавьж оролцооны аргаар
судалгаа авчээ.

 Ойн нөхөн сэргээлтийн ажилд ямар бэрхшээл
тохиолдож байгаа болон одоогийн байдлын талаар оролцогсод “Орон нутгийн
байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал, хөрөнгө мөнгө бага, хөрөнгө
оруулалт, зарцуулалт ил тод байдаггүй, ойн мэргэжлийн байгууллагын
техник тоног төхөөрөмж муу, ойн нөхөн сэргээлт хийж байгаа ч үр дүн
муутай юм хийдэг, төслийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ гэж мөнгө авсан
ч нөхөн сэргээлтээ хангалттай хийдэггүй, нөхөн сэргээлт нэрээр мөнгө
завшдаг, одоогийн ой нөхөн сэргээлтийн хувь доогуур байдаг, ойг сэргээх
талаар иргэдийн санал сонсдоггүйгээс орон нутгийн захиргаа иргэд нийлж
чаддаггүй, ойг нөхөн сэргээх талаар иргэдийн оролцоо муу, ойг нөхөн
сэргээхэд иргэд нөхөрлөлийг татан оролцуулдаггүй, стандартад нийцсэн
тарьц суулгац байхгүй, тарих тарьцны стандарт байдаггүй, үрийн нөөц маш
муу, орон нутгийн удирдлага мэргэжлийн байгууллага иргэдийн хамтын
ажиллагаа муу” гэх зэргээр нийтлэг хариулт өгсөн ба эдгээр саналыг
бүлэглэж үзвэл 1. Зүүн Хэнтий, Эрээний нурууны байгаль цаг уурын нөхцөл,
хүнд,  2. Ойн нөхөн сэргээлтэд өгдөг хөрөнгө мөнгө бага, 3. Ойжуулалтын
техник байхгүй, тоног төхөөрөмж  муу, ойжуулалтын технологийн горимыг
сахидаггүй, 4. Малын бэлчээрийг ойжуулсан газраас  чөлөөлөх, зааглах,
5. Ойг нөхөн сэргээх өөриймсөг сэтгэл байхгүй, 6. Орон нутгийн удирдлага
ойн мэргэжлийн байгууллагын уялдаа холбоо муу, саналыг нь сонсдоггүй.
7. Ойн мэргэжлийн боловсон хүчний хангамж муу, тэдгээрийн чадавхи сул
гэсэн бөгөөд эдгээр бэрхшээлээс гарах арга замын талаар бүлэглэн үзвэл
ойжуулалтын ажлыг хүлээн авах хууль эрхийн актыг өөрчлөх, ойн үрийн аж
ахуй, ойг нөхөн сэргээхэд Монгол улсын дотор бүсчилсэн бодлого явуулах,
ойтой холбоотой бусад хуулинд өөрчлөлт оруулах, мэргэжлийн боловсон
хүчнийг чадавхижуулах, ойн мэргэжлийн багийг орон нутагт байгуулах зэрэг
саналууд гарчээ. 

Цаашид авах арга хэмжээний талаар “Ойн
нөөцийг зүй зохистой, бодлоготой ашиглуулах, ойн орлогын хойноос бага
хөөцөлдүүлэх, ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлт
хийсний дараа үнэлэлт өгөх болон хариуцлага тооцдог механизм бий болгох,
сумдад хортон устгах, нөхөн сэргээх, судалгаа хийх нэг баг бий болгож
төрөөс дэмжих, тарьц суулгац, хүлэмж барих газрыг үнэ төлбөргүй олгох,
улсын хэмжээнд “Эх орны хишгээс” иргэн бүр ойжуулах ажилд мөнгө
хандивлах, хортон шавьжинд идэгдсэн түймэрт шатсан ойг дээд зэргээр
цэвэрлэн оронд нь нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийх, ойн байгуулагын
ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад дотоодод мэргэжил
дээшлүүлэх, туршлага судлуулах, ажлын уялдаа холбоо тогтоох ажлыг зохион
байгуулалтанд оруулах, орон нутагт ойн боловсон хүчний чадавхийг
дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчний хувьд сумдын засаг даргын тамгын
газрын хэвтээ тогтолцоог арилгаж, мэргэжлийн хяналтын газар, БОАЖ газарт
шилжүүлэх босоо тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авах, энэ талаар
хуулийн төслийг өргөн барих, БО-ны Улсын байцаагч нарын эрх мэдлийг
талаар нэмэх, үндсэн ашиглалтын огтлолтыг бүрмөсөн зогсоох,
үйлдвэрлэлийн зориулалтаар мод ашиглахыг хориглох, ойг аймаг сумын
төвөөс биш ой эзэмшигчид өөрсдөө хамгаалдаг орчин бүрдүүлэх, ойн
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдэд улсаас тодорхой
хэмжээний мөнгөн тусламж, урамшуулал үзүүлэх гэсэн саналууд гарсан
байна.

Хууль бус мод бэлтгэлийн талаар асуулга явуулж шалтгааныг нь багцлан үзвэл

-амьдралын түвшин доогуур,-хууль дүрмийн мэдлэг муу,
-бизнесийн зорилгоор,                         
-бэлэнчилэх
сэтгэлгээ их гэсэн бөгөөд шалтгааныг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултанд
ард түмний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, модноос өөр аргаар амьдрах арга
зааж сургах, иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэх, хуулийг сурталчлах
гэсэн саналууд илүү давамгай гарчээ.

Ойн ашиглалтын талаар
ялангуяа модны зөвшөөрлийг олгоход туйлширдаг, орон нутгийн удирдлага
мэдлэггүйгээс оновчтой хэрэглээнд чөдөр болж ойг зөв ашиглуулдаггүй, 
талбай тусгаарласан газар нь хол байдгаас цас орсон үед модондоо хүрч
чаддаггүй, орон нутгийн онцлог байдалтай гаргасан хууль дүрэм нь
зөрчилддөг, засаг захиргааны цагаа олоогүй тогтоол шийдвэрүүд,
ашиглалттай холбогдож гарсан хууль эрх зүйн баримт дор хаяж 3 сарын
дараа ирдэг, холбогдох стандарт тохирдоггүй, зөвхөн бизнесийн зорилгоор
ашиглах сонирхолтой зэрэг саналууд голлон гарсан байна.

Ийнхүү
ойн бодлогод тулгамдсан ямар асуудал байгааг хамтын оролцооны аргаар
илрүүлэн судлаж ойн нөхөрлөл, ой модтой харьцдаг сум дундын ойн анги,
байгаль хамгаалах нөхөрлөл, байгаль хамгаалагч, хувь хүн, аж ахуй нэгж,
ойн байгууллагын оролцоотойгоор оролцогч бүх талуудаас өргөн хүрээтэй
санал авч байгаа нь ойн бодлогыг шинээр боловсруулах ажлын онцлог болж
байна.
                                                              

“Ногоон ертөнц  байгаль орчин” ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж