
Германы Франкфурт хотоос ирсэн нэгэн бүсгүй хэлэхдээ “Би ханхүүгийн хуримын ёслол болно гэсэн мэдээг сонсуутаа нислэгийн тийз захиалсан” гэв. Ингэхээр энэ хурим зөвхөн Их Британи төдийгүй бусад олон улсад сүр дуулиан тарьсан хэрэг болж байгаа нь илт юм. Хүмүүс сүмийн гадна үндэснийхээ далбааны оруулга бүхий хувцсаар гангарч, зарим нэг нь бүр хуримын даашинз хүртэл өмссөн харагдана.
1066 онд булаан эзлэгч нэрээрээ түүхэнд бичигдсэн Уильямын хаан ширээгээ өвлөн авсан түүхэн газар болох Уэстминстрийн сүмд уригдсан зочдын дотроос хөл бөмбгийн шилдэг тоглогч Дэвид Бэкхем эхнэр Викториягийн хамт хүрэлцэн ирсэн байна.
Уригдсан 2000 гаруй зочдын дотор хунтайжийг цэргийн бэлтгэл хийж байх үеэс нь мэддэг 50 орчим төрийн тэргүүд, дайны ахмад зүтгэлтнүүд байх ажээ.
Баасан гаригийн өглөө Букингэмийн ордноос Их Британийн хатан хаан, ханхүүгийн эмэг эх Элизабет Уильямыг Кэмбрижийн гүн, Мидлтоныг Гүнгийн эхнэрээр хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг хуримын үеэр хийх тухай мэдээлжээ.
Ордны ажилтнууд хуримын үйл ажиллагаа, хөгжим, цэцэгс, Уильямыг Ирландын батлан хамгаалахын хурандаагийн улаан өнгийн дүрэмт хувцсыг өмсөх зэрэг бүхий л зүйлсийг мэдэгдсэн ч Мидлтоны хуримын даашинзны тухай нууцалсаар байсан юм. Харин сүйт бүсгүй Кэит өөрийн аав Майклын хамт машинаас бууж ирэхэд удаан хүлээсэн хуримын даашинзны нууц задарлаа. Кэтериний даашинзыг Alexander McQueen брэндийн гайхалтай авьяаслаг загвар зохион бүтээгч Сара Буртон урласан байна.
- Хатагтай Мидлтон Британийн Alexander McQueen брэндийг сонгосон байна. Хуримын даашинзанд уламжлалт хэв маяг, чамин тансаг хэв загварын урыг шингээсэн ажээ.
- Улмаар Мидлтон хурсан олон руу мэндчилж, гараа далласаар аавынхаа хамт сүм рүү аажуухан алхан орлоо.
- Уильям ээжийгээ буюу Дианаг амьд хэвээр нь дурсахын тулд өөрийн сүйт бүсгүйд ээжийнхээ зүүж байсан индранил шигтгээтэй бөгжийг сүйн бөгж болгон барьсан билээ.
- Хуримын ёслолыг YouTube сайтаар шууд дамжуулав.
- Хуримын бөгжийг Уэльсийн алтаар хийсэн бөгөөд хунтайж, сүйт бүсгүй хоёр Уэльстэй салшгүй холбоотой гэсэн бэлгэдлийг агуулж урласан байна.
- Хуримын ёслолын дараа хосууд сүмийг задгай бүхээггүй сүйх тэргэнд сууж, Букингэмийн ордныг зорих юм. Букингэмийн ордонд цөөн тооны буюу 300 орчим зочид цугласан хуримын дараах хүлээн авалтыг хийх аж.
- Их Британийн гудамжуудаар 5,500 гаруй хуримын үдэшлэг зохион байгуулагдахын ихэнх нь Английн өмнөд хэсгээр зохиогдох юм байна.
- Нийт 8000 гаруй сурвалжлагч сэтгүүлчид сүмийн гадна цуглаж, хуримын ёслолын талаарх олны сэтгэгдлийг бичиж авахаар цугларчээ.