Айлчлалын дүнг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Айлчлалын дүнг танилцууллаа

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал амжилттай болсныг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцааг стратегийн түншлэлийн төвшинд шилжүүлэх зарчмын тохиролцоонд хүрэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон хэллээ. Хоёр орны харилцааг шинэ жаранд шинэ утга агуулгаар баяжуулах нь чухал байгааг хоёр тал ярилцжээ. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, Хятадын талаас томоохон төсөл хэрэгжүүлэх, нэгээс хоёр төслийг үлгэр жишээ маягаар хэрэгжүүлж болох талаар айлчлалын үеэр хоёр тал ярилцжээ. Одоогоор төслүүдийг хараахан нэрлээгүй бөгөөд оновчтой төслийг хамтран ярилцаж шийдэх юм байна.
Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. ОХУ-тай хоёр жилийн өмнөөс стратегийн түншлэлийн харилцаанд шилжжээ. Хөршүүдтэйгээ ижил тэнцвэртэй нөхцөлөөр харилцах үүднээс БНХАУ-тай ч стратегийн түншлэлийн төвшинд харилцах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэхдээ улс бүртэй ижил нөхцөлөөр бус аль боломжтой салбарт түлхүү хамтран ажиллах чиглэл барьдаг аж. Манай талаас хөдөө аж ахуй, байгаль, экологийн салбарт хамтран ажиллах саналыг нэмж тавьжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж